
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 29 /BBC/. АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэрт хориг тавьснаар түүний эдийн засгийн бодлогод томоохон цохилт өглөө. Цагаан ордны ашигласан онцгой байдлын тухай хууль нь бараг бүх улс оронд татвар ногдуулах эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгохгүй гэж Олон улсын худалдааны шүүх үзжээ.
Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт төвтэй тус шүүх мэдэгдэхдээ, АНУ-ын Үндсэн хууль нь бусад улстай хийх худалдааг зохицуулах онцгой эрхийг Конгресст олгодог бөгөөд энэ нь эдийн засгийг хамгаалахад чиглэсэн ерөнхийлөгчийн шийдвэрээр хязгаарлагдахгүй гэжээ.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш хэдхэн минутын дараа Д.Трампын засаг захиргаа давж заалджээ. Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа Д.Трамп Хятад, Мексик, Канадаас АНУ-д нэвтрүүлж буй мансууруулах бодис, хууль бус цагаачдын урсгалын хариуд эдгээр улсад ногдуулсан татварт шүүхээс мөн хориг тавьсан байна. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Куш Десай мэдэгдэхдээ, үндэсний хэмжээнд онцгой байдал үүссэн үед хэрхэн зөв шийдвэр гаргах нь сонгогдоогүй шүүгчдэд хамаарахгүй гэжээ.
“Ерөнхийлөгч Трамп Америкийг эн тэргүүнд тавихаа амласан бөгөөд засаг захиргаа хямралыг даван туулах, Америкийн агуу байдлыг сэргээхийн тулд гүйцэтгэх засаглалын бүх хөшүүргийг ашиглахыг эрмэлзэж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Д.Трамп дэлхийн улс орнуудад татвар ногдуулна гэдгээ дөрөвдүгээр сарын 2-нд мэдэгдсэнээс хойш дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үүсээд байгаа бөгөөд Цагаан ордон гадаад орнуудын засгийн газруудтай хэлэлцээ хийсний дүнд зарим шийдвэрээ эргэн харж, татварын хувь хэмжээг бууруулж байгаа юм. Өнөө өглөө Азийн хөрөнгийн биржүүдэд Японы Nikkei 225 индекс ойролцоогоор 1.5 хувь, Австралийн ASX 200 индекс бага зэрэг өссөн байна. Шүүхийн шийдвэрийн дараа АНУ-ын индексүүд мөн өссөн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
О лхагвадорж гэдэг орк,,,энэ мэдээг уншсан байх хэмээн найдаж байгаа шүү,,