sonin.mn
Монгол Улс бөхийн орон, Монголчууд бөхчүүддээ хайртай, Монголд хамгийн хүндтэй хүмүүс нь бөхчүүд. Алдар цолтой бөхчүүдээ хань бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь төдийгүй, улс нийтээрээ үе дамжин шүтэж бишэрч бахархдаг ард түмэн.
 
 
 
Монголчууд эрэгтэй хүүхэд төрвөл бөх болно хэмээн бэлэгшээнэ. Багадаа барилдаж өсөөгүй хүүхэд ховордоо, хүүхэд, залуучууд малын бэлчээр дээр ч сургууль соёлын газарт ч, заал танхимд ч хаана л бол хаана барилдаж өснө. Эдний дундаас хэн бяртай чадалтайн зэрэгцээ сэтгэл оюунаа чилээж хүчээ бүрэн дайчилж, бие бялдараа хөгжүүлж бэлтгэл сургуулиа тасралтгүй хийж уйгагүй хөдөлмөрлөж, мэх сурч ухаалаг барилддаг арга барилыг эзэмшсэн нь амжилтад хүрч алдар цол хүртдэг.
 
 
 
Бөхийн барилдаанаа үзээд хандаггүй ийм дуртай ард түмэн Монголоос өөр хэр олон юм болдоо. Бөхөө дээдэлдэг нүүдэлчин Монголчууд болон бөхчүүдийн дунд сонин содон, домог, хууч яриа нэр хоч элбэг. Тэр нь олны дунд түгэн дэлгэрсээр бүүр нэрших нь бий. Ийм хочийг таван хошуу мал, эрхэлж буй аж ахуйтай нь холбон өгөх нь түгээмэл. Даян аварга Н.Жамьянг буур, улсын арслан Б.Жамьяндоржийг тэмээ өргөдөг, улсын начин С.Лхагваа азарга, улсын начин О.Пүрэвийг морьт, улсын заан Ч.Дугарсүрэнг жороо хар, улсын начин С.Сугарыг уурган дэгээ, улсын начин С.Баасанг хайнаг, улсын заан Моломжамцыг буханхүү, улсын заан Дэмэдийг хурган, улсын заан Чойжинг ишгин гэж хочилжээ. Мөн дархан мэхээр нь бас хоч өгдөг байжээ. Улсын заан Д.Лувсанг тавхай, улсын заан Дамдиндоржийг өмсдөг, улсын заан Б.Пүрэвжавыг довцог, улсын начин Д.Гомбосүрэн М.Болдбаатар нарыг дүүгүүр гэж хочилжээ. Өнгө зүс хүч тэнхээ, холч ухааны илэрхийлэл болсон “хар” гэдэг үгийг хэрэглэж хоч өгсөн нь олон бий. Улсын арслан Т.Балсанг хумбан хар, улсын арслан Дагвыг хангалын хар, улсын заан Д.Рэнцэндоржийг хадагт хар, улсын заан Ишгинийг хар хайч, улсын начин Д.Жавзмааг харлага, улсын заан Бямбааг тээхийн хар гарт, улсын начин Дамбадондогийг барилгын бахим хар, улсын начин Ламаажавыг дайрдаг хар гэж хочилдог байжээ.
 
Бөхөө хүндлэн хайрладгийн тод илрэл нь өндөр цолтой олон бөхийн хөшөө дурсгалыг төрсөн нутагт нь босгож мөнхжүүлсэн явдал юм. Булган аймгийн төвд Намхай, Лувсанжамбаа, Б.Түвдэндорж, С.Цэрэн аваргуудын, Увс аймгийн төвд Х.Баянмөнх аваргын, Хэнтий аймгийн төвд Самдан Баянмөнх нарын найман аваргын, Өвөрхангай аймагт Цэрэнтогтох аваргын, Архангай аймгийн цахир суманд М.Жамьян аваргын, мөн аймгийн Батцэнгэл суманд Вандан аваргын, Төв аймгийн Угтаал суманд Д.Хадбаатар аваргын, Говь-Адтай аймагт Ш.Батсуурь аваргын, Ховд аймагт Ванчинхүү арслангийн, Өмнөговь аймагт Дэмүүл арслангийн, Завхан аймгийн төвд С.Шагж арслангийн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд Б.Ганбаатар арслангийн хөшөөг босгожээ.
 
Орчин үед бөхчүүд бяр чадалтай, уран мэхтэй байхаас гадна өндөр боловсрол эзэмшиж эрдэм мэдлэгтэй байхыг эрмэлзэх болжээ. Бөхчүүдийн дотроос эрдэмтэн мэргэд олноор төржээ. Дархан аварга Х.Баянмөнх, улсын харцага Н.Авхиа нар шинжлэх ухааны доктор (ScD), улсын арслан П. Дагвасүрэн, улсын начин Р.Балдорж, Г.Даваасамбуу, Б.Адъяахүү, Г.Пүрэв-Очир нар боловсролын доктор (PhD) цол хамгаалжээ. Бөхчүүддээ дэмжлэг туслалцаа үзүүлж анхаарал халамж тавих нь бүх нийтийн үйл хэрэг болжээ. Улсын цолтой болон өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдийг нутаг орны бөхөө дэмждэг пүүс, компаниуд, спорт хороод, дэвжээ, ажилладаг үйлдвэр, газрууд нь ивээлдээ авч цалин тэтгэлэг олгож нэр дээрээ барилдуулдаг болов. Үүний үр дүнд бөхчүүд байнгын бэлтгэл сургуулилт хийх амжилт гаргах нөхцөл нь бүрдсэн байна.
 
 
 
Сүүлийн жилүүдэд бөхийн бай шагнал ихээхэн өссөн. Улсын наадамд түрүүлсэн бөх гэхэд насан туршийн баталгаатай болдог. Улсаас 10 сая төгрөгийн шагнал, гадаад дотоодын пүүс компанууд 3-4 өрөө байр автомашин болон мөнгөн шагнал олгоно.
 
 
Наадмын дараа төрсөн (уугуул) аймаг сум нэр дээрээ барилдуулдаг компани байгууллага нь хүлээн авч хүндэтгэл үзүүлж, бэсрэг наадам хийж мөн өндөр шагнал олгодог. Иймэрхүү шагнал урамшууллыг улсын наадамд дээгүүр барилдаж шинээр цол авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж байгаа.
Зарим нэрэмжит барилдаан өндөр бооцоотой байх нь бий. Үүний дүнд бөхчүүдийн амьдрал ахуй ч сайжирчээ. Улсын наадамд олон жил амжилттай барилдаж, өндөр цол хүртсэн ахмад бөхчүүддээ зориулж уугуул аймаг сум, нутгийн зөвлөл, спорт хороод, хүүхэд, төрөл төрөгсөд нь бөхийн нэрэмжит барилдаан зохион байгуулж хүндэтгэл үзүүлж алдаршуулдаг болсон нь бас л сайхан хэрэг.
 
 
Д.Ванданмагсар
Бөх сонирхогч, өндөр настан