sonin.mn
“Зууны мэдээ” сонин “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран гадаадад гацсан иргэдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа гэр бүлийнхэн нь АНУ-д гацсан, “Гадаад дахь Монголчуудын зөвлөл”-ийн гишүүн  П.Даваадоржтой ярилцлаа.
 
-Сахарын өвчтэй ээж тань АНУ-д эмчлүүлэх боломжгүй гацаад байгаа юм байна. Ээжийн тань биеийн байдал ямар байгаа вэ?
 
-Миний гурав, зургаан настай хоёр хүүхэд, эхнэр, эрүүл мэндийн зохих шалтгаантай, 60 настай ээж маань хоёрдугаар сард хил хааснаас хойш АНУ-ын Чикаго хотод гацсан. Ээжийн биеийн байдал муу байна. Олон жилийн сахарын өвчтэй, хөл нь өвддөг. Бөөрний эмгэгтэй учир байнга эмчлүүлэх ёстой. Гэтэл эмчилгээ нь таг зогсчихсон. Монголоос каргогоор эм явуулах гэсэн чинь явуулж болдоггүй юм байна. Чикаго хотдоо үзүүлье гэхээр гадаадын иргэнийг эмчлэх нь байтугай өөрийн орны иргэдээ эмчилж чадахгүй ачаалал ихтэй байгаа. Чикагод элчин байхгүй, консулын төлөөлөгч байдаг. Төлөөлөгчийн газрын гадаа наадмын үеэр  ахмад настай хүмүүс 4-5 өдөр жагссан. Жагсагчид дунд  75 настай хүнээс гадна зүрхний хагалгаанд ороод буцаж чадахгүй болсон хүн хүртэл байсан. Тэгэхээр одоо бид хаана хандах учраа олохгүй байна. АНУ дотоодын эдийн засаг нь уначихсан. Ажил олдохгүй, бүтээгдэхүүний үнэ нь нэмэгдчихсэн. Өдөр ирэх тусам эрсдэл нэмэгдээд байхад тэнд байгаа иргэдээ татан авах ажиллагааг яагаад идэвхжүүлэхгүй байгааг ойлгохгүй байна.
 
-Та гэр бүлийнхэн­тэйгээ АНУ-руу өнгөрсөн жил явсан гэсэн үү?
 
-Бид өнгөрсөн жилийн есдүгээр сард Чикаго хот руу жижиг аж ахуй эрхлэхээр явсан юм. Гэвч цар тахлын улмаас үйл ажиллагаа нь бараг зогссон. Би өөрөө Филиппинээс Москвагаар дайраад Улаан-Үүдээр дамжаад Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 16-нд  орж ирсэн.
 
Гэрийнхэн маань эх орондоо ирж чадахгүй, би АНУ-руу явж чадахгүй гацчихлаа. Эцэг хүний хувьд нялх хоёр хүүхэд, эхнэр, хүүгийн хувьд хүнд өвчтэй ээж маань хүний газар гацсан байгаад маш их шаналж байна. Манай гэр бүл гэлтгүй гадаадад байгаа олон мянган хүний нөхцөл байдал өдөр ирэх тусам муудаж байна. Чикаго хот ямар их өндөр өртөгтэй газар гэдгийг бид мэднэ. 
 
Байрны түрээсийн мөнгө, хоол хүнс худалдан авах чадварын хувьд хэцүү байдалтай байна. Өдөр ирэх тусам гэр бүлийнхэн минь сульдаж туйлдаж байна. Яг над шиг ийм зовлонтой Монгол хүн дэлхийн өнцөг булан бүрт бий. Эх орондоо буцах эрхийг ямар ч үед хязгаарлаж болохгүй. Үүнийг Засгийн газар, Улсын онцгой комисс хил хаах шийдвэр төдийхнөөр зөрчиж болохгүй. 
 
-Манай улс АНУ-аас иргэдээ татаж авч байгаа. Таны эхнэр, хүүхэд, ээж тань таван шаардлагад нийцээгүй гэж үү?
 
- УОК-ын шийдвэртэй танилцаад халдвар дэгдснээс эхлээд хүсэлтээ өгсөн. Нэн шаардлагатай гэсэн бүлэг үүсгээд хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эрүүл мэндийн шалтгаантай гэсэн таван шалгуурыг гаргаж ирсэн. Энэ таван шаардлагын дагуу материалыг нь бүрдүүлээд гуравдугаар сараас хүсэлтээ гаргаж эхэлсэн. Тэр шалгуурт миний өвчтэй ээж багтаагүй. Яг ийм өвчтэй мянга мянган хүн байгаа. Зарим нь тусгай үүргийн онгоцоо хүлээгээд, зарим нь онгоцондоо нас барлаа. Анх АНУ-ын Элчин сайдын яамандаа өргөдөл өгнө гэж нэг яриад, Монголдоо УОК-т өргөдлөө өгнө гэж нэг яриад байсан. Ийм ойлгомжгүй байдлаас үүдээд хугацаа алдсан. Эхнэр маань анх имэйлээр дөрөвдүгээр сарын эхээр явуулж байсан өргөдлийг нь АНУ-аас ирэх иргэдийн жагсаалт тавдугаар сарын 07-нд гаргаснаар бүртгэчихсэн байсан. Би Дархан-Уул аймагт 14 хоног, Улаанбаатарт ирээд Чингэлтэй дүүрэг дэх гэртээ 14 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтаас гараад дөрөвдүгээр сарын 16-нд УОК-т өгсөн өргөдөл маань алга болоод зургадугаар сарын 2-нд дахин шинэчилж өгсөн. Төрийн байгууллага ингэж хариуцлагагүй ажиллаж болох уу. Жагсаалтаа хэрхэн гаргаад ямар хүн багтдаг нь тодорхой бус. Ирж байгаа хүмүүсийг харахаар дарга, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд ирээд байгаа юм. Жишээлбэл, шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо гуравдугаар сарын 15-16-ны Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Энэ чинь дээрх таван шаардлагын алинд нь ч нийцэхгүй нь тодорхой. Өөр хүнд өвчтэй нэн шаардлагатай иргэний боломжийг хааж ирсэн гэж би үзэж байна. Тиймээс үүний дагуу АТГ-т гомдол гаргасан. Зөвөөр шийдэгдэнэ гэж найдаж сууна.
 
-Цар тахал дэгдсэн үед иргэдээ татаж авч чадахгүй байгаа нь хүний эрх зөрчсөн хэрэг гэж үзээд эрхийг нь хамгаалахын тулд “Гадаадад гацсан Монголчуудын зөвлөл”-ийг байгуулсан. Зөвлөл ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
 
-Гадаадад орхигдсон иргэдийн зарим нь консулынхаа гадаа цаасан хайрцаг дэвсээд, нялх хүүхдээ элгэндээ тэврээд унтаж байна. Хаашаа явахаа мэдэхгүй, очих газаргүй, хоолны мөнгөгүй болоод яах учраа олохгүй байгаа олон мянган Монгол иргэн байна. Энэ  бол Монгол Улс иргэнийхээ эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Гэтэл нөөц бололцоогоо нэмээд тэдгээр хүмүүсийг яаж авчрах вэ гэж бодлого, боломж ярихын оронд УОК  зовлонгоо тоочоод байгаа нь маш том асуудал. Хүний эрх шалан дээр гишгэгдээд зургаан сар боллоо. Монгол шиг ийм орон хаана ч байхгүй. Энэ хүрээнд Ерөнхий сайд, УОК, удирдах газрууд руу албан ёсоор хандсан. Ямар ч хариу өгөөгүй. Тиймээс бид “Гадаадад гацсан Монголчуудын зөвлөл”-ийг байгуулсан. Тэгээд төр засгаа шүүмжлэхээ больёоо. Үүний оронд бид яаж туслах талаараа бодъё гэж шийдсэн. Нэгдүгээрт зочид буудал, амралт сувилал, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх бүрэн боломж манай улсад бий гэж харж байна. Цар тахлын улмаас хямралд орж, үйл ажиллагаа нь зогсох шахаж байгаа зочид буудал олон бий.Тодруулбал, зөвхөн Улаанбаатарт 100 ба түүнээс дээш ортой 29 буудал байна. Энэ нөөцөө ашиглавал 6000 гаруй иргэнээ татаж авчрах боломжтой. Хөдөө орон нутагт байршуулвал дээрх тоо нэмэгдэнэ. Тусгаарлах байрны  төлбөрийн тухайд үнийг нь уян хатан болгоод бага зэрэг өндөр өртгөөр тусгаарлалтад орох боломжтой иргэдийг авах хэрэгтэй. Өндөр өртөгтэй Япон, Солонгост байгаа  иргэдийн хувьд эх орондоо ирээд 70-80 мянгаар тусгаарлагдах нь хямд тусна. Өдөр ирэх тусам туйлдаж байгаа хүмүүсийг аль болох хурдан эх оронд нь авчрахыг бодох хэрэгтэй. Гэтэл нөөц бололцоо, санхүү хүрэлцэхгүй гээд аргацааж байгаа нь тусгаар тогтносон улсын хувьд өрөвдөлтэй байна. Яг энэ үед улсын төсвөөс 10 гаруй суманд Соёлын төв барьж байгаа. Соёлын төв хүний аминаас чухал гэж үү. 
 
-Манай улс тусгаарлалтын хугацаагаа багасвал олон иргэн татаж авах боломжтой гэж та бүхэн үзэж байгаа юм байна. Гэхдээ ЭМЯ халдвар гурав, дөрвөн удаагийн шинжилгээгээр илэрч байна гэж яриад байгаа?
 
-Тусгаарлах байранд 21, үүн дээрээ нэмээд гэртээ 14 хоног тусгаарлагдана. “Гадаадад гацсан Монголчуудын зөвлөл”-ийн бүрэлдэхүүн судлаад үзэхэд  35 хоног тусгаарладаг орон манайхаас өөр хаана ч байхгүй. Их Британи долоо хоног тусгаарладаг байснаа саяхан 10 болгосон.
 
 
 
Энэтхэг долоо хоног тусгаарладаг. Өдөр бүрийн мэдээллийн цагаараа коронавирус  гурав, дөрөв дэх шинжилгээгээр  18,19 дэх хоногтоо илэрч байна гэж мэдээлдэг. Энэ нь 21 хоногийн тусгаарлалтаа үндэслэлтэй гэж харуулах зорилготой. Гэтэл үнэн хэрэгтээ анх ирэхэд нь шинжилгээ аваад хоёр дахь шинжилгээг нь 18,19 дэх хоногт нь авахад болно. Эхний 14 хоногт гурав, дөрвөн удаа шинжилгээ авдаг байя. 
 
 
 
Ингэснээр тусгаарлах байрны эргэлт сайжирч олон хүн хүлээн авах боломжтой болно. Оношлогоо хийдэг лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлье. Дан ганц Улаанбаатарт биш бусад аймгуудад шинжилгээ авч оношилдог больё гэсэн хүсэлтийг бид гаргасан. Мөн МИАТ-ын онгоцон дээр нэмэлтээр “Hunnu Airlines”-ийн онгоцийг нисгэе гэсэн санал тавьсан. Гэтэл  ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг МҮОНРТ-д ярилцлага өгөх  үеэрээ “Бид МИАТ-ыг нэг удаа нисгэвэл 270 хүн ирнэ. Харин “Hunnu Airlines” 90 хүн авчирна” гэсэн. Бид МИАТ-ын оронд биш нэмэлтээр Хүннүг нисгэеээ л гэсэн шүү дээ. Үндэсний аюулгүй байдал маш чухал гэдгийг бид ойлгож байна. Дотооддоо тархвал аюултай. Олон хүн гадаадаас авчрах нь дотооддоо алдах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж яриад байна. Энэ нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж буй нь нэг талаараа үнэн. Тэглээ гээд дайны талбарт шархадсан хүмүүсээ орхиод сүүлээ хавчаад зугтах мэт аашилж болохгүй. Тэд амьдрал хөөж явсан болохоос аз жаргал хөөж яваагүй ээ. Халдварын тархалт өндөр байгаа оронд нэг сар, нэг өдөр, нэг цаг ч байх нь эрсдэл өндөртэй. Иймээс МҮХАҮТ гэсэн байгууллагатай хамтарч ажиллаж иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө ажиллах хүсэлтэй байна.
 
-Гадаадаас ирсэн иргэд тусгаарлагдах байранд хэд хэдэн зөрчил гаргасан талаар УОК мэдээлсэн. Таны тусгаарлах байрны нөхцөл ямар байв?
 
- ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлалтад байгаа хүн гуяны махаар шөл ууя гэсэн. Гудсан дээр нь хүүхдээ шээлгэчихээд гарлаа” гэсэн мэдээлэл өгсөн. Энэ нь дотоодод байгаа монголчууд, гадаадаас ирсэн монголчууд гэж ялгаварлан үзэж байгаан илрэл юм.  Таван сарын хугацаанд авчирсан 14 мянган хүн дотор ганц, нэг ёс бус авирлах хүн байх нь тодорхой. Ганц, хоёр хүн ёс бусаар авирласны төлөө нийтэд бурууг тохож ярих нь Монгол Улсын хурандаа хүний хувьд үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Гадаадад байгаа хүн баяндаа жаргал хөөцөлдөөд зугаалаад явчихсан. Ирээд хоол ундыг нь голдог гэсэн сөрөг мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь зохисгүй. Гадаадад байгаа иргэд өнгөрсөн жилийн Монголын ДНБ-ий 5-6 хувийг бүрдүүлсэн. Гэр бүлдээ мөнгө шилжүүлнэ. Байрныхаа төлбөрийг төлнө, татвар төлнө. Гэр бүлийнх нь илгээсэн мөнгөөр нь бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Гэтэл Говь-Алтай аймгийн хүн амтай бараг тэнцэхүйц  14   мянга орчим иргэнээ гадаадад орхичихсон. Газрын зураг дээр Говь-Алтай аймаг байхгүй гээд төсөөлөөд үздээ. Гамшиг биз дээ. 
 
-Манай улс гадаадад хүнд байдалд орсон хүмүүстээ мөнгөн тусламж олгосон гэж мэдээлсэн. Энэ тусламж нэн шаардлагатай иргэддээ очиж чадаагүй гэж танай зөвлөл үзсэн. Яагаад?
 
-ГХЯ-наас мэдээлэл хийхдээ санхүүгийн нэн туслалцаа шаардлагатай байгаа иргэддээ тусламж өгсөн гэсэн. Манай зөвлөл улс оронд хуваарилсан мөнгийг нь шүүж үзэхэд Туркийн Истанбулд гацчихсан иргэдэд 40 мянган төгрөгтэй тэнцэхүйц туркийн мөнгөн дэвсгэрт өгсөн байсан. Энэ хэдэн өдрийн хоол юм бэ. Орой нэг аяга будаа идсэн гэж ярьж байгаа Монгол хүн олон байна. Нэг аяга будаа, нэг литр усаар хэр удаан амьдрах вэ.
 
 
 
Зуны улиралд гадаа хонодог юм байж. Өвөл нь яах юм бэ. Азийн хөгжлийн банк, АНУ, ОУВС-гаас олон сая  ам.долларын тусламж авсан. Энэ зээл тусламж, хандивын мөнгийг зөв зүйлд нь захиран зарцуулах боломж бидэнд бий. Гэтэл Хурд хамтлаг хандивын мөнгөнөөс 20 сая төгрөг авсан баримт байна. УОК, Хурд хамтлагч ичиж амьдрах хэрэгтэй.
 
 
 
-Та бүхэн талбай дээр мэдээллийн самбар байршуулъя гэтэл зөвшөөрөл олгоогүй гэсэн үү?
 
-Бидний дуу хоолой цахим орчинд хязгаарлагдаад байна. Эцсийн эцэст бид олон нийтийн сүлжээнд бус бодит ертөнцөд амьдардаг. Тиймээс олон нийтэд мэдээллээ хүргэхийн тулд долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 14-нийг дуустал гадаадад гацсан монголчуудад тохиолдоод байгаа гамшгийн хор уршгийг таниулахад иргэд, ААН-ийг уриалах зорилгоор 100 ширхэг өнгөт самбарыг байршуулах, 50-100 орчим иргэдийг хамарсан жагсаал зохион байгуулах хүсэлт гаргасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа “Хөл хорионы үед хориглоно” гэсэн. Өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог эсэргүүцээд жагсахгүй. Харин өөрсдийнхөө эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх гээд байгаа юм. Энэ гомдлын дагуу бид ирэх нэгдэхэд Захиргааны хэргийн шүүх хурлаар орно. 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин