Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг тайлбар өглөө. Тэрбээр Ерөнхийлөгчийн өмч хөрөнгө, бизнесийн хамаарал болон ЕТГ-ын ажилтнуудын талаар ярьсан мэдээллүүдийг няцааж, хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэв.
Ц.Ганзориг “Хотын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаар удаа дараа ор үндэсгүй мэдээлэл олон нийтэд хүргэлээ. Энэ нь Монгол Улсын нэр хүнд, үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” хэмээгээд дараах тайлбарыг өгсөн юм.
Нэг. Нисдэг тэрэгний тухай
Ерөнхийлөгч хувийн нисдэг тэрэгтэй гэх мэдээллийг тэрбээр няцаав. Ц.Ганзоригийн хэлснээр, Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг байдгаас 18 нь хувийн компани, иргэдийн эзэмшилд байдаг аж. Харин Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар шаардлагатай үед Зэвсэгт хүчний нисдэг тэргээр үйлчлүүлдэг гэв.
Хоёр. Австрали дахь хаусын тухай
Ерөнхийлөгч Австралид хувийн хаустай гэх мэдээллийг ор үндэсгүй хэмээн мэдэгдэж, тус улсад зорчоогүй 12 жил болж байгааг дурдлаа.
Гурав. “Андууд тауэр”-ын тухай
“Андууд тауэр” Ерөнхийлөгчтэй холбоогүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан концессын гэрээний хүрээнд “Асар өргөө” ХХК-ийн барьж буй барилга гэж тайлбарлав.
Тэрбээр уг компанийг өмнө нь Ардчилсан намаас ИТХ-д сонгогдож байсан Л.Наранбаатар эзэмшиж байсныг мөн дурджээ.
Дөрөв. Аялал жуулчлалын бизнесийн тухай
Ерөнхийлөгч Гачууртад олон зочид буудалтай гэх мэдээлэлд Ц.Ганзориг “Ерөнхийлөгч Тэрэлжид байрлах ‘Илт хаан’ аялал жуулчлалын компанийн 58 хувийг эзэмшдэг бөгөөд үүнийгээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тайлагнадаг” гэсэн тайлбар өглөө.
Тав. Бага тэнгэр дэх үл хөдлөх хөрөнгийн тухай
Х.Нямбаатарын үзүүлсэн зураг, бичлэгт гарч буй Бага тэнгэр дэх үл хөдлөх хөрөнгө нь нээлттэй мэдээллийн сангийн бүртгэлээр “Грийн ресурс” ХХК болон Г.С, С.Б гэх иргэдийн өмч болохыг Ц.Ганзориг хэлэв.
Харин Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаас 1.2 тэрбум төгрөг шилжүүлж, Бага тэнгэр орчимд амины орон сууц захиалсан бөгөөд энэ тухай хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгасан гэж тайлбарлалаа.
Зургаа. “Юнайтед молл” их дэлгүүрийн тухай
Тус их дэлгүүр Б.Даваадорж, С.Ганбаатар гэх иргэдийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд тэд Ерөнхийлөгчтэй холбоо хамааралгүй гэж мэдэгдэв.
Долоо. Тансаг автомашины цуглуулгын тухай
Ц.Ганзоригийн тайлбарласнаар, автомашинуудын эзэн гэх Нямдаваа нь Ерөнхийлөгчтэй фитнест таардаг хүн бөгөөд хамт авахуулсан зургаар нь өмч хөрөнгийн холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй аж.
Мөн Хотын даргын хэвлэлийн ажилтан байсан Г.Золзаяа автомашинуудын зургийг Х.Нямбаатарын захиалгаар авч, тараасан тухайгаа тэдэнд мэдэгдсэн хэмээн Ц.Ганзориг хэллээ. Түүнчлэн Г.Золзаяаг одоогоор БНХАУ-д байгаа гэж мэдээлэв.
Найм. ЕТГ-ын ажилтнууд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн тухай
“ЕТГ-ын ажилтнууд болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дунд ‘Жи-Класс’ унадаг нэг ч хүн байхгүй. Тэдний зургийг нийтэлж, нэр төрд нь халдсан учраас холбогдох хүмүүс хууль хяналтын байгууллагад хандаж байгаа” гэж Ц.Ганзориг мэдэгдлээ.
Ес. Орогнол хүсэхээр бэлтгэж байгаа гэх мэдээллийн тухай
Х.Нямбаатар Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл ирсэн гэж Ц.Ганзориг хэлэв. Гэхдээ энэ талаар ямар эх сурвалжаас мэдээлэл авсан, түүнийг нотлох баримт байгаа эсэхийг дэлгэрүүлсэнгүй.
Тэрбээр Х.Нямбаатартай холбоотой асуудлаар АТГ-аас мэдээлэл өгснийг дурдаж, Туулын хурдны замын санхүүжилт болон нийслэлийн тендерүүдтэй холбоотой асуудлыг хөндлөө. Улмаар Ерөнхийлөгчийн талаар хийсэн мэдэгдлүүдийг нь өөртэй нь холбоотой шалгалтаас олон нийтийн анхаарлыг холдуулах оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Ц.Ганзориг “Монгол Улсад шүүмжлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх байх ёстой. Харин Ерөнхийлөгч болон ЕТГ-ын ажилтнуудыг ор үндэсгүй гүтгэсэн гэж үзэж байгаа тул хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулна. Шаардлагатай бол дахин дэлгэрэнгүй тайлбар өгнө” гэлээ.
М.Чой
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл0