sonin.mn
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2020.04.09) 14 цаг 55 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.
 
 
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авав.  
Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын дарга чиглэл өгсөн. Иймд тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтад “г/. хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын бүтээгдэхүүнийг орлох дотоодын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх иж бүрэн цогц арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллах” гэсэн заалтад УИХ-ын даргаас  өгсөн чиглэлийг нэмж тусган санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 
 
Ингээд Тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.  
Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 
Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.  Иймд төслийн хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэмж тусгасан хуулийн төслийн талаар үг хэлж, асуулт асуух гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэлээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.