sonin.mn
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор МАН, АН, МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших улс төрчдийн нэрс эхнээсээ тодорхой болж буй аж. АН-ын дарга С.Эрдэнэ биечлэн, мөн МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, МАХН-ын ЕНБДарга Б.Тулга нар УИХ-ын 2020 оны сонгуульд тус тусын намаас нь нэр дэвших сонирхолтой улс төрчидтэй уулзан, хэлэлцээр хийж буй юм байна.
 
Сонирхолтой нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хотын даргаараа үргэлжлүүлж ажиллалгүй, УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхлоо намынхаа удирдлагуудад илэрхийлжээ. Түүний хаана нэр дэвших нь ч хэдийн тодорхой болсон ба саяхан 2 мандаттай УИХ-ын сонгуулийн 21-р  тойрог болж батлагдсан Налайх, Багануур, Багахангай дүүрэгт өрсөлдөх юм байна.
 
Тэрээр 2019 оны 2 сарын 26-нд  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдон ажиллаж буй бөгөөд УИХ-ын гишүүн, Онцгой Байдлын Сайд асан, АН-ын ҮБХ-ы гишүүн С.Отгонбаярын төрсөн дүү, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай худ ургийн холбоотой нэгэн билээ.
 
С.Амарсайхан нь 1973 онд төрсөн.
Налайхын дунд сургууль, АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургууль тус тус төгссөн.
 Эрх зүйн Магистр зэрэгтэй.
Тэрээр 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан,
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе,
2004-2007 онд "Американ Трейд & Девелопмент" компанид гадаад худалдааны Менежер,
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байсан.
 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон, 2017 оноос НИТХ-ын даргаар тус тус ажиллаж байгаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон юм.
 
Э.Мягмар