ХАНОЙ. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагчдын өнөөдрийн уулзалт Ханой хотын “Metropole” зочид буудалд эхэллээ.
Д.Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, БНАСАУ хүчирхэг эдийн засагтай орон болох боломжтой хэмээгээд, энэ үйл хэрэгт туслалцаа үзүүлэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун орчуулагчаараа дамжуулан хэлэхдээ, дэлхий дахин бидний уулзалтад гол анхаарлаа хандуулж байна, энэхүү гайхалтай хэлэлцээг хийхийг тэсэн ядан хүлээж байсан гэжээ.
БНАСАУ-ын удирдагчтай зэрэгцэн сууж буй Д.Трампын хэлснээр, тэрбээр Пёньянтай хэлэлцээ хийхэд яарахгүй байгаа аж. “Энэ тухай уулзалт эхэлснээс хойш би олон удаа хэлж байна. Надад хурд чухал биш харин зөв хэлэлцээнд хүрэх нь л чухал” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна.
Мөн тэрбээр, талууд гайхалтай үр дүнд хүрэх төлөвтэй байна, пүрэв гарагт болох дээд хэмжээний уулзалтын үр дүн ямар байхыг хэлж мэдэхгүй байна гэж хэлжээ.
“Цаашид олон жил хамтдаа байна гэдэгтээ итгэлтэй байна” гэж Д.Трамп нэмж хэлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг