sonin.mn
Монголын ард түмэн, дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол ахан дүүс Та бүхэндээ  Тулгар төрийн, Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын ойн баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Наадам бүхэн өөр өөрийн онцлогтой ч Монголчууд ямагт жил жилийн наадмаар их түүхээрээ бахархахын сацуу өнөөдрийн амьдралаа дүгнэж, мэргэн харваачдын сумны исгэрээн, хурдан хүлэг унасан хүүхдүүдийн цангинасан гийнгоо, хүчит бөхчүүдийн эрч хүч, эр зоригоос сайн сайхан ирээдүйгээ цогцлоон бүтээх сэтгэлийн хүчийг сэлбэн авдаг сайхан уламжлалтай билээ.
Энэ жил хур бороо элбэг, өвс ногоо тэгширсэн, хүн малын зоо тэнийсэн нартай хуртай дэлгэр сайхан зун болж байна. Байгаль дэлхий ийнхүү ивээсэн ч улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдал ард түмэнд маань хүндхэн тусч байгааг иргэд хэлж, ярьж байна. Тэд ийм байнгын хямралт байдлаас гарах зөв гарцыг эрж хайж байна.
 
Сүүлийн өдрүүдэд эрх баригчдын санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал нийгмийн нэлээд хэсгийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Хамгийн гол нь энэ өөрчлөлт Монгол хүн бүрт үр шимээ хүртээх, бидний цөөхөн Монголчууд гадагшаа дүрвэлгүй эх орондоо амар амгалан, санаа сэтгэл зовнилгүй амьдран суух өөрчлөлт болж чадах уу? Эсхүл сүр дуулиантай сурталчлаад байгаа энэхүү өөрчлөлт нь өнөөх л 30 гэр бүл, өнөөгийн эрхтэн дархтнуудын суудал дээрээ суух хугацааг уртасгасан, эрх дархыг нь нэмэгдүүлсэн, харин жирийн хүмүүсийн эрх ашгийг орхигдуулсан нэмэлт өөрчлөлт болох уу? хэмээн хүн бүр гайхан сууж байна гэвэл хэтрүүлсэн болохгүй бизээ.
 
Миний бие болон МАХН-ын гишүүд, дэмжигчид өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдлаас гарах хамгийн зөв гарц бол өнгөрсөн 27 жилийн турш  үйлчилсэн, түүхэн үүргээ гүйцэтгэсэн, өнөөгийн шинэ тутам буй болсон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй нь нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн гаж тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж, эрдэмтэн судлаачид, эрхзүйчид болон намын журмын нөхдийн хамтаар шинэ Дээд хуулийн төслийг боловсруулж өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монгол Улсаа нийт 2-3 удаа бүтэн тойрч, 21 аймаг, 150 гаруй сумын иргэдтэй уулзаж, Дээд хуулийн төслийг танилцуулж иргэдийнхээ санаа бодлыг сонсож ажиллалаа.
Үндсэн хуулийн эрхзүйн онолын дагуу боловсруулсан, өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын ард түмэнд тулгарсан улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудыг шийдвэрлэж, хямралт байдлыг арилгах зорилготой шинэ Дээд хууль нь дараах асуудлуудыг шинээр зохицуулж байгаа юм. Үүнд:
 
-“Монгол хүн төр засгийн хамгаалалтад байх”,
 
-“Байгалийн баялаг ард түмний дундын өмч байх”,
 
-Байгалийн баялагийн эх үүсвэрээс орж ирэх их хэмжээний орлогыг залуучуудынхаа боловсролыг дээшлүүлэхэд зориулах, үүний тулд тэдний улсын их, дээд сургуульд сурах зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг болох,
 
-Байгалийн баялагийн эх үүсвэрээс орж ирэх их хэмжээний орлогыг ард түмнийхээ эрүүл мэндийг сайжруулахад зориулах, үүний тулд улсын эмнэлгээр үйлчлүүлж, эмчлүүлсэн иргэдийнхээ эмчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцдаг болох,
 
-Төр засгаас залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл болон олон хүүхэдтэй гэр бүлд орон сууц үнэгүй олгодог болох,
 
-Ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээж байгаа хүн бүрт амьдралд нь хүрэлцэхүйц цалин олгохыг хуульчлан тогтоох,
 
-Ажилгүй хүмүүс ажлын байртай болтол дахин сургалтанд хамрагдах, энэ хугацаанд тэдэнд төр засгаас баталгаатай орлого олгодог байх зэрэг эдийн засаг, нийгмийн асуудлууд орсон юм. Эдгээр асуудлуудыг ийнхүү зөвөөр шийдвэрлэснээр Монгол Улсад ядуурлыг бүрмөсөн арилгаж чадна.
 
Шинэ Дээд хуулийн төсөлд нийгэм, эдийн засгийн дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тул хариуцлагатай төр засгийг эмхлэн байгуулах зохицуулалтыг суулгасан. Үүнд:
 
-Шударга, албан тушаалтнуудаас хараат бус шүүхийг бүрдүүлэхийн тулд иргэд шүүгчдийг өөрсдөө сонгодог болох,
 
-Нэг нэгийгээ хянах эрх бүхий хоёр танхимтай парламенттай болох,
 
-Хариуцлага алдсан парламентын гишүүнийг  сонгогчдын саналаар эгүүлэн татдаг болох,
 
-Ард түмний сонгосон Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлж, сонгогдохдоо  амласан бүхнээ хэрэгжүүлдэг байх  зэрэг зарчмын чухал зохицуулалтууд орсон билээ.
 
Миний бие болон МАХН-ын гишүүд, дэмжигчид шинэ Дээд хуулийн төслийг танилцуулан сурталчилж иргэдтэй уулзахад тэд шинэ Дээд хуулийн төслийг талархан дэмжсэнийг баяр наадмын энэ өдөр Монгол түмэндээ дуулгахдаа баяртай байна. Ард иргэд чухам ийм дорвитой өөрчлөлт хийхийг улс төрийн намууд, эрх баригчдаас шаардаж, хүсэн хүлээж байна.
Гэвч харамсалтай нь өнөөгийн УИХ, ялангуяа 60 тэрбумын луйвраар УИХ-д үнэмлэхүй олон суудал авсан МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх нэртэй, үнэн хэрэгтээ өнөөгийн эрхтэн дархтнуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх, тэдний суудалдаа суух хугацааг нь уртасгах явцуу зорилго бүхий зүйл заалтуудыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн боловсруулж, хахир хатуу өвлийг давсан ард түмэн зуны дэлгэр цагт баяр наадам хийх, амрах үеийг тааруулан бусдын санаа бодлыг сонсолгүй дангаараа хүч түрэн батлахаар улайран зүтгэж байна.
 
Хэдийгээр Та бүхэн маань баяр наадмаа тэмдэглэж байгаа ч эгзэгтэй энэ цаг мөчид нийт ард түмнээ биш өөрсдийнхөө эрх ашгийг бодсон эрх баригчдын явуургүй үйлдэлд Та бүхнийхээ анхаарлыг хандуулах нь шударга ёсонд бүрэн нийцнэ хэмээн үзэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэгчийн тухай болон шинэ Дээд хуулийн төслийн гол гол зохицуулалт, энэ хоёр бичиг баримтын хоорондын ялгааны тухай санаа бодлоо илэрхийллээ.
 
Та бүхэн мэргэн оюун ухаандаа тунгаан авч буруугаас нь татгалзаж, зөвийг нь угтан аваарай хэмээн уриалж байна.
Эцсийн эцэст Монгол ард түмэн төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж мөн бөгөөд Үндсэн хуулийг яаж дорвитой өөрчлөх, Та бүхний амьдралд тулгамдсан хүнд хэцүү асуудлыг яаж зөв зохицуулахыг Та бүхэн өөрсдөө мэдэх эрхтэй шүү гэдгийг сануулахад илүүдэхгүй гэж үзэж байна.
Та бүхэн минь хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадаарай.
 
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр