sonin.mn

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд Монгол Улсын Их Сургууль, нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт болно. Мэтгэлцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 14 их, дээд сургуулийн 128 баг оролцоно. Оюутан, залуусын мэтгэлцэх, илтгэх ур чадвар, логик сэтгэлгээ, судалгааны чадварыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээнийг зохион байгуулж байна. Мэтгэлцээний техникийн зөвлөгөөн, нээлтийн үйл ажиллагааны үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат үг хэллээ.



НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн “Шинэ үеийн Улаанбаатарыг хөгжүүлэхэд залуусын оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотын хүн амын 34 орчим хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Иймд залуусын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдний дуу хоолой, оролцоо чухал. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс гаргасан Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд чиглэсэн 60 гаруй шийдлээс шалгаруулж, 25 шийдлийг оюутнуудын дунд зохион байгуулж байгаа парламентын мэтгэлцээнд хэлэлцүүлнэ. Тэмцээний үр дүнд гарсан санал, санаачилгуудыг хотын удирдлагын зүгээс хүлээн авч, хотын хөгжлийн төсөл, төлөвлөгөөнд тусгахаараа онцлогтой” гэлээ.



Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн Б.Мягмаржаргал "Бодлогын мэтгэлцээнээр шийдвэр гаргах түвшинд судалгаа, баримтад суурилж, асуудлыг шийдвэрлэдэг. Энэ удаагийн нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээнд 14 сургуулийн 17 клубын нийт 128 багийн 250 гаруй оюутан бүртгүүлж, дөрвөн өдрийн турш мэтгэлцэнэ. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг залуусын оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэх бодлогын шийдлүүдийг хэлэлцэнэ” гэв.



НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга Э.Баттогтох "Оюутан, залуучууд идэвхтэй суралцах хугацаандаа мэтгэлцээнээр өөрийгөө хөгжүүлэх нь чухал байдаг. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит мэтгэлцээний тэмцээнээр мэтгэлцээний соёлыг дэлгэрүүлэхээс гадна шинэ санаачилга болон залуусын дуу хоолойг сонсох чухал алхам болно гэж үзэж байна" гэлээ.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний хэсгийн тоглолтууд арваннэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд, шигшээ тоглолтууд арваннэгдүгээр сарын 23-нд үргэлжилнэ.