sonin.mn

Би гурван өөр цагт гурван удаа Их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг судалж гурван өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Нэг нь түүний амьдралын он жилүүдийг тодруулсан дурсамжийн орчуулга, хоёрдахь нь түүний уран бүтээлд хийсэн ажиглалт, гуравдахь нь түүний Монгол судлалд зүтгэсэн үйл хэргийнх нь тухай болно. Өнөөдрийг хүртэл бид Их зохиолчийн уран бүтээлийн тухай түлхүү их судалж, түүнийг Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч болгон мөнхжүүлсэн. Энэ удаа би дээрх гурван зүйлийг хөндсөн энэ илтгэлээ бичиж өнгөрсөн 7 дугаар сард болсон Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Олон улсын хуралд хэлэлцүүлсэн юм аа. Нэгдэх нь, би 1998-2001 онуудад Германы Берлин хотын Хумбольдтын нэрэмжит Их сургуулийн Ази-Африкийн институтын Монгол судлалын тэнхимд багшилж байсан. Тэнхимийн эрхлэгч Монгол судлаач проф.Ута Шёне танай орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн Германд суралцаж байсантай нь холбоотой архивын материалууд манайд бий, үзээрэй гэж зөвлөсний дагуу би Номын санд сууж “Их Нацагийг эргэн дурсахуйд” хэмээх өгүүлэл бичиж Монголын сонин, сайтуудад гаргасан. Проф.Ута Шёне өөрөө ч урьд нь бас энэ талаар судалгаа хийж, Монголч эрдэмтдийн VII Их хуралд ирж тавьсан илтгэлээ надад өгсөн юм. Герман орон Их Нацагийн амьдрал, уран бүтээлтэй салшгүй холбоотой. 1920-иод оны сүүлчээр Германд суралцаж байсан 40 монгол хөвгүүд охидыг хүлээн авч, тодорхой хугацаанд амьдрал, сурлагыг нь хариуцан дааж байсан багш Серге Вольф хэмээх хүн 1964 онд монголд уригдан зочилсныхоо дараа дурсамж тэмдэглэл бичиж, Германы Бонны Их Сургуулийн “Төв Азийн судлал” сэтгүүлийн 1971 оны дугаарт нийтлүүлсэн байдаг.


Д.Нацагдорж Орос, Германд суралцсан он жилүүддээ өрнө дахины буюу орчин үеийн шинжлэх ухаанч судалгаа шинжилгээний онол, арга зүйд суралцаж эзэмшжээ. Тэрээр герман хэлнээс уран зохиолын орчуулга хийж, Герман-Монгол толь бичиг зохиосон байдаг.


Эдгээрийг др.Жачин, др.Ж.Бат-Ирээдүй зэрэг манай судлаачид тодруулан судалсан. Харин Монгол судлалын бусад чиглэл болох Монголын түүх, МНТ судлалын чиглэлээр ажилласан талаар нь хийсэн судалгаа хомс байна. Энэ тухай би дор ярьна. Д.Нацагдоржтой холбогдсон хоёрдахь тохиол маань, би Хятадын эртний уран зохиолын түүх, хятад хэлээрх Монголын утга зохиолыг судалж байсан үе болно. Нацагдоржийн өгүүллэгүүдэд эртний Хятадын уран зохиолын зарим төрөл зүйлтэй ижил төстэй бүтээлүүд байгааг олж харж, эртний утга соёлын баялаг өв уламжлалтай Хятадын уран зохиолоос бүтээлчээр суралцаж, уран бүтээлдээ хэрэгжүүлсэн тухай нь “Нацагдоржийн өгүүллэгүүд Яруу өгүүллэг болох нь” нэртэй өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм аа. 2006 оны намар Бээжингийн Их сургуулийн Монгол судлалын тэнхимээс их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж Олон улсын Эрдэм шинжилгээний хурал хийснийг санаж байна.


Хуралд Хятад, Монгол, Орос, Японы монголч эрдэмтэд, Нацагдорж судлаачид оролцсон. Манайхаас др.С.Лочин, Ч.Жачин, Д.Галбаатар, мөн миний бие оролцож, илтгэл хэлэлцүүлж байсан. ОХУ-аас др.Анна Цэндина, Японоос др.Окада Казуюки, Хятадын др.Яо Көчөн, Ван Хао гээд олон монгол судлаачид оролцож байсан.


Олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэгдсэнийг санаж байна. “Фу” буюу “Яруу өгүүллэг” хэмээх нэгэн зүйл нангиадын эртний уран зохиолд бүр Х зууны үеэс бий болсон агаад энэ нь ямар нэгэн юмыг үргэлжилсэн үгийн хэлбэрээр, гэхдээ шүлэг найраг шиг тодорхой хэмнэл гишгэдэлтэй, өгүүлбэр, хэсгийн доторх үг үеийн тоо тэнцүү, зарим газраа толгой, сүүл холбосон, уран яруу үгс хэлхэж, утга төгс, тансаг сайхан найруулан бичдэг нэгэн өвөрмөц зүйл юм. Уран зохиолын энэ төрлийг оросоор “Стихотворение в прозе”, “Поэма в прозе” гэж, англиар “Prose poem” гэж орчуулсан байдаг. Энэ зүйл Нацагдоржийн уран бүтээлээс тодхон үзэгддэг. Тухайлбал “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Адууны манаанд”, “Өвлийн шөнө”, “Уул усны охин”, “Хаврын сайн өдөр” зэрэг яруу тансаг хэл найруулгатай өгүүллэгүүд нь уншихад эгээ л яруу найраг мэт эгшиглэнтэй сонсголонтой байдгийн дээр доош нь цувуулан өрж хайрцаглах боломжтой, чингэхүл өгүүлбэр хэсгийн доторх үг үеийн тоо тэнцүүхэн, зарим газраа толгой, сүүл холбосон, зохист аялгуу бүхий гишгэдэл хэмнэлтэй байдаг нь ажиглагддаг.


“Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгт ийм хэсэг бий: 


“Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна... Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Санбэйсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн хөдөлгөнө. Монгол газар минь уужим юм аа, маш сайхан морьтой юм аа. Морио унаад давхихад манай цог заль сэргэнэ...”


Энэ хэсгийг шүлгийн хэлбэрт оруулан хайрцаглаж үзье:


Хөндий талын зэрэглээ 

Мяралзан жирвэгэнэхийн дунд 

Хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь 

Харь газрын аяны хүний нүдэнд 

Яахин даруй танигдана.

Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс 

Намрын салхи хүчтэйгээр үлээхүйд 

Хоёр нүднээ нулимс гилтгэнэн

Холын барааг харж ядна…

Сүлжилдэн давхилдах 

Хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь 

Миний сэтгэлийг даруй бахдуулж,

Сан бэйсийн морины сайхан нь 

Миний дурыг хөвхөлзүүлэн хөдөлгөнө.

Монгол газар минь уудам юм аа.

Маш сайхан морьтой юм аа.

Морио унаад давхихуйд

Манай цог заль сэргэнэ…


гэх мэтээр өрж хайрцаглахад энэ өгүүллэг яруу найргийн өрж хайрцаглах хэлбэрт чөлөөтэй шилжиж, донжтой сайхан болж байна. Энэ зохиол бүхэлдээ Яруу өгүүллэгийн бахдам жишээ юм аа. Ийм олон өгүүллэг бий. Д.Нацагдорж судлалд холбогдсон гуравдахь тохиол маань МНТ судлалын учир болно. Нацагдорж Лайпцигт суралцаж байхдаа буюу одоогоос яг 100 жилийн өмнө 1926 оны 9 дүгээр сараас 1929 оны хавар хүртэл монгол сурагчдын ахлах багш Ишдоржийн хүсэлтээр Европ зүгийн эрдэм шинжилгээний ажлын арга барил олж авах зорилгоор Лейпцигийн Их Сургуулийн профессор - нэрт Дорно дахинч, Хятадач, Монголч эрдэмтэн профессор Эрих Хэниш (Erich Haenisch, 1880–1966)-ийн хичээлд суух зөвшөөрөл олж авсан төдийгүй монгол хэл бичиг, утга зохиолын зохих мэдлэгээрээ проф.Э.Хэништ хариу туслан зүтгэх болсон байдаг. 


Эрих Хэниш ба түүний “Монголын нууц товчоон”


Энд дурдаж буй үгсийг нэгбүрчлэн тогтож үзье: “Монгол сурагчдын ахлах багш Ишдоржийн хүсэлтээр” гэдэг үг бол цаанаа тухайн үеийн Монголын төр засгийн бодлого байжээ. Ямар бодлого гэдгийг дараачийн “Европ зүгийн эрдэм шинжилгээний ажлын арга барил олж авах зорилгоор” гэсэн үгс илэрхийлж байна. Тусгаар тотносон Монгол Улсад, түүний шинэхэн байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнд Европ зүгийн эрдэм шинжилгээний ажлын арга барил эзэмшсэн шинэ цаг үеийн сэхээтэн мэргэжилтэнтэй болох шаардлагатай байсан. Тэд бэлтгэгдэж ирээд Монгол судлалыг хөгжүүлнэ, Монголын түүхийг бичилцэнэ. Үүнийг ч Дотоод яамны байцаалтанд өгсөн Нацагдоржийн өөрийнх нь мэдүүлэг нотолдог юм. 


“Лейпцигийн Их Сургуулийн профессор-нэрт Дорно дахинч, Монголч эрдэмтэн Эрих Хэнишийн хичээлд суух зөвшөөрөл олж авсан” гэдэг үг түүнийг чухам хэнд шавь орж, хэрхэн суралцаж, юу үзэж судалсныг нь хэлж өгч байна. Өөрөөр хэлвэл, бид Д.Нацагдоржийг судлахын тулд Эрих Хэниш гэдэг хүнийг бас судлах хэрэгтэй болох нь ээ. 


Д.Нацагдорж судлаач проф.Ч.Жачин хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Эрих Хэнишийн удирдлагаар Германд Монгол судлал эрчимтэй хөгжсөн. Зарим хүний бичиж байгаагаар, Э.Хэнишийн судалгааны ажил их бүтэмжтэй, хурдтай явсан он жилүүдийг харахад Д.Нацагдоржтой багш шавийн барилдлагатай байсан он жилүүдтэй таардаг. Тэгээд ч Д.Нацагдорж бол Германы Монгол судлалын төвд очиж ажилласан анхны монгол хүн мөн” гэжээ. Ийм ийм үзэл дүгнэлтүүдийг бид анхаарч, мөрдлөг болгон Нацагдорж судлалыг урагшлуулах боломжтой. Энэ дашрамд нэмж дурдахад, Нацагдоржтой нас чацуу, мөн үеийн шинэ залуу сэхээтэн Мэргэн гүн М.Гобожавыг Монголын Засгийн газар бас Францаас татахад нь нэрт монголч эрдэмтэн П.Пелио түүнийг цааш нь үргэлжлүүлэн Францад суралцуулж, МНТ-ны судалгаан дээр өөрт нь туслалцуулж ажиллуулахыг хүсч байжээ. Мэргэн гүн Гомбожав бол Нацагдоржтой адилхан дорно, өрнийн хэд хэдэн хэл бичигтэй, олон талын гүнзгий мэдлэгтэй агаад Францад шинжлэх ухааны судалгааны арга зүйд суралцаж байсан хүн билээ. Тэрээр Монголдоо ирээд их зохиолч Д.Нацагдоржтой хамтран Д.Оссоны "Монголын түүх" хоёр боть зохиолыг "франц хэлнээс орчуулж байсан мэдээ байдаг. Проф.Эрих Хэниш бол XX зууны эхэн хагасын өрнөдийн, Германы нэрт Монгол судлаач бөгөөд Монгол судлал, ялангуяа “Монголын нууц товчоон” судлалд ихийг хийсэн гавьяатан болно. МНТ-ны гадаад орчуулгын дөрөвдэх нь герман хэлээр орчуулсан нь болно. МНТ-ныг хятад хэлээр 1370-аад оны үед, орос хэлээр 1866 онд, япон хэлээр 1907 онд, тэгээд герман хэлээр 1930-аад оны сүүлчээр орчуулагдсан байдаг. Энэ гавьяа чухамхүү түүнд ногддог. Түүний МНТ-ны герман орчуулгын анхны хэвлэл нь 1941 онд хэвлэгдсэн ч тараагдаж амжаагүй байхдаа бөмбөгдөлтөнд өртсөн тул дахин хэвлэгдэх гэж хэдэн жилийг өнгөрөөсөн байдаг нь МНТ-ны ээдрээтэй, эмгэнэлт хувь заяаны, бас эртний хүмүүсийн үздэг байсанчлан шүтээн судар тул сахиус хамгаалж байдаг хэмээн үзэж ирсэн онцгой хувь заяаных нь бас нэгэн жишээ нь энэ болно. Ийм жишээ баримт би арваадыг олж нэгтгэн өнгөрсөн 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Олон улсын Монголч эрдэмтний XIII Их хуралд илтгэлээр танилцуулсан билээ. Тэр илтгэлээ би дараагийн удаад уншигчдадаа хүргэнэ ээ. 


Түүний МНТ-ны латин галиглалт нь өрнөдийн орнуудад буюу ер нь олон улсын хэмжээнд хийгдсэн хамгийн анхны галиглалт гэдгээрээ МНТ судлалд онцгой байр эзэлдэг. 1926-1929 онд Германд Лөйпцигийн Их сургуулийн Дорно дахины судлалын ангид суралцаж байсан Д.Нацагдорж проф.


Эрих Хэнишийн Монгол судлал, МНТ судлалын үйлсэд оруулсан үнэт хувь нэмэр болох МНТ-ныглатин үсгээр галиглаж, герман хэлээр орчуулсан ажилд нь тусалж байжээ гэж үзэхэд хүргэдэг юм. Үүнийг өөр талаас нь судалж үзье. Хятадын нэрт эрдэмтэн Яо Цун-Ү гэдэг хүн XX зууны эхэн хагасын Хятадын Монгол судлалын нэрт эрдэмтэн бөгөөд Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн түүх, тухайлан Хүннүгийн түүх, Монголын түүх, Хятад-Өрнийн харилцааны түүхийг судлах Өрнө дахины буюу шинжлэх ухааны арга зүй, үзэл баримтлалд мэргэшсэн, чингэснээрээ Хитаны Ляо, Зүрчидийн Алтан, Монголын Юань улсын түүхийг судлах Хятадын уламжлалт арга зүйг орчин үеийн шинжлэх ухаанч арга зүйд шилжихэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн нэрт эрдэмтэн байжээ. Тэрээр Хятадын болон Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн түүхийг судалж “Үндэстнүүдийн их уусалт” гэдэг онолын шинжтэй үзэл баримтлалыг Хятадын түүх судлалд дэвшүүлэн тавьсан байдаг. МНТ-г англи хэлээр орчуулалцсан Яо Цун-Ү доктор, Нацагдоржийг Лайпцигт проф.Эрих Хэнишийн дэргэд суралцан ажиллаж байх хугацаанд бас тэнд байж, Эрих Хэнишээс болон Германы нэрт түүхч Отто Франкегаас онцгойлон XIII-XIV зууны Монголын түүхийг болон, ерөөс Түүх судлалын шинжлэх ухаанч онол, арга зүйг заалгасан байдаг.


Түүний гол бүтээлүүдийн дотор “МНТ-ны шинэ орчуулга, тайлбар” хэмээх томоохон бүтээл байдаг нь чухам энэ үеэс эхтэй судалгааных нь үр дүн юм аа. Цаг хугацааны давхцал, Өрнө дахины шинжлэх ухаанч судалгааны арга зүй, Монгол судлал, МНТ судлал нь энэ гурван хүнийг ийнхүү холбожээ. 


Сонирхолтой нь Эрих Хэниш монгол хэл үзэж байсан, Яо Цун-Ү ч монгол хэл сурсан нь Нацагдоржийн дэмжлэг туслалцаа байсан байх гэмээр байдаг. Нацагдорж ч хятад хэлтэй байсан нь ак.Б.Ринчений дурсамжаас харагддаг. Тэгэхлээр Яо Цун-Ү-гээс хариу суралцсан байж ч магадгүй. Нацагдорж Германд суралцаж байхдаа Өрнө дахинд хийгдсэн Хүннү болон Монголын түүх бичлэгтэй гүнзгий танилцсан нь түүний “Түүхийн шүлэг”, “Миний нутаг” зэрэг шүлэг найргууд, Монголын түүхийг бичиж, гадаадын түүх бичлэгээс орчуулж байсан, Монголдоо ирээд Судар бичгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, улмаар Түүхийн ба Дуун ухааны тасгийн хавсран эрхлэгч байсан зэргээс нь харагддаг. 





1929 онд Нацагдоржийг мөн сургуульд нь Монголын эртний түүх, хэл судлах эрдэмтэн бэлтгэх ангид 4-5 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сургах тухай Гэгээрлийн яамны санал Германд байсан монгол сурагчдын захирал Ишдоржид очсон боловч, удалгүй тэднийг Германаас татан ирүүлсэн нь тун харамсалтай. Харин энэ үед тэрбээр дорно, өрнийн мэдлэг хосолсон сайн боловсролтой хэл бичиг, утга зохиол, түүхийн шилдэг сэхээтэн болсон байсан нь бас олзуурхууштай.


1931 оны 1 дүгээр сараас Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн тасагт сурагч оюутнаар томилогдон ажиллаж, Монголын түүх, хэл шинжлэлийн судлалыг үүсгэн хөгжүүлэх болсон байна. Улмаар Түүхийн ба Дуун ухааны тасгийн эрхлэгчээр хавсран ажиллах болжээ.


Проф.Ч.Жачин “Д.Нацагдорж өнөөгийн ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнгийн анхны захирал нь байсан гэж үзэж болно” гэсэн нь чухам дэмжүүштэй дүгнэлт мөн. Тэрээр Орост, Германд суралцаж байсан, өрнө дахины буюу орос, герман хэлбичгийн мэдлэгтэй, дорно зүгийн, тухайлбал, хятад, манж хэл бичигтэй байсан. Эзэмшсэн хэлүүдээсээ уран зохиол, яруу найргийн орчуулга хийж, толь бичиг зохиоход оролцож, Монголын эртний түүхийг судалж, Дотоод яамны сургуульд түүхийн хичээл зааж байжээ. Нэг үгээр хэлэхэд, шинэ Монголын шилдэг залуу сэхээтэн, Монгол судлалын өрнө, дорнын мэдлэг хослуулсан мэргэжлийн судлаач болсон байжээ.


Нацагдорж өөрийгөө “Шинжлэх ухааны хүрээлэнд оюутан болж ажиллах болсон нь миний хүсэл, мэргэжилд яг тохирсон ажил байсан” гэж мэдүүлсэн байдаг нь ч үүнийг нотолно. “Хүрээлэнгийн оюутан” гэдэг нь тэр үеийн эрдэм шинжилгээний ажилтан гэсэн нэр томьёо мөн. 


Бас нэг анхаарал татсан зүйлийг дурдахад, 1934 онд Эрих Хэниш Монголд ирж, Чингисийн төрсөн нутгаар аялан явсан байдаг. Хачирхалтай нь, Нацагдорж багштайгаа уулзсан гэх баримт, тэмдэглэл үгүй, харин ак.Б.Ринчен түүнийг дагалдан явсан байдаг. 2006 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан гурван боть бүрэн зохиолынх нь оршилд Нацагдорж судлаач др.Д.Цэдэв: “Монголын шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтний хувиар Д.Нацагдорж Монголын түүхийг улс үндэстэй судлах ажлыг эрхлэн явуулах бодлогыг боловсруулах, сурвалж бичгийг эрэн сурвалжлах, тус улсын нутаг дэвсгэр дээрх эд өлгийн дурсгалыг бүртгэх, хамгаалах талаар ихэд анхаарч байжээ” гэж тодорхойлсон байдаг.“Дашдоржийн Нацагдорж Бүрэн зохиол” Улаанбаатар, 2006 он, 23-р тал. 


Ингээд Нацагдоржийн зарим нөхдийнх нь дурсамжаас иш татья: 


Ак.Б.Ринчен: “Бид Судар бичгийн хүрээлэнд хамт ажиллаж байлаа. Эх орны түүх, дорно дахины уран зохиолыг их үзнэ. Хятад хэл мэр сэр үзнэ. Нацагдорж эртний бичиг зохиолыг их уншсан учир зохиолын хэл найруулга нь төдийчинээгээр сайн болсон юм” гэж дурссан бол др.Б.Содном: “Хятадын “Гурван улсын үлгэр”-ийг хятад хэлтэй нь тулган уншиж байхыг би харсан” гэжээ.    


Эрдэмтэн Я.Цэвэл: “Нацагдоржтой би Ленинград, Германд хамт суралцаж байсан. Ирээд хүрээлэнд 7 жил хамт ажилласан. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь зохиох комисс байгуулагдсаны хоёр гишүүн нь бид хоёр байсан юм. Нацагдорж түүх судлах комисст ажиллах болсноор тайлбар толь хийх ажлаасаа чөлөөлөгдсөн ч үг цуглуулсаар л байсан” гэж дурсчээ.    


Тэгвэл Ө.Чимид: “Д.Нацагдоpж Шинжлэх уxaaны хүрээлэнд шилжин ажилласнаас хойш эх орны эрдэм шинжилгээний ажлыг ихээхэн сонирхож, Монголын эртний түүхийг ихээр судлах болсон тул гадаад хэлээрх Монголын түүхийг орчуулax ажлыг хийсэн юм. 1933 онд Монголын эртний үеийн товч түүхийг бичихэд Грумм-Гржимайло, Владимирцов нарын бичсэн Монголын эртний түүхийг орчуулж өгч, уг түүхийг зохиоход ихээхэн туслалцсанаас гадна Дотоод яамны төв сургуульд Монголын түүх зааж, тэр заасaн их хичээлээ товчлон хураангуйлж хэдхэн хуудсанд багтаан яруу найргаар бичиж “Манай Монгол улс маш эртний улс аа...” гэж эхлээд дуусахдаа “...түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ” гэж дуусгасан юм” гэж дурссан байдаг. Энэ бол “Түүхийн шүлэг” нэртэй алдарт шүлэг нь болно. “Монголын уран зохиолын дээжис–XII боть” номын 388 – 394 дүгээр тал.    


Серге Вольф дурсамждаа: “Хожим нь би Монголд ирээд Нацагдорж, монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч болсныг нь мэдэж, бас хэдхэн жил амьдраад нас барсан эмгэнэлт хувь заяаг нь сонсоод ихэд халаглан харуусч билээ. Одоо бодоход Германд байхдаа зохиол бүтээлээ туурвиж л байж дээ гэж санагддаг юм” гэж өгүүлсэн байдаг.


Энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.ХҮрэлсүх Лайпцигийн Их сургуульд энэ дурсгалын самбарыг нээжээ. Эх орондоо буцаж ирээд тэрбээр удаан амьдарсангүй. Арав хүрэхгүй жил нарт хорвоо дээр аж төрөхдөө наснаасаа хэтийдсэн ихийг туурвин бүтээж, шинэ Монголын тулгар үүссэн утга зохиолын голомтыг тулалцаж, шинэ үеийн шинжлэх ухаанч Монгол судлал - Монголын түүх судлалын анхдагч нь гэгдэх алдар нэрийг хүртэх хүндтэй гавьяа байгуулжээ. Др.Ж.Бат-Ирээдүй хэдэн жилийн өмнө Германд багшлан ажиллаж байхдаа проф.Э.Хэнишийн судалгааны өвийг үзсэн агаад 15 хайрцагтай тэдгээр өв дотор хятад хэл бичгээр, мэдээж бас монгол, герман, англиар хийж байсан ажлууд байсан гэж дээрх хурал дээр ярьсан билээ. Тэдгээр өв судлах эзнээ хүлээсээр өдийг хүрчээ. Тэнд их Нацагтай холбоотой юмс байхыг үгүйсгэхгүй ээ. 


 

Хэлбичгийн ухааны доктор(Ph.D.) Д.Нацагдоржийн шагналт зохиолч, орчуулагч Я.ГАНБААТАР

2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр