sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.17) ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Вячеславович Калашников тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг тэмдэглэн хэлэв. Хоёр улсын парламентын дэмжлэгтэйгээр сүүлийн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтоох, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг УИХ-ын дарга дурдаад үүнд ноён С.В.Калашников бодитой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж буйгаа тэмдэглэн хэллээ.   
 
 
Ноён С.В.Калашников, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр УИХ-ын даргын албанд томилогдсонд баяр хүргэж буй ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн мэндчилгээг уламжиллаа.
 
Уулзалтын үеэр ноён С.В.Калашников зургаадугаар сарын 6-8-ны өдрүүдэд болох Петербургийн олон улсын эдийн засгийн форумын талаар мэдээлэл танилцуулж, Монгол Улсын төлөөлөгчдийг оролцуулах талаар санал солилцов. Түүнчлэн энэ оны долдугаар сарын 01-02-нд Москва хотноо зохион байгуулагдах Парламентаризмыг хөгжүүлэх асуудлаарх олон улсын хоёр дахь чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Зандашатарыг оролцохыг урив.  
Уулзалтын үеэр талууд парламент хоорондын хамтын ажиллагаа, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.