sonin.mn

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Энэ удаа бид Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярыг урьж, ярилцлаа.


“Улаанбаатар хот бол нүүж байх явцдаа л хөгжиж ирсэн”


-Дэлхийн хотууд хот төлөвлөлтөө гоё сайхан, үзэмжтэй гэхээс илүү иргэддээ ээлтэй төлөвлөж, энэ хөгжлийнх нь нэг чухал үзүүлэлт болж байна. Мөн хуучин хотоо түүхээр нь үлдээж жуулчдад үзүүлж түүнээсээ ашиг орлого олж байгаа улс орон ч олон бий. Энэ нь хотын хөгжилд төлөвлөлт гэхээс илүү түүхэн ач холбогдол нь чухал гэдгийг нэг талаараа харуулж байна. Тэгвэл бидний амьдарч байгаа Улаанбаатар хотын түүхэн онцлог нь юу юм бэ. Ямар цаг хугацаа, замыг туулж, өнөөдөрт ирэв. Энэ талаар яриагаа эхэлье?


-Улаанбаатар хот бол 380 гаруй жилийн түүхтэй. ХVII зууны үед буюу 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Халхын Жавзандамба хутагтын хойд дүрээр тодруулж, түүнд зориулж орд, өргөө байгуулж өгсөн. Тэр нь өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл байлаа. Өөрөөр хэлбэл, шашны орд өргөөгөөс Улаанбаатар хот үүссэн. Манай хотын анхны байршил нь Ширээт цагаан нуур юм. Тэндээсээ нүүсээр байгаад Их Монгол Уул хүртэл явсан. Ер нь хотын нүүдэл 1778 он хүртэл үргэлжилсэн байдаг. Нүүгээд байсан шалтгаан нь мэдээж нэгдүгээрт, монголчуудын нутаг сэлгэнэ гэж ярьдаг, нүүдэлчин ахуйтай холбоотой. Хоёрдугаарт, нэг газраа удаан байхаар газар талхлагдах буюу ус, бэлчээр муудах. Мөн нэг газарт олноороо бөөгнөрөхөөр өвчин тахал бий болох гээд олон шалтгаанаар нүүдэг байжээ. Тэгэхээр Улаанбаатар хотын түүхэн онцлогуудын нэг нь шашны орд өргөөгөөс үүсэлтэй, мөн нүүдэг хот байсан юм.


-Газар зүйн байршлуудын хувьд хотын нүүдэл хаагуур илүү төвлөрч байсан бэ?


- Орос, Хятадыг холбосон цайны зам Монголыг дайрч өнгөрдөг байсан ХVIII зуун буюу 1700 оны эхэн үеэс эхлээд Хүрээ энэ зам дагуу нүүж эхэлсэн. Яг голд нь байрлаж, худалдааны гол бүс болж, нутаг сэлгэхдээ ч зам дагуу нүүдэллэж байв. Ингээд Улаанбаатар хотын түүхэнд эргэлт авчирсан нэг чухал үйл явдал ХVIII зууны дунд үед өрнөсөн. Тухайлбал, 1740-1750 оны үед Хүрээ Монголын хамгийн том худалдааны төв болсон. Яг энэ үетэй давхцаад Монголын хамгийн том шашны төв болсон. Ингэж Занабазарын орд өргөө Их Хүрээ нэртэйгээр боссон байгаа юм.


-Тэр цаг үеэс эхлээд нүүдэллээгүй юу?


-1778 он хүртэл нүүсэн шүү дээ. Нүүж байх хугацаандаа л хөгжсөөр байсан. Монголын хамгийн том худалдааны төв, шашны төв дээр нь Монголын хамгийн том хот болчихсон байсан гэж зарим судлаач үздэг. Яагаад гэхээр нэгдүгээрт, хүн ам олонтой. Мөн хотын хэв шинжийг агуулсан гудамж, хашаа үүссэн байна. Ингээд ХVIII зууны дунд үеэс хашаа, гудамж улам боловсронгуй болж, хот талаасаа олон өөрчлөлтүүд бий болсон. Сүм хийдүүд нэмэгдэж, сүм хийдийн архитектурт бас их өвөрмөц гоё болж ирсэн байгаа юм.


Худалдааны төв, зах зээлээ дагаад хүн амын тоо улам бүр нэмэгдэж байлаа. Худалдаачид бий болж хүн амын бүрэлдэхүүн, бүтцэд нь өөрчлөлт орсон. Өмнө нь зөвхөн лам нар л бүрдүүлж байсан бол хятад, орос худалдаачид, харчууд нэмэгдсэн. 


ХVIII зуун бол Улаанбаатар хотын хөгжилд маш чухал зуун байсан юм. Ингээд 1778 оны дараагаас хүрээний нүүдэл ерөнхийдөө зогсож, хотжилт улам эрчимтэй явагдаж эхэлсэн. Барилга байшингууд нь суурин хэв шинжтэй болсон. Өмнө нь хүрээ нүүхдээ хашаа, сүм хийд, дуганаа бүгдийг нь буулгаад аваад явдаг байсан бол ерөөсөө суурьшихаас өөр аргагүйд хүрсэн. Хүн ам өсөж, нүүх зардал өндөр болсон. Тэр үед Хүрээний нүүх зардлыг Богдын шавь гаргадаг байсан байгаа юм. Ингээд ерөнхийдөө тухайн үеийн Алтан тэвш буюу одоогийн энэ Сэлбэ голын хөндийд сууршсан. Түүнээс хойш 1839 онд лам нарын хэсэг Толгойтын ам руу нүүчхээд 1855 онд буцаж ирсэн. Үүнээс өөрөөр хөдөлгөөн хийгээгүй байдаг.


“Хотын байршил оросуудад хятадуудад ч ашигтай хувилбар байсан”


-Алтан Тэвшийн хөндий хэр оновчтой байршил байсан бэ?


-Орос Хятадыг холбосон Цайны зам буюу худалдааны замын яг төв дундах газар учраас нэгдүгээрт, монголчуудад хамгийн ашигтай байршил байсан. Мөн оросууд хятадуудад ашигтай. Яагаад гэхээр оросууд шууд Хятад руу очиж, худалдаа хийвэл цаг хугацаа, эдийн засгийн хувьд алдагдалтай. Хятадуудад ч мөн ялгаагүй.  Тэгэхээр яг дундаа буюу манай хотод уулзаж, худалдаа наймаа хийх нь аль аль талынхаа эрх ашгийг хангаж байв. Мөн Хятадаас Орос руу маш их цай зөөдөг. Цайны хаалганаас Хиагт хүртэлх тэмээн жингийн цувааны тээврийн асуудлыг нь ерөөсөө манай монголчууд хариуцдаг байсан. Тэгэхээр тухайн цаг үед Хүрээ зөвхөн худалдаа хийдэг газар биш, тээврийн асуудлыг зохицуулдаг, хятад, орос худалдаачид ирж, яриа хэлэлцээ хийдэг ийм газар болж хувирсан. Ерөнхийдөө Орос, Хятад, Монгол гээд гурван улсад маш ашигтай байршил байсан, одоо ч тийм байгаа.


-Тэгэхээр анх хотын байршлыг тогтооход хөрш орнуудын нөлөө ч байсан гэж үздэг үү?


-“Та нар энд буу, ийшээ нүү, энд хотоо байгуул” гэж зааварлаагүй ч гэсэн эрх ашиг нь нэгдэж байсан гэхэд болно. Тэгээд Хүрээг энэ бүх эрх ашгууд, улсуудын нэгдэл хот болгон хөгжүүлсэн байгаа юм. Мөн тухайн цаг үед Монголд маш олон хүрээ хийд байсан. 


Жавзандамба хутагтын хүрээнээс гадна Заяын хүрээ, Луу гүний хүрээ, Тариатын хүрээ гээд л. ХХ зууны эхэнд гэхэд 790 гаруй хүрээ хийд байсан гэж үздэг. Тэр дотроос Богдын хүрээ хот болсон. 


Ерөөсөө энэ хүрээ хийд явсаар Улаанбаатар хот болон хөгжихөд нөлөөлсөн ганцхан хүчин зүйл нь газар зүйн ашигтай байршил юм. Худалдааны зах зээл нь маш олон хүнийг татах хүчтэй. Зөвхөн Монголчуудыг биш хятадуудыг, оросуудыг татаж байсан. Тэгээд дээр нь Богд Жавзандамба хутагт өөрөө маш нэр хүндтэй байсан учраас шашны төв байгуулж чадсан. Худалдааны зангилаа гэдэг нь хүрээг хот болгож байсан бол шашны төв байгуулагдсан нь хотын агуулга, онцлогийг бий болгож байлаа.


-Улаанбаатар хот 380 гаруй жилийн түүхтэй. Өндөр настай хотдоо багтах уу. Манайх шиг шашны хэв шинжийг агуулсан олон хот байдаг уу?


-Дэлхийтэй харьцуулбал манайх харьцангуй залуу хотдоо орно. Эртний Грек, Ром гээд явчихна шүү дээ. Тэд бараг 2500 жилийн түүхтэй.  Мөн дэлхийн хотуудын түүх ерөнхийдөө бас л худалдааны хөгжил дээр тулгуурласан байна. Манайх шиг шашны онцлогтой хотууд ч бий. Боловсрол, соёл, урлагийн төв болсон хотууд нэлээд бий. Дээр нь бас улс төрийн төв гэдэг зүйл хот дээр нэмэгддэг. Газар зүйл байршил бас хотын үүсэл хөгжилд маш чухал. Энэтхэгт гэхэд гол мөрний дунд маш том соёл иргэншил үүсэж байгаа шүү дээ. Яагаад гэхээр тэнд газар тариалан эрхлэх боломжтой. Хүмүүс хамтраад амьдрахад таатай орон зай байгаад байна. Тэгэхээр хотын хөгжил бас хүний хөгжил амьдралын хэв маягийг дагаж бий болдог зүйл.


-Таны ярианаас Улаанбаатар одоо ч маш ашигтай байрлал дээрээ байгаа гэж ойлголоо. Гэхдээ хотыг нүүлгэх асуудал үе үе яригддаг?


-Хамгийн ашигтай байрлал нь мөн. Манай улс хоёр том гүрний дунд оршиж байна. Орос, Хятад хоёрыг холбож байгаа гол замууд Улаанбаатараар дайрч байна. Мөн инженерийн буюу дэд бүтцийн шугам сүлжээнүүд, Логистикийн холбоо зангилаанууд ерөөсөө л Улаанбаатар хот дээр төвлөрч байна. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн төв, төвлөрлийн төв. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, засгийн төв нь юм шүү дээ. Тэгэхээр хотыг нүүлгэх асуудал бол эрчээ авахгүй байх.


-Хотын хөгжлийг өндөр барилгаар хэмжихээ болчихжээ. Манайх түүхэн ач холбогдол талаасаа ямар хот вэ?


-Энэ асуудлыг ярихаасаа өмнө би хотын түүхийн сэдвийг хаая гэж бодож байна. Улаанбаатар хот 1778 онд энд ирж суурьшаад нүүдлийн хотоос суурин хот болсон. Тэр цаг үеэс эхлээд хотжилт маш эрчимтэй явагдсан. 


Ингээд 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээснийхээ дараа 1912 онд Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ гэж нэрлээд албан ёсоор нийслэл хот болсон байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын худалдааны, шашны гол төв байсан бол нэмээд улс төрийн төв албан ёсоор болсон байдаг.


Тэрнээс өмнө Их Хүрээ зүүн хоёр аймгийн улс төрийн төв байсан юм. Тэгээд 1911 онд тусгаар тогтнолоо сэргээсний дараа анхны Богдын Засгийн газрын таван яам байгуулагдсан. 1911 оноос хойш Монголын нийгмийг орчин үеийн болгох, хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхах гэсэн бодлогыг Монголын төр баримталж ирсэн. Цаг хугацаа бага байсан ч тодорхой шинэчлэлүүд явагдсан. 1921 онд үндэсний ардчилсан хувьсгал гарч, шинэ нийгмийг байгуулах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд нийгмийн суурь шинэчлэлүүдийг хийсэн байгаа. Шинэ хотыг байгуулсан. Тэр хотоор дамжуулж орчин үеийн шинэ орон зай, шинэ урлагийг бий болгосон байдаг. Ингэж Монгол Улс социалист Улаанбаатар хот буюу Азийн цагаан дагина нэрлэсэн шинэ Улаанбаатар хотыг ерөнхийдөө 1921-1990 оны хооронд байгуулсан.


“Хотын нэрийг солих тийм ч чухал асуудал биш”


-Ер нь бол социалист хэв маягийн хот тийм үү. 1990 оноос хойш ардчилсан нийгэмд шилжсэнээр ямар өөрчлөлтүүд гарсан юм бэ?


-Энд бид нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Социализмыг ярихдаа ялангуяа залуучууд маш их муулдаг. Муулахдаа социализмын үеийн хүн байхгүй болж байж, бид дахиад шинэ шинээр хөгжинө гэдэг ч юм уу, эсвэл социализмын үеийн бүх барилга байшингуудыг буулгасны дараа хөгжинө гэдэг ч юм уу, иймэрхүү хүмүүсийн тархийг угаасан зүйл яваад байдаг. Энэ бол маш буруу үзэл бодол. Яагаад гэхээр социализмаар дамжиж нийгэм хөгжсөн. Социализм гэдэг бол нэг талаараа улс төрийн том систем. Үзэл санаа талаасаа социализмтай зэрэгцэх зүйл байхгүй. Социализмаар дамжиж орчин үеийн амьдралын хэв маягийг бий болгож чадсан. Өнөөдөр бид эрчим хүчтэй байна. Байшин, орон сууцад амьдарч байна. Нийгмийн үйлчилгээнүүд авч байна. Ийм үр дүн гарчхаад байхад социализм бол муухай, буруу байсан гэж ярих хэрэг байхгүй л дээ. Тэгэхээр үүнийг бид маш сайн ялгаж, салгаж ойлгох шаардлагатай. Одоо тэр чинь бидэнд нийгмийн сургамж болоод тэр замаар бид дахиж явахгүй шүү дээ. Бид энэ замаар явсаар ардчилсан хувьсгал хийж өнөөдөр эрх чөлөөтэй нийгэм бүтээгээд амьдарч байна. Энэ бол нийгмийн маш том шинэчлэл, маш том өөрчлөлт. Үүнийг бид социалимзын суурин дээр бүтээсэн.


-Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх ёстой гэж бас зарим судлаачид үздэг юм билээ. Үнэхээр тийм шаардлага бий юу?


-Маргаантай байдаг сэдвүүдийн нэг. 1924 оны Улсын анхдугаар хурлаар Улаанбаатар хот гэдэг ийм нэртэй болсон. Одоо болтол тэр нэрээрээ явж байгаа. Нэг зүйлийг шулуухан хэлэхэд, Улаан гэдэг нь бол коммунизмыг бэлгэдэж байгаа нэр томьёо. Баатар гэдэг нь тэр хуралд оролцсон хүмүүсийн гаргасан Баатар хот гэж нэрлэе гэсэн санал л даа.


Энэ бүхэн угаасаа хурлын тэмдэглэлд маш тодорхой байдаг. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хурлын төлөөлөгч нар хотын асуудлыг хоорондоо хэлэлцээд ер нь нийслэл хотынхоо нэрийг өөрчилье гэж шийдсэн. Тэгсэн чинь маш олон нэрүүд гарсан.


Нийслэл хот гэж нэрлэе, Баатар хот гэж нэрлэе гээд ерөнхийдөө Баатар хот дээр тогтчихсон байсан чинь Оросын коминтерны төлөөлөгч Рискулан гэдэг хүн шинэ цагийн байдалд нийцүүлээд Улаанбаатар гэж нэрлэе гэсэн. Тэгээд гишүүдийн олонх дэмжээд Улаанбаатар нэртэй болсон байдаг. Ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байгаа ч бид хотынхоо нэрийг өөрчлөөгүй. Ер нь судлаачид хотынхоо нэрийг сольё л гэдэг юм. Би аль ч талд нь байдаггүй. Ардчилсан нийгэмд хүмүүс олонхоороо шийдэх байх. Түүнээс миний байр суурь тийм чухал биш. Миний зүгээс энэ нэр ямар утга учиртай вэ гэдгийг ярьж чадна. Тухайн цаг үеийн хүмүүс социализм гэдэг чинь их гоё нийгэм л гэж төсөөлж ийм нэр өгсөн байж таараа шүү дээ. Ерөнхийдөө хотын нэр солих нэг их тийм чухал биш ээ. Нэрийг нь өөрчлөхийн тулд бидэнд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага гарна.

Хуучин Баатар хот нэрээр нь явуулъя гэдэг. Мөн Өргөө гэж нэрлэе гэсэн саналууд маш их гаргадаг л даа. Гэхдээ монгол хүн Өргөө гэж ерөөсөө ярьж байгаагүй шүү дээ. Тийм эх сурвалж ч байхгүй.


-За хоёулаа түрүүний асуултдаа оръё. Өнөөдрийн Улаанбаатар хот ер нь ямар хот болчхов оо. Алдаа оноо нь юу байна?


-Улаанбаатар хот түүхэндээ гурван өөр хэв шинжтэй өөрчлөлтийг хийсэн байна. 380 гаруй жилийн хугацаанд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазараас VIII Богд Жавзандамба хүртэл буюу цаг хугацааны хувьд 1639-1924 он хүртэл юм. Энэ үеийн хотыг Богдын хүрээний Хүрээ хот гэж нэрлэж ирсэн. Гол эзэн нь Богд байсан. Хотынх нь гол архитектур, орон зай нь шашны хэв шинжтэй, хотын иргэдийн олонх нь лам нар байсан байна. Шашин сүм хийдэд түшиглэж бий болсон гэсэн үг. Харамсалтай нь энэ хотыг 1937 онд тэр чигт нь буулгаад 1940-өөд оны үеэс эхлээд дээр нь социалист Улаанбаатар буюу орчин үеийн хотыг бий болгох бодлогыг хэрэгжүүлсэн.


-Тэр чигээр нь буулгасан гэж үү?


-Тийм ээ. Тэр чигт нь буулгасан шүү дээ. Тэндээс ердөө долоон сүм хийд, 15 барилга, гурван хөшөө үлдсэн. Ингээд л болоо. Одоо бид Улаанбаатар хотдоо үүх түүхээрээ бахархаж, ХХ зууны эхэн үеийн Богдын хүрээний гудамжаар алхаж чадахгүй. 380 жилийн түүхтэй хотынхоо 100 жилийн өмнөх гудамжаар ч явж үзэхгүй байна гэдэг харамсалтай шүү. Бид тийм хоттой байсан гэсэн ойлголт ч байхгүй үлдэж байна. Дааман хаалгатай ч юм уу, шургааган хашаатай гудамж байхгүй. Дотор нь хойд талдаа байшинтай гэртэй, байшингууд шашны хэв шинжийг агуулсан загвартай гэдэг ч юм уу. Хотынхоо тийм гоё дүр төрхийг бид тэр чигт нь устгачихсан байхгүй юу. Зарим хүмүүс Гандангийн гудамж байдаг гэж ярьдаг. Тэнд гудамж байгаа ч дүр төрх нь байхгүй. Тэгэхээр тийм дүр төрхийг харуулсан орон зайг бид шинээр дахиж сэргээж байгуулах шаардлагатай. Аялал жуулчлал, өв соёл талаасаа ч 100 жилийн өмнөх хотынхоо дүр төрхийг авч үлдэх ёстой. Дараа нь бид яасан гэхээр 1924-1990 он хүртэл социалист Улаанбаатар хотыг шинээр байгуулсан. Цоо шинэ хотыг бид нар байгуулахдаа хүнд зориулж байгуулсан. Бүүр Монгол хүнд зориулж байгуулсан. Ихэнх хаалганууд нь урагшаагаа хардаг, талбайтай лабораториуд хийгээд маш гоё. Төв талбай тойроод дөрвөн давхраас дээш байшин барихгүй гэдэг. Хот төлөвлөлтийн маш гоё шийдэл буюу зарчмыг баримталж байсан. Саяхныг хүртэл буюу 2004 он хүртэл ийм л зарчимтай, хот маань сайхан байлаа.


-Гэтэл одоо хүнд зориулсан хот гэж хэлэхэд жаахан хэцүү болоод байх юм?


-Тийм ээ. Хот өөрөө өндөржилтийн хязгаарыг нь тогтоогоод өгчихөөр тэнд яг тийм л барилга баригддаг.  Маш гоё, орон зайтай, тэгш хэмтэй, гоё харагддаг байлаа. Тэгээд гудамжнуудаа ч гэсэн маш гоё төлөвлөсөн. Бас л тэгш хэмтэй яг хүнд зориулсан ногоон хот байв. Мөн өнгөний код нь цагаан. Бүх байшингууд нь цагаан өнгөтэй. Дээврүүд нь бүгдээрээ ногоон. Хотын дизайны асуудлыг бүрэн шийдээд явж байсан шүү дээ. Гэтэл 2002 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх тавдугаар ерөнхий төлөвлөгөө гэж батлагдсан юм. Монголчууд анх удаагаа төлөвлөгөө батлаад 2013 онд дараагийн шинэ төлөвлөгөө гарахад дүгнэсэн. Гэтэл 2002 оны тэр төлөвлөгөө ердөө 29 хувьтай хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөнийхөө 70 хувийг бид бүүр таг мартаж, хотоо хөсөр хаясан.


“Улаанбаатар хотыг уг нь Монгол хүнд зориулж байгуулсан юм шүү дээ”


-Уг нь хэрэгжүүлсэн бол сайн төлөвлөлт байсан уу?


-Ерөнхийдөө сайн. Хамгийн гол нь хэрэгжүүлж чадаагүйд байгаа юм. Хотыг бүсчилж хөгжүүлнэ гэдэг маш зөв байсан. Бүсчлэхээр цахилгаан станц, дулааны асуудлаа бид тэлнэ гэж шийдсэн байсан. Тэрийгээ хийж чадаагүй. Хотын инженерийн дэд бүтцээ тэлж чадаагүй учраас шууд хуучин хот дээрээ шинэ хотоо байгуулчихсан. Өөрөөр хэлбэл, Бага тойруу, Их тойруу чинь социализмын үеийн хот шүү дээ. Тэгэнгүүт дээр нь шинэ хот байгуулчихаар хуучин хот байхгүй болно. Мөн шинэ хот байгуулахдаа хуучин хотынхоо сул орон зайнууд дээр өндөр өндөр барилгууд бариад эхэлсэн. 


Хүүхдийн тоглоомын талбай ногоон байгууламж зэрэг хүнд зориулсан орон зайнуудыг шилэн барилга бариад дүүргэчихлээ. Мөн одоо нэгэнт дүүрчихсэн юм чинь хуучныг нь буулгая гээд нөгөө социализмын үеийнхээ барилгуудыг буулгаж байгаад дээр нь өндөр шилэн барилга бариад чигжчихсэн.


Үүний үр дүнд одоо манай Улаанбаатар хот хүнд таагүй, эрүүл биш, аюултай тийм хот болсон байна. Хуучин хот дээрээ шинэ хотоо байгуулсан нь бидний хамгийн том алдаа байсан. Шинэ хотыг байгуулах үйл явц маань хуучин хотыг буулгах үйл явц болчихсон байна. Үүний үр дүнд бид нэгдүгээрт, хүнд зориулсан орон зайг алдчихаж байгаа юм. Хүн таатай амьдрах, тухтай, аюулгүй байх орон зай байхгүй болсон. Явган алхах, дугуйтай явахад ч хэцүү болчихлоо. Зогсоолгүй болсон. Зарим хүн ярьдаг л даа. Улаанбаатар хотыг социализмын үед машинд зориулж бариагүй, хүнд зориулж барьсан гэж. Өмнө нь машин маш цөөхөн байсан. Гэхдээ бид энэ орон зайг эвдээгүй байсан бол ингэж байшин барилга бариагүй байсан бол машинтай байсан ч алзахгүй байлаа. Одоо ч тэр алдаагаа бид давтсаар байна л даа.


-Ер нь дэлхийн хотууд, ялангуяа барууны орнууд хотыг хуучин шинэтэй нь давхар авч явж хөгжүүлээд байна. Тийм үү?


-Тийм. Одоо бидэнд хуучин хотын гэх юмгүй боллоо. Энх тайвны өргөн чөлөөний хэдэн барилгууд байна. Зүүн баруун дөрвөн зам дагасан хэдхэн дөрвөн давхар барилгууд байна шүү дээ. Мөн хотын захиргаа барилгыг одоо буулгаад зочид буудал барих юм гэнэ. Бид хот яг ямар байсан, ямар онцлогтой байх вэ гэдэг нь хэнд ч чухал биш юм уу. Хотынхоо ой санамж, амин сүнсийг устгаад байгаад үнэхээр харамсалтай байдаг. Одоо шилэн барилга бол дэлхийн хаана ч байна. Азид, Европт, Америкт ч байгаа. Харин бидний үндэсний онцлогийг шингээсэн хуучин барилгууд дэлхийн хаана ч байхгүй. Өөрийн гэсэн онцлоггүй ийм л Улаанбаатар болж хувирлаа. Одоо дэлхийн улс орнууд соёлын өв гэж яриад байна шүү дээ. Хотынхоо ой санамжийг, соёлын өвийг авч үлдэхийн тулд орон зайгаар нь хамгаалж байна. Гудамжаар нь, бүүр зарим хотууд дүүргээр нь тэр чигт нь хамгаалалтад авчихсан байгаа. Бүтэн авч үлдэхийн тулд тэрэнд хэн ч гар хүрдэггүй. Шинэ барилга барьдаггүй, хэрэв гар хүрэхээр бол дандаа сэргээн засварладаг. Хуучин дүр төрхөөр нь, анхных нь дүр төрхөөр авч үлдэх гэж хөрөнгө мөнгөө зарцуулж байна. 


Гэтэл Улаанбаатар хотод Соёлын өвийн хууль нь ч хэрэгждэггүй, хайр найргүй нураагаад л байдаг. Улс төрийн шийдвэр нь хуулиас дээгүүр л алхаад байгаа шүү дээ. Үнэхээр хамгаалж дийлэхгүй байна.


Нийслэлийн удирдлагууд нь хотдоо ямар ч хайргүй байна. Үүнийг үлдээе гэсэн сэтгэл байхгүй. Соёлын өвийн талаар ямар ч мэдлэг алга даа. Уг нь тэд Соёлын өв хамгаалах тухай хуулиар бүгд соёлын өвөө хамгаална гэсэн үүрэг хүлээчихсэн байгаа. Тэгээд үүргээ ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Хоёрдугаарт хотыг ерөөсөө тэлэхгүй юм. 1925 онд 61 мянган хүнтэй байсан Улаанбаатар хот өнөөдөр 2025 он сая 800 мянган хүнтэй. Улаанбаатар хотын хүн ам нийтдээ 30 дахин нэмэгдчихсэн байна шүү дээ. Гэтэл хот нь ерөөсөө тэлээгүй, нэг л хотын төвтэй. 100 жилийн өмнө Бага тойруу хотын төв байсан. 100 жилийн дараа буюу өнөөдөр ч Бага тойруу хотын төв хэвээрээ л байна.


Хотын төлөө юу ч хийхгүй, зүгээр улс төр хийж, идэж уугаад, газрыг нь зараад л, хуучин барилгуудаа буулгаж, ой санамжийг нь алдуулаад л. Сүүлдээ манай хот бүүр юу ч биш болчихлоо. Гаднынхан ирээд энэ хотыг яг ямар хот гэж нэрлэх юм бэ. Бүүр одоо мэдэхээ байчихсан.


Ингэхээр аялал жуулчлал ч хөгжихгүй шүү дээ. Хүмүүсийг татах бүх орон зайгаа устгачихаар хэн ирэх юм. Урт цагааныг буулгачихлаа. Урт цагаан чинь манай хотын маш том таних тэмдэг байсан шүү дээ. Одоо ч хүмүүс Урт цагаан гээд ярьж л байна. Тухайн хотынх нь хүмүүс ямар нэгэн газарт очихдоо хаана байна гэж асуухгүйгээр шууд яваад очдог тэр газрууд бол дандаа хотынхоо таних тэмдгүүд байдаг. Одоо манай хотод тэнд байна гэхээр шууд асуухгүйгээр яваад очдог ердөө хэдхэн газар байна. Ард кино театр байна. Хүмүүс Соёлын хуульд бүртгэж аваагүй ч гэсэн Ардыг яагаад хамгаалаад байсан гэхээр манай хотын бас л нэг таних тэмдэг байсан. Тэр чинь муухай барилга ерөөсөө биш. Манай орчин цагийн Улаанбаатар хотын одоо анхны модерн барилгын нэг байсан юм шүү дээ. 


-Соёлын өвөө сэргээн засварлах ажлуудыг хийж байна. Гэхдээ энэ ажил ямархуу явдаг бол?


-Чойжин ламын сүм, музей, Богд хааны ордон музей дээр туршилт хийчихлээ. Бид ацан шалаанд ороод байна. 2015 онд Богд хааны хүрээ ордон цогцолбороос үлдсэн дөрвөн барилга бий. Түүнээс “Хайстайн Лаврин” гэж барилгыг нэг компани сэргээн засварлах нэрээр тендер аваад, сэргээн засварласан. Түүнийг сэргээн засварласан гэж хэлэхэд маш хэцүү. Учир нь анхныхаа дүр төрхтэй яг адилхан биш. Зүгээр орчин үеийн модон барилга болсон. Тэгж сэргээн засварлах юм бол засварлуулаагүй байсан дээр. Энэ дээр ямар нэгэн зөвлөлдөх уулзалт хийгээгүй. Мэдээлэл байхгүй. Зүгээр модыг модоор сольсон чинь тэр нь анхны төрх нь мөн ч юм шиг, биш ч юм шиг болсон. Тэгэхээр бид нар арга зүйгээ буруу сонгосон. “Тэр барилгыг тэр чигт нь буулгаж байгаад шинээр барьчихаар одоо тэр барилга анхных нь мөн үү” гэдэг асуудал гарч ирж байгаа. Мөн Хэрлэн Барс байна. Хэрлэн Барсыг гадуур нь тоосго өрсөн. Анхных нь дүр төрх нь алдагдаж, орчин үеийн хүмүүсийн хийсэн бүтээл болсон. Соёлын хамгаалах хуульд сэргээн засварлана л гэсэн зүйл байгаа. “Сэргээн засварлаж байгаа үйл явцыг яаж боловсронгуй болгох вэ” гэдэг дээр эрх зүйн орчин ч, арга зүйг нь ч тодорхой болгох шаардлагатай байна. Бас хийж байгаа үйл явцыг олон нийт, судлаачид нээлттэй, олон зөвлөлдөх уулзалтуудыг хийсний үр дүнд ямар арга зүйгээр сэргээн засварлана гэсэн үйл явцыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа.




Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин