sonin.mn

Ард нийтийн санал асуулга буюу “АНСА” хөдөлгөөний гишүүд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр хуульч Х.Бат-Ялалт: “1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу одоогоос 65 жилийн тэртээ НҮБ-аас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан байдаг. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль маань “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж...” хэмээн эхэлдэг ч харамсалтай нь өнөөдөр та бид Монгол Улсынхаа тусгаар тогтнолд итгэж байгаа хүн байна уу гэж хүн бүрээс асуумаар нөхцөл байдалд хүрээд байна.


Төрийн түшээдээс эхлээд Монгол Улсын ирээдүйд үл итгэгчид болсон. Монгол Улсыг жижиг, буурай улс гэж ярьдаг болсон. Хоёр хөршөөсөө зөвшөөрөл авч байж зарим зүйлийг хийдэг болсон гэх яриа нийгэмд түгээмэл болжээ. Монгол Улсын ард иргэд эх орноосоо дайжин дүрвэх талаар ярьдаг болсон. Авлига, албан тушаалын гэмт хэрэг хэмжээ хязгаараас давсан. Монгол Улстай холбоотой мэдээлэл, төрийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс хил давж, гадаадад очоод Монгол Улсын дотоод асуудлыг олон улсад дэлгэн ярьдаг болсон байна. Энэ мэт олон санаа зовоосон асуудал байгаа учраас бид “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг байгуулж, эдгээр асуудлаар тодорхой байр сууриа нэгтгэе гэсэн агуулгаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна.


Монгол Улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Монгол Улс бол өөрийн гэсэн хууль, ард түмэн, төр засаг, дүрэм журамтай тусгаар улс. Бидний шийдэх ёстой асуудал бол үнэндээ маш энгийн. Бүгдээрээ хэрхэн шударга амьдрах вэ? Хэрхэн хуулиа дээдэлж амьдрах вэ? Хэрхэн нэг нэгнээ хүндэтгэж амьдрах вэ? Хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байж, нэг нэгнээ ялгаварлан гадуурхахгүй амьдрах вэ? Энэ л бидний хамгийн чухал асуудал юм.



Гэтэл хаа сайгүй нэг нэгнээ луйвардаж байна. Хотынхон идэш бэлдэх цаг болоход идэш зарна гэсэн зарын дагуу луйварт өртөж байна.



Нөгөө талд хөдөөнийхөн өвс зарна гэсэн зарын дагуу их хэмжээний мөнгөө алдаж байна. Тиймээс бид өөрсдөдөө ч бас дүгнэлт хийх цаг болсон. Бид мөр зэрэгцэн, хамтран амьдарч байгаа хүмүүс. Иймд хамтдаа дүгнэлт хийж, хариуцлагаа ухамсарлах цаг иржээ.


Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар нэн даруй хуралдаж, асуудлыг нээлттэй хэлэлцэх цаг болсон байна.


Сүүлийн үед Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчтэй нэр холбогдон яригдаж буй авлига, албан тушаалын гэмт хэргүүд болон Монгол Улсын дотоодод үүсээд байгаа таагүй нөхцөл байдлын талаар нэн даруй арга хэмжээ авч, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, Үндсэн хуульт байгууллаа хамгаалах чиглэлээр бодитой ажил зохион байгуулахыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шаардаж байна.


Бид нийтээрээ зөв байхыг сургаж, аль болох зөв амьдрахын төлөө хүмүүжиж ирсэн ард түмэн. Гэтэл гэмт хэрэг үйлдэх замаар бусдын боломжийг булаах, улс орныхоо ирээдүйг мөхөөх энэ байдал хэрээс хэтэрсэн байна.



Улс төрчдийн амласан амлалтыг хар. Мах, ногооны үнийг хар. Шатахуун, түлшний үнийг хар. Цаашид Монгол хүн яаж амьдрах юм бэ?



Тиймээс бүгдээрээ хамтдаа энэ асуудлыг шийдэхийн төлөө эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байна. Бидний эсрэг байгаа хүчийг эрх баригчдын үйл ажиллагаанаас харвал төрийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж, төрийн мөнгөөр сэтгүүлчдэд мөнгө өгч, мэдээлэл цацуулах явдал байна гэж шүүмжилж байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг хувь хүний талаас нь харахад бидний эсрэг байгаа хүч маш их мэт санагдаж болох юм.


Гэхдээ Монголчууд бүгдээрээ хуулиа баримталж, өөрсдийн хүсэл, шаардлагыг нэгтгэн, хууль ёсны дагуу тэмцэж чадвал цөөн хэдэн хүний хууль бус үйлдэл, эрх мэдлийн нөлөөг даван туулах бүрэн боломжтой. Тиймээс энэ бүхнийг ярилцаж, эвлэлдэн нэгдэнэ гэдэг нь зүгээр л харж суух биш юм. Энэ бол зовлон жаргалаа хуваалцаж, хамтдаа нэг зорилгын төлөө тэмцэж, зохион байгуулалтад орон, өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө нэгдэж байгаа хэрэг юм.


Тиймээс бидэнтэй нэгдэх гэж байгаа хүмүүсийг сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байхыг хүсэж байна. Мөн замын дундаас няцаж, урваж шарвах байдлаар хандахгүй байхыг зөвлөе. Бидний зорилго бол хуулийн хүрээнд эвлэлдэн нэгдэж, Монгол Улсынхаа ирээдүй, ард түмнийхээ сайн сайхны төлөө бодитой өөрчлөлт хийх явдал юм. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ зорилгын төлөө хамтдаа нэгдэхийг уриалж байна.” гэв.


Н.Отгон