КИЕВ, 2026 оны аравдугаар сарын 15 /Reuters/. Вашингтон, Киевийн харилцаа улам муудаж, байлдааны талбарт АНУ-аас Украинд үзүүлэх дэмжлэгтэй холбоотой болгоомжлол үүсээд буй энэ үед Илон Маскийн эзэмшлийн "SpaceX" компани лхагва гарагт "Starlink" хиймэл дагуулын үйлчилгээнд хязгаарлалт тогтоосны улмаас Украины агаарын цохилт өгөх болон агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаанд хүндрэл учирч байна гэж Украины тал мэдэгджээ. Үүний зэрэгцээ Оросын арми Украины хотууд руу пуужин, дроноор дахин довтолж, олон зуун мянган хэрэглэгч цахилгаангүй болжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский эдгээр дайралтыг эрчим хүчний байгууламжууд руу довтлохоо зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уриалгыг илт "үл хүндэтгэсэн үйлдэл" гэж тодорхойлсон байна.
Ираны эсрэг хоёрдугаар сард эхлүүлсэн АНУ, Израилын дайнаас хойш шатахууны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор Д.Трамп үнийн дарамтыг бууруулах зорилгоор Оросын дизель түлшинд тавьсан хориг арга хэмжээг цуцалжээ. Тэрбээр В.Зеленскийг шүүмжилж, Украиныг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү довтлохоо зогсоохыг шаардсан бөгөөд украинчуудад хандан Ерөнхийлөгчөө солихыг уриалсан байна. В.Зеленский “Piers Morgan Uncensored” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Ерөнхийлөгч Трамп Украин, Оросын дунд төвийг сахисан байр суурь баримтлахад би татгалзах зүйлгүй. Гэхдээ дунд нь зогсож байгаа бол тэр байр сууриа хадгалах ёстой” гэж хэлжээ.
"SpaceX" компанийн "Starlink" хиймэл дагуулын үйлчилгээний цэргийн зориулалттай хувилбарт Украинд хязгаарлалт тогтоосон талаар асуухад В.Зеленский “Энэ бол маш том алдаа. Ийм шийдвэрээс болж олон хүний амь эрсэднэ” гэж хариулсан байна. Гэхдээ уг шийдвэрийг хэн гаргасан, хэн хариуцах ёстойг тэрбээр тодорхой дурдаагүй байна. Харин "Starlink"-ийг ажиллуулдаг "SpaceX" компанийн гүйцэтгэх захирал И.Маск уг системийн хурдыг АНУ-ын Засгийн газар хянадаг гэж мэдэгдсэн байна. “Хурд болон хэрэглээнд тавих аливаа хязгаарлалтыг АНУ-ын зэвсэгт хүчин, эцсийн дүндээ АНУ-ын Ерөнхийлөгч шийддэг” гэж И.Маск Х нийгмийн сүлжээнд бичжээ. Тэрбээр Д.Трампын улс төрийн ойрын зүтгэлтэн юм.
В.Зеленский мөн ярилцлагынхаа үеэр Украинд шинэ удирдагч хэрэгтэй гэсэн Д.Трампын мэдэгдлийг няцаажээ. “Энэ бол манай ард түмний шийдэх асуудал. Трамп ч, Маск ч, дэлхийд өөр хэн ч өөр улсын Ерөнхийлөгчийг сонгох, сонгуульд нь оролцон шийдвэр гаргах эрхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
Цагаан ордноос энэ асуудлаар тайлбар хүссэн боловч тэр даруй хариу өгөөгүй байна. Арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгууль ойртож буй энэ үед амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор Д.Трампын Бүгд найрамдах намын холбоотнуудад ирэх дарамт улам нэмэгдэж байна. Шатахуун болон өрхийн хэрэглээний зардал өссөн нь сонгогчдод хүндрэл учруулж байгаа тул АНУ-ын засаг захиргаа эрчим хүчний үнийг бууруулах арга замыг эрэлхийлж байгаа юм. Украиныг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү довтлохоо зогсооход шахалт үзүүлэхийн тулд АНУ пуужингийн цохилтоос сэрэмжлүүлэх тагнуулын мэдээллээ өгөхөө зогсооно гэж сүрдүүлсэн талаар эх сурвалжууд "Reuters" болон бусад хэвлэлүүдэд мэдээлжээ.
Украины албаны хүмүүс мягмар гаргийн орой мэдээлснээр, Оросын тал нийслэл Киев хотод пуужингаар цохилт өгөхөөс өмнө барууны түншүүдээсээ хоёр дахь өдрөө дараалан ямар нэгэн сэрэмжлүүлэг аваагүй байна. Харин Д.Трамп мягмар гарагт мэдэгдэхдээ, Вашингтон тагнуулын мэдээллээ хуваалцсаар байгаа гэжээ.
В.Зеленский Их Британийн Ерөнхий сайд Энди Бернэмтэй Лондонд хэлэлцээ хийснийхээ дараа "Telegram" хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ “Оросууд Украин дахь "Starlink"-ийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэлийг ашиглахыг оролдож байгаа нь тодорхой байна. Учир нь дайсны дронуудыг устгах зориулалттай дронуудын ажиллагаа "Starlink"-ээс ихээхэн хамаардаг” гэж бичжээ. Э.Бернэм Украины талд тийрэлтэт хөдөлгүүртэй Оросын дронуудыг устгах зориулалттай 5 сая фунт стерлингийн (59.6 сая ам.доллар) өртөг бүхий зенитийн пуужин нийлүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. Үүнээс 10 сая фунт стерлингийн өртөг бүхий зэвсгийг Украины яаралтай хэрэгцээг хангах зорилгоор түргэвчилсэн журмаар нийлүүлэхээр шийдвэрлэжээ.
Д.Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдэхдээ, Украин, Оросын талууд эрчим хүчний байгууламжууд руу довтлохоо зогсоохоор тохиролцсон гэж мэдэгдсэн юм. Гэвч аль аль тал нь үүнийг батлаагүй бөгөөд сүүлийн хоёр хоногт Оросын арми Украины эрчим хүчний станцууд зэрэг олон объект руу эрчимтэй довтолсон байна.
Украины тал ч мөн Оросын нутаг дэвсгэр лүү алсын тусгалтай пуужингаар довтолгоогоо үргэлжлүүлж, тус улсын хамгийн том дата төвд цохилт өгсөн байна. Гэхдээ Д.Трампын уриалгыг хүндэтгэж буйгаа харуулахын тулд одоогоор эрчим хүчний байгууламжууд руу довтлохгүй байгаа гэж Украины тал мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 10 сарын 15,
2026
Сэтгэгдэл4
Украйн алж өгч байна гэдэг хурандаа таг чиг 🤣
Дурак Ивануудыг алж байгаа ЗААА
Уулаасаа л орс чинь алуулж дуусч байна. 3 өдөр биш 5 жил зууралдлаа.
Дайн хийхийг дэмжиж хиймэл дагуулыг ашиглуулж байсан гэхээр орост буруу огт алга. Оросын эсрэг 2000 оноос хойш дайны бэлтгэл гээд олон хиймэл дагуул хөөргөсөн барууныхан энэ дайны жинэхэн эзэд болно. 22 онд орос өөрийгөө хамгаалахаар дайнд орсон гэдэг үнэн юм.