sonin.mn
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болоод БНХАУ, БНСУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид хамтарсан бэлтгэл сургалт хийж байна. Анх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү хамтарсан бэлтгэлд “Алдар” спорт хорооноос 40, БНХАУ-аас 15, БНСУ-аас 13 тамирчид хамрагджээ. “Алдар” спорт хорооны дэд дарга, дэд хурандаа В.Гомбожавын өгсөн мэдээллээр хамтарсан бэлтгэл нь гурван улсын чөлөөт бөхийн тамирчид харилцан туршлага солилцох, нэгнээсээ суралцах зорилготой бөгөөд “Алдар” спорт хорооны 2019 оны үндсэн төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа аж. Цаашдаа чөлөөт бөхөөр зогсохгүй жүдо, бокс, буудлага зэрэг хэд хэдэн төрлөөр хамтарсан сургалтыг хийхээр төлөвлөгөөтэй буйгаа ч дуулгав. “Алдар”-ынхан хамтарсан бэлтгэлээс гадна энэ сарын 21-24-нд болох чөлөөт бөхийн улсын аваргад багаараа амжилттай оролцож, дэлхийн аваргад оролцох эрх авах, БНХАУ-д болох Бүх цэргийн 7 дугаар наадамд 9 төрлөөр оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа ажээ.
 
БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчин, 2005 оны чөлөөт бөхийн Азийн аварга В.Сэргэлэн:
 
-Хамтарсан бэлтгэл маш үр дүнтэй болж байна. Манай тамирчид Монгол, БНСУ-ын тамирчдаас олон зүйлийг сурч байгаад баяртай байна. Ялангуяа Монголын тамирчдаас суралцах зүйл их. Тэд бяртай, туршлага сайтай төдийгүй техниктээ гаргуун сайн юм. Миний хувьд Азийн аварга, БНХАУ-ын хоёр удаагийн аварга, дэлхийн оюутны аварга болж байсан. Монголд ирэх их дуртай шүү.
 
БНСУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Юү Пэ Хи:
 
-БНСУ-аас 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирсэн. Хамтарсан бэлтгэлээр манай тамирчид техникээ сайжруулж, харилцан туршлага солилцож байна. Монголын тамирчид техниктээ сайтай гэж гадарладаг ч цуг бэлтгэл хийхэд илүү сайн юм байна гэдгийг нь мэдэрлээ. Энэ завшаанд бэлтгэл явуулах орчин нөхцөлийг бүрэн хангасан “Алдар” спорт хорооныхондоо баярлалаа.
Мөн энэ өдөр БНХАУ, БНСУ-ын багийн дасгалжуулагчдыг “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр хүлээн авч уулзаж, хамтарсан бэлтгэлийн үр дүнгийн талаар ярилцсан. БНХАУ, БНСУ-ын талаас хамтарсан бэлтгэлийг цаашдаа жил бүр тогтмол явуулах сонирхолтой буйгаа илэрхийлсэн бөгөөд хурандаа Г.Өсөхбаяр “Тамирчдынхаа чадвар, туршлага, амжилтыг ахиулах нь бидний гол зорилго. Та бүхний саналыг дуртайяа хүлээн авна” гэсэн юм.
 
Хамтарсан бэлтгэлийг "Алдар" спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр удирдан явуулж байна. Энэ тухай сурвалжилгыг “Соёмбо” сониноос уншаарай.
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин