Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг ДЦС-VI, 10 аймгийн дулааны станц зэрэг нийгмийн болон суурь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар тусгасан хуулийн төслөө өнөөдөр УИХ-аас татан авлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “17 жилийн турш хувь нийлүүлэгчдийн гэрээнд огт өөрчлөлт ороогүй байсан. Харин Засгийн газар 30 их наяд төгрөгийн зардлыг бууруулах хэлэлцээрийг албан ёсоор дуусгаж, гэрээнд гарын үсэг зурлаа. Одоо гурван жил тутам зээлийн хүүг хэлэлцдэг болсон.
Өмнө нь 2037 оноос нааш ногдол ашиг байтугай ‘н’ үсэг ч яригддаггүй байсан. Бид ногдол ашиг авах хугацааг 10 жилээр наашлуулахаар тохиролцсон. Энэ асуудлаар Оюутолгойн ТУЗ-ийн даргатай хэлэлцээр хийсэн.
Дараа нь ‘Рио Тинто’-гийн гүйцэтгэх захирлыг Монголд ирэхэд мөн хэлэлцээр хийж, миний өрөөнд албан ёсоор мэдээлэл өгсөн. Тэр үеэр Оюутолгойн ногдол ашгийг 2027 оноос олгохоо дахин баталгаажуулсан.
Ирэх жил хэдий хэмжээний ногдол ашиг авахаа тохиролцохын тулд тухайн дүнг ирэх оны төсөвт тусган батлуулж, манай хуулийг дагаж мөрдөх шаардлага тавихаар төлөвлөсөн. Нэгэнт ногдол ашиг олгохоор тохиролцсон учраас авах дүнгээ УИХ-аар албажуулж, хуулиар эцэслэн шийдэх байсан.
УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наядыг Хуримтлалын санд хадгалж, хоёр их наядаар нь эрчим хүч, боловсролын салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр тусгасан.
Гэвч УИХ-ын зургаан байнгын хороо хэлэлцсэний дараа зарчмын зөрүүтэй 235 санал гарсан байна. Засгийн газар хэлэлцээр хийж, ногдол ашиг авахаар тохиролцоод, УИХ-аар албажуулахаар оруулж ирсэн төсөлд гишүүдээс ийм олон санал гаргасан нь Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байна. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь ногдол ашиг авах асуудлыг орхиж байна гэсэн үг биш. Ногдол ашиг авахаар харилцан тохиролцсон. Одоо авах дүнгээ эцэслэн тохиролцож, орж ирсэн ногдол ашгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэн, эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна.
Хоёр их наяд төгрөгөөр дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхгүй. УИХ-ын гишүүдийн гаргасан саналууд ч хэрэгжихгүй болж байна. Одоо ингээд ямар ч зовлонгүй боллоо” хэмээн ярив.
Сэтгүүлчид Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгөөр тараах эсэхийг тодруулахад тэрбээр “Иргэдээс ‘Дансанд нь хийх үү’ гэж асуу гээд байсан. Хууль давж тэгж асууж чадахгүй. Баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлж, боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулна.
Ирэх жил Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийг зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах байдлаар ашиглах эрхийг нь нээвэл инфляц хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой. Хууль, эрх зүйн орчин ийм байна.
Хэрэв бэлэн мөнгөөр тараах сонголт хийвэл хуулийг өөрчлөх шаардлагатай. Засгийн газар ажиллаж байна. Гол нь эдийн засгаа бодох ёстой. Хуримтлалын сангийн хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах зориулалттай учраас эдгээрийн хүрээнд ашиглах хязгаарлалт тогтоох боломжтой. Ногдол ашиг оруулж ирсэн нь буруудаж, улс төржүүлж байгаа хүмүүс нь зөвдөнө гэсэн үг байхгүй.
Гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахыг УИХ-аар албажуулсан бол хэлэлцээрийн үеэр ‘Ийм хэмжээний ногдол ашиг авахыг төрийн эрх барих дээд байгууллага шийдсэн’ гэсэн босго тавих байсан. Одоогоор авах ногдол ашгийн хэмжээг эцэслэн тохиролцоогүй байна шүү дээ.
17 жил яригдаагүй ногдол ашиг авах үүд хаалга 2027 онд нээгдэж байна. Энэ бол түүх. Цаашид жил бүр энэ асуудлыг хэлэлцээд явахад ирээдүй хойч үедээ өгөөжөө өгнө. Энэ үүд хаалгыг нээж байгаа үед нь зөвөөр хүлээн авч, шийдсэн бол хэрэгтэй байлаа” гэв.
Мөн "Х.Нямбаатар таны тухай шүүмжилсэн агуулгатай пост нийгмийн сүлжээнд их бичих боллоо" гэсэн сэтгүүлчийн асуултад "Х.Нямбаатар бол тийм шударга юм ярих хүн биш шүү дээ. Би юу ярих вэ дээ? Бүгд мэдэж байгаа" хэмээн хариулсан юм.
М.Чой
Баасан - 10 сарын 23,
2026
Сэтгэгдэл0