
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан тэдний шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа “Богд” судалгааны хүрээлэнгийн хуульч, судлаач Р.Лхагвабаярыг урьж, ярилцлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль дээр судалгаа хийлээ
-Манай байгууллага хууль зүйн судалгаа, журмын төслийн судалгаа, хуулийн төслийг хэрхэн яаж боловсруулах талаар судалдаг. Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалын дагуу холбогдох хуулийн төслийн судалгаанууд болон хуулийн төслүүд дээр ажилладаг. Би “Богд” судалгааны хүрээлэнд хуульч судлаачаар дөрвөн жил ажиллаж байна. Хууль зүйн салбар нь дотроо зөвлөх үйлчилгээ, өмгөөлөл, судалгаа зэрэг хэд хэдэн хэсэгт хуваагддаг. Эдгээр чиглэлүүдээс хууль зүйн салбарт сүүлийн хэдэн жил мэргэшиж ажиллахаар зорьж байгаа залуу хуульч. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд ихэвчлэн хуулийн төсөл, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг шинэчлэн найруулах, манай улсад байхгүй шинэ хуулийг бий болгох буюу анхдагч хууль гэж ярьдаг төслүүд дээр ажиллаж байна. Манайд яагаад эдгээр хуулийн төсөл хэрэгтэй байгаа тал дээр урьдчилсан тандан судалгааг хийх, түүнийгээ сайжруулах, тэрхүү хуулийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг ажилд зөвлөх үйлчилгээний байдлаар ажилладаг. Мөн манай байгууллага 2023 онд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын захиалгаар нэгэн судалгааг анх гүйцэтгэж байсан. Тухайн үед Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын зүгээс санал тавьж, 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай гэдэг хууль болон Монгол Улсын нэг доороос олон улсын гэрээ болох НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенц дээр нийцлийн судалгааг хийлгэх хүсэлт ирүүлсэн. Нийцлийн судалгаа гэдэг нь манай дотоодын хууль тогтоомжууд буюу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 932 хууль тогтоомжууд нь НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенцэд нийцэж байна уу, үгүй юу цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн конвенцэд цаасан дээр үг өгүүлбэр буюу эрхүүд манай Монгол Улсын дотоодын хууль тогтоомжууд тусгалаа олсон уу гэдэг асуудлыг дэлгэрэнгүй гаргаж ирэх байсан. Товчхондоо конвенцуудын нэгдүгээр зүйл дээр бичигдсэн байгаа өгүүлбэр манай Үндсэн хууль болон бусад хуулиуд дээр өгүүлбэр ба үндсэн агуулга н тусгагдсан эсэхийг илрүүлэх байлаа.
“Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавар, нийцлийг судлах нь чухал”
-Энэхүү судалгааны хүрээ нэлээд томорсон. Хүрээ хязгаараа хаагуур нь хязгаарлах вэ гэдэг асуудал хамгийн хүндрэлтэй нь байсан. Захиалагчийн зүгээс боломжит бүхий л арга барилаар асуудлыг базаад дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатай гэж хэлсэн учраас бид энэ чиглэлээр ажиллахыг зорьсон. Бид энэхүү судалгааг 2023 онд 6-7 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенц буюу Олон улсын гэрээ хэлэлцээрийн нийцэл хэрэгжилтийг үнэлэх тухайлсан аргачлал манай улсад байдаггүй. Түрүүн дурдсан 2016 онд батлагдсан хууль тогтоомжийн тухай хуульд заасан хэд хэдэн судалгаа байдаг ба тэр судалгааг гүйцэтгэх судалгааны аргачлалыг Засгийн газраас баталсан байдаг. Засгийн газраас батлагдсан аргачлалын нэг нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг судлах, нийцлийг судлах тэр аргачлал дээр илүү төвлөрч Олон улсын гэрээ конвенц буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц дотоодын 930 орчим хуульд тусгагдсан байгаа юу, тусгагдсан бол хэрэгжилтийг яаж үнэлэх вэ гэдгийг гаргаж ирэхийг зорьсон. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гамшиг ослын үед яаралтай тусламж авах эрхтэй гэж заасан бол тэр эрх нь гамшгийн тухай хуульд тусгагдсан уу, хуульд заагдсан тэр механизм нь тодорхой байна уу, тухайн гамшиг тохиолдсон үед хөгжлийн бэрхшээлтэй хүний энэ эрхийг хэрхэн яаж хангах вэ, үйл ажиллагаа нь практикт хэрхэн явагдаж байгаа талаарх асуудлуудыг гаргаж тодорхой болгохоор ажилласан.
Хуулийн хэрэгжилт 50 хувьтай байна
-Энэ судалгааг хийхдээ холбогдох нээлттэй судалгаа, мэдээлэл, бүлгийн ярилцлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан дээр дүн шинжилгээг хийсэн. Манай багийн зүгээс конвенцын 1-33 дугаар зүйлийн хэрэгжилт болон нийцлийг авч үзсэн. 34 дугаар зүйлээс хойшоо хорооны үйл ажиллагаа буюу аж ахуйн, дотоод үйл ажиллагаа байдаг. Тэдгээр зүйл заалтуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйл ажиллагаа тухайлан байдаггүй учраас 1-33 дугаар зүйлийг онцгой ач холбогдолтой гэж үзэн 34-өөс хойших зүйлийг энэ үнэлгээгээр авч үзээгүй. 2023 онд судалгааны ажил дуусаж, 2025 онд дахин гүйцэтгэхэд дүр зураг өөрчлөгдөөгүй ижил байсан. Судалгааны үр дүнд нийт конвенцын 82.4 хувь буюу 23 зүйл, 79 хэсэг, 81 заалт нь монголын хууль тогтоомжид тусгалаа олсон байна гэж манай багийнхан дүгнэсэн. Үлдсэн 17.6 хувь нь дотоодын эрх зүйн орчин буюу холбогдох хууль тогтоомжуудад тусгагдаагүй эсвэл хэтэрхий ерөнхий буюу конвенцын агуулга шууд илэрхийлэгдэж чадахгүй байдлаар тусгагдсан байсан. 1-33 дугаар зүйлийн хэрэгжилт манай улсад 50 хувьтай байна. Хэрэгжиж байгаа заалтуудын хувьд конвенцын 7,8,10,13,15,18,20,23,27,31,32 дугаар зүйлийг тодорхой хэрэгжиж байна гэж үзсэн. Тодорхой хэмжээнд хэрэгжиж байгаа боловч энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрхээ 100 хувь эдэлж байна гэсэн үг биш. Үүнтэй холбоотойгоор тодорхой арга хэмжээг төрийн болон төрийн бус холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа. Конвенцын 5, 6, 11, 12, 14, 17, 19, 24, 25, 26, 33 дугаар зүйлүүдийн хэрэгжилт маш хангалтгүй байсан.
20 гаруй тогтоолыг хуулийн төсөлд оруулсан
-Байнгын хорооны тогтоолын агуулга манай судалгаатай хэрхэн уялдсан бэ гэхээр байнгын хороо нь эдгээр дурдагдаж байгаа асуудлуудыг багцалж авч үзсэн. Бид О.Саранчулуун гишүүнтэй нэлээд ойр ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бүхий УИХ-ын гишүүн учраас энэ асуудлаа нэлээд сайн мэддэг, энэ асуудалтай холбогдох байгууллагуудтай уялдаа холбоог нь хангаж ажиллаж чаддаг байсан. Гишүүний хувьд конвенцын хэрэгжилтийн үнэлгээ дээр санал нийлж, хэрэгжиж байгаа болон хэрэгжихгүй байгаа зүйл заалтууд дээр өөрийн санал бодлыг илэрхийлсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн автомашины наалт авахын тулд гурван төрийн байгууллагын үүдийг сахидаг зэрэг асуудлуудыг тухай бүрд хэлж сануул байсан. Байнгын хорооны зүгээс нийт 20 орчим агуулга бүхий тогтоолыг батлахаар ажлын хэсгээс санал оруулсан. Бидний конвенцын судалгааг нэлээн том үндэслэл болгож оруулсанд талархаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх хууль, эх зүйн актууд тусгалаа сайн олсон боловч конвенц болон хуулийн хүрээнд хэрэгжилт хангалтгүй байна. Үүнд хэрэгжүүлэх чиг үүрэг хүлээсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд үйл ажиллаагаа авч хэрэгжүүлэх тал дээр дутуу ажиллаж байна гэж үзсэн. Мөн эдгээр байгууллагуудыг буруутгахаас илүүтэйгээр хуулийг хэрэгжүүлэх механизмыг тодорхой зааж өгөөгүй байгаа юм. Энд нэгдүгээрт санхүүжилтийн асуудал орж байна. Маш сайхан үг өгүүлбэртэй хууль тогтоомж журмыг баталдаг ч түүнийг хэрэгжүүлэх тайлан төлөвлөгөө нь байхгүй, төсөв мөнгө нь хаанаас гарах нь тодорхойгүй. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хууль дээр биш конвенцын асуудал дээр ч биш манайд мөрдөгдөж байгаа бүхий л хууль дээр санхүүгийн хөшүүргийн механизм өөрөө маш хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг ч мөн байнгын хорооны тогтоол дээр оруулсан.
Нэр томьёоны орчуулгын алдаанаас асуудал үүсэх эрсдэл харагддаг
-Ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслээд батлагдсан тогтоолын төсөлд хуулийн хэрэгжилтийг хангах механизм дутмаг байна. Санхүүжилтийн механизмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хуульд болон эрх зүйн акт, төсөвт тусгах шаардлагатай байгааг байнгын хорооны гишүүд тухайн үед сайн хэлсэн. Мөн конвенцын орчуулгын асуудал байгаа. Конвенцэд манай улс 2008 онд нэгдэж орсон. 2017 онд орчуулга нь орсон юм байна гэж би ойлгосон. Тухайн үед нэлээд нямбай, чамбай хийгдсэн боловч зарим нэг нэр томьёоны агуулгыг бүрэн дүүрэн орчуулж чадаагүйгээс болж нэр томьёоны зөрүүтэй байдал үүссэн юм болов уу гэж харж байлаа. Үүний нэг илрэл нь Эрүүл мэндийн тухай хууль дээр бол конвенцын 26 дугаар зүйлд нөхөн сэргээлт нь зөвхөн нөхөн сэргээх гэсэн агуулгаар орсон байдал юм. Нөхөн сэргээлт нь 3-4 төрлөөр явагддаг бол энэ нь ганцхан агуулгаар орсон байх жишээтэй. Энэ мэтчилэн агуулгуудыг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос нь урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд тэр хүнийг нийгэмд нь эргүүлэн оруулах эрх тэгш боломжоор хангах зэрэг цогц үйл ажиллагаа байдаг боловч эмнэлэгтэй холбоотой асуудал ганц агуулгаар орсноор болж асуудал үүсэж байгаа. Шаардлагатай бол учир дутагдалтай хэсгийг дахин орчуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.
Үүнтэй уялдуулаад эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжуудыг шинэчлэх шаардлагатай. Энэ агуулгуудаар тогтоол өргөн хүрээнд гарсан. Мөн байнгын хорооны бусад гишүүдийн зүгээс өөрсдийн саналыг хэлж 10 орчим асуудлыг тогтоол дээр нэмж тусгуулахаар болсон. Хөгжлийн бэрхшээлтийн хүний эрхийн тухай хууль дээр зургаан төрлийн хориглолт байгаа. Энэ нь конвенцоос улбаалж орсон ирсэн.
Тухайн хориглолтыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хууль дээр хүлээх хариуцлага нь байхгүй ч гэх юм уу асуудал бас байдаг. Энэ мэтчилэн хүлээлгэх хуулийн хариуцлага нь тодорхойгүй учраас тухайн хуулийн хэрэгжилт хангалтгүй байж магадгүй гэсэн асуудал гарч ирсэн. Ингэснээр 11 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дараах хуулийн төслүүдийг байнгын хорооны хуулийн төсөлд дурдсан. Засгийн газрын нэн тэргүүнд хийх ажил бол энэ 11 хууль дээр холбогдох нэмэлт өөрчлөлүүдийг яаралтай оруулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0