sonin.mn

-Яалаа гэж ч өгөх юм!

-Трамп Путиныг хаацайлдаг хөг өнгөрлөө!

 

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан, миний зөв! Одоо бол стратегийн ялагдал хүлээхэд Орос тун ойртсон!

 

Путин гэдэг ганц бие хүн хөөрхий яаж тэсдэг юм, зүрх тархи гэж авах юмгүй болов уу хэмээн би их өрөвдөх юм. Эргэж гарах аргагүй цусан намаг балчигт уначихсан, гэхдээ живээд үхэх болоогүй, “Орос улс Европтой дайтахыг хүсэхгүй ч бэлэн байна” гэх шиг.


Нөгөө хэвлэлийн төлөөлөгч Песков нь ичээд олон дахин мэдэгдэл хийхээ больчихсон, харин ГЯЯ-ны Захарова галзуугийн нүд гаргачихаад занаж сүрдүүлэх, эсвэл тунирхах үгсийг гээхгүй. “G20” бүлгийн хуралд оролцсон гадаад зочид Лавровтой зураг авахуулахгүй, нэг зурганд орохгүй гэж зугтаацгаагаад л. Ичмээр, бас өрөвдмөөр.


Путины сэтгэлд зул болон гэрэлтэж байсан Трамп нь АНУ-ын Конгрессын хоёр танхимын сонгуульд далаараа цэвэр тавиулж байдаг. Нэг их итгэл тээгээд Америкийн санкцуудыг цуцлуулаад Америкийн зах зээлд дизель соляркаа зараад алж өгнө гэсэн нь даший шог боллоо. Украинд нийлүүлэх зэвсэг техник, мөнгө санхүүг Төлөөлөгчдийн танхимд про-укр депутатууд ярсхийн батална.


Америкийн сонгуулийн 1-р хохирогч, 1-р ялагдагч нь би Трампыг биш, Путиныг гэж үзнэ. Трампын энэ ялагдал Путины ялагдлыг нь түргэсгэнэ. Ийм пост байна. Армийн генерал Суровикиныг Киевийг эзлүүлүүлэхээр 2022 оны зун томилсон.


Суровикин өмнө нь Сирийн Алеппо хотыг бүслэн устгах оросын цэргийн ажиллагааг удирдаж байсан ба “Сирийн тактик”-аа Украинд давтсан. Сирид эмнэлэг, сургууль, орон сууцны хорооллуудад цохилт өгч, энгийн иргэдийг айлган сүрдүүлэх замаар дайнаа дуусгахыг зорьсон бол тэр тактик нь Сирид үр дүнд хүрээгүй. 2022 онд Украинд ч үр дүнд хүрэхгүй дампуурсан гэжээ. 


XXI зууны оросын армийн тактик бол ХХ зууны, хэтрүүлж яривал Эх орны тактик мөн л дөө. Цэргийн урлаг мэддэгийн хувьд энгийнээр дүрсэлбэл 1) Байлдааны өмнө галын бэлтгэлийг тултал нь хангана, энэ нь их буу, катюшаар тасралтгүй олон цаг галлана, агаараас нисэх хүчнээр дэмжүүлэн бөмбөгдүүлнэ. 


Орчин үед бол пуужин, залуурт сум нэмэгдсэн байх; 2) Галлаж галлаж араас нь хэдэн зуун танк, олон зуун мянган явган цэрэг оруулж давшуулна. Замдаа тааралдсан болгоныг хуйхлана; 3) Нурсан сөнөсөн балгас туурин дээр ялалтын тугаа мандуулна. Ердөө л энэ шүү дээ. Орчуулга байна. Астана хотоос 2026.9.6-нд Базарали Двесов гэдэг казах хүн бичсэн нь надад их таалагдлаа. “Донбассыг өгч болохгүй, бүр 100% баталгаа өгсөн ч өгч болохгүй!” гэсэн гарчигтай.


Украин-Оросын хооронд хэлэлцээ эхэлсэн байж магадгүй. Өнөөдөр Украинд эв нэгдэл, эвлэлдэн нэгдэх явдал хэзээ хэзээнээс илүү чухал байна. Зеленскийгээ дэмжээрэй! Донбассыг Орост өгч яасан ч болохгүй. Яалаа гэж ч өгөх юм. Өмнөх постдоо Украинд юу заналхийлж байгааг би бичсэн. Өнөөдөр Путинд өчүүхэн ч атугай ялалт агаар мэт хэрэгтэй байна. Тэгж ялсан царайлж оросын ард түмний өмнө өөрийгөө цайруулна.


Хэрэв Украинд аюулгүй байдлын бодитой, 100% баталгаатай гарант өгөөд хариуд нь Украин Донбассаа Орост өгөх л юм бол энэ нь украины ард түмэнд ёстой сүйрэл–катастроф болно. Путин бүгдэд сонсогсохоор ялалтаа зарлачихна. Түүний улс төрийн технологи нь Путины ялалтыг дэлхий даяар хэтрүүлэн мандуулна.


Манай энэ цаг үед ингэхэд маш амархан, энгийн болсон. Урьд хожид үзэгдээгүй ялалын парадаа Улаан талбайд зохион байгуулчихна. Орост үнэнч, дагуул бүх улсын төрийн тэргүүн, дэлхийн элитийн төлөөлөгчдийг түүндээ урьчихна. Жирийн ард түмэнд гэрэлт ирээдүй ирлээ гээд өөрийнхөө зохиомжилсныг дэврүүлээд түгээчихнэ. Гэвч хамгийн аймшигтайг нь би бүр итгэлтэй төсөөлж гадарлаж байна, бараг ч боломжтой. Улаан талбайд украины олзлогдсон цэргүүдийг хамгийн бохир заваан, навсгар, сохор доголон харагдуулах жагсаал зохион байгуулна. Индрээс үзэгчид тэдэн рүү помидор шидлэж, доромжилно, хараан зүхнэ. Тэднийг яг Улаан талбайн голд авчраад зогсооно. Оросын ард түмэн ялснаа сайтар мэдэж омогшиг.


Энэ бүхнийгээ дэлхийн бүх сувгаар дамжуулан үзүүлнэ. Парадын дараа мэдээж аугаа их архидалт залгана. Энэ нь доромжлуулсан, доошоо орж гутарсан украинчуудад огтоос сонин биш. Тэр үед Украин нь зөвхөн нутаг дэвсгэрээ алдсан төдийгөөр үлдэхгүй. Маш том эрсдэлтэй үлдэнэ.


Сэргэн мандах итгэл найдвараа алдах эрсдэлтэй тулгарна. Оросын ялалт нь Украины үндэсний доромжлол боллоо гэсэн жигшил зэвүүцэлтэй украины хойч үеийнхэн үлдэнэ. Та нар ийм арга замаар Украины бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэхийг хүсээ юү? Харин Путинд бол уснаас хуурай сугаран гарахад энэ бүхэн нь бүрэн хангалттай. Хэрэв тэгж гэмээнэ Европ руу халдан түрэмгийлэхээсээ Путин баяр ёслолын байдалтай татгалзана, магад Оросын дэлхийд жанжлах олон туйлт дэлхийн номлолоос татгалздаг юм байж. Ганцхан ийм ялалтад тэр нүд аниталаа баярлах байх, дүүжлүүрээс мултрах юм биз дээ, тэгээд. Слава Украине! Двесов.Б гэжээ. Би Двесовын бичсэнийг нэмж хассангүй. Төгсгөлд нь олон удаа давтан өчдөгөө дахин давтая. Би бол Оросыг, Оросын ард түмнийг үзэн ядагч биш. Би бол шударга бус энэ дайныг үзэн ядагч. Путины өдүүлсэн бөгөөд тусгаар тогтносон Украины эсрэг энэ түрэмгий дайныг л үзэн ядагч, шүүмжлэгч. Тэгээд одоо тэр дайндаа Путин бүдрээд унасан, Орос эх орноо амьдын там руу түлхэж байна гэдгээсээ ухрахгүй! Трампын дэмжлэггүй Путин нүцгэрлээ!



Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)