sonin.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.


"Оюутолгой"-н ногдол ашгийн талаар та ямар байр суурьтай байна вэ?


“Оюу толгойн ногдол ашгийг авчирч чадсан нь сайн хэрэг. Гэхдээ яагаад төсөвт суулгаж, дэд бүтцийн асуудлыг шийдэж байгаа юм бэ? Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг иргэд гар дээрээ авч болдог мөртлөө үүнийг яагаад болдоггүй юм бэ?


Зарим гишүүд энэ мөнгийг иргэдэд бэлнээр олговол үнийн өсөлт үүснэ. Жижиг хэрэглээнд зориулснаас дэд бүтцэд зарцуулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Харин би үүний эсрэг байр суурьтай байгаа.


Энэ Монгол Улс чинь өнөөдөр ганцхан Засгийн газартай байгаа юм уу? Үгүй биз дээ. Энэ хугацаанд есөн парламент, хэчнээн Ерөнхий сайдын нүүр үзэв. Энэ олон парламентын хугацаанд дэд бүтцийн асуудлаа шийдэж чадаагүй байгаа нь тэдний арчаагүй байдал. Иргэдийнхээ төлөө, улс эх орныхоо төлөө ажиллаж чадаагүй гэж би харж байна. Иргэд ногдол ашгаа яаж зарцуулах нь өөрсдийнх нь дур. Дэд бүтэц түүхий байна гэдэг бол төр, засгийн асуудал. Яагаад иргэдийн авах ёстой байгалийн баялгийн ашгаар дэд бүтцийн асуудлаа шийдэж байгаа юм бэ? Нэг удаагийн хуулийг яаралтай баталж, ногдол ашгийг иргэдэд олгох хэрэгтэй. Санал өгөх боломжгүй санал асуулга явуулахаа болих хэрэгтэй. Иргэд хүүхдүүддээ өвлийн хувцсыг нь ч болов авч өгөг. Үүнийг нэг удаагийн хуулиар зохицуулах бүрэн боломжтой.


Сүүлийн үед гарч байгаа сэтгүүлчидтэй холбоотой асуудлаар таны байр суурь ямар байна вэ? Зарим хүмүүс энэ асуудлын цаана өөр асуудал өрнөж, иргэдийн анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн оролдлого байна гэж хардаж байна. Энэ талаар таны бодол ямар байна вэ?


Энэ бол хоёр талтай асуудал шүү. Нэг талаас, хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хүссэнээрээ айлгаж, дарамталж, шантааж хийж, ордон дотор эрээ цээргүй аашилж, хэн нэгнээс чиглэл авсныхаа дагуу хэн нэгнийг боорлож, ноцдог байхыг хэлэхгүй. Сэтгүүлч бол хэнээс ч хараат бус, шударга үнэний талд зогсдог мэргэжлийн салбар.


Гэтэл нөгөө талаас, сэтгүүлч хүн баян байж болохгүй юм уу? Хүн болгон өөрийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж байгаа. Тэгтэл сэтгүүлч хүн яагаад мөнгөтэй байж болохгүй гэж? Сэтгүүлч гэхээрээ л ядуу буурай, нооройсон байх ёсгүй биз дээ. Хэдэн даргын төлөө хаалтын гэрээ хийж, тэдний төлөө ажилладаг байж болохгүй шүү дээ.


Аливаа зүйл хэрээс хэтэрвэл хууль зүйн хариуцлага яригддаг гэдгийг сэтгүүлчид маань мэдэж, ажиллах хэрэгтэй байх.


Би юу болсныг сайн мэдэхгүй байгаа учраас хуулийн байгууллагаар хэлэлцэгдэж байгаа асуудалд дундаас нь нөлөөлөх үг хэлмээргүй байна.



Н.Отгончимэг