ОТТАВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Reuters/. Канад улс Арктик дахь байр сууриа бэхжүүлэх зорилтын хүрээнд Гренланд болон Аляскийн Анкориж хотод хоёр шинэ консулын газар нээхээр төлөвлөж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Анита Ананд мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Орос, Хятадын сонирхлыг улам бүр татаж буй цас мөсөөр бүрхэгдсэн, ашигт малтмалаар баялаг Арктикт Канадын байр суурийг бэхжүүлнэ хэмээн Ерөнхий сайд Марк Карни амлаж байгаа юм.
А.Ананд “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ, Арктик бол Канадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм гэж хэлжээ. “Оросын дэд бүтэц улам бүр хойд зүг рүү шилжиж байгаагаас гадна туйлын мөсөн бүрхүүл хайлж байгаатай холбоотойгоор Арктикаар дамжин өнгөрөхөд хялбар болж байгаа тул энэ бүс нутаг маш чухал юм” гэж тэрбээр ярилаа.
Канад улс 11 дүгээр сард Гренландын Нуук хотод консулын газар нээхээр төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулжээ. А.Анандын хэлснээр, Анкориж дахь Канадын консулын газар хэзээ нээгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Энэ оны эхээр Д.Трамп Данийн харьяаны өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландыг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлснээр Арктикийн орнуудын дунд хурцадмал байдлыг өдөөжээ. Гренландыг нэгтгэх Д.Трампын хүсэлд Канад улс хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа талаар тодруулахад А.Ананд, “Арктикийн ач холбогдол болон мэдээж Канадын бүрэн эрхт байдлын талаар ямар ч алдаа гаргахгүй байхыг” Нордикийн орнуудын түншүүдээсээ шаардаж байгаа гэж хэлсэн байна.
Тэрбээр мөн саяхан Умард Атлантын гэрээний байгууллагын /НАТО/ Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй ярилцаж, Арктик дахь хүчийг бэхжүүлэхийг уриалсан гэдгээ хэлжээ.
“Би түүнээс 'НАТО бодитоор юу хийх гэж байна вэ?' гэж асуусан” гэж А.Ананд хэлээд, батлан хамгаалахын зардлыг энэ онд ДНБ-ий 2 хувь, 2035 он гэхэд 5 хувь хүртэл нэмэгдүүлэх М.Карнигийн төлөвлөгөөг дурдсан байна. Мөн ирэх зун Гадаад хэргийн сайд нарыг Канадын Арктикт айлчлахыг урихаар төлөвлөж байгаагаа хэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 12 сарын 17,
2025

Сэтгэгдэл1
Hend ch hereggui hulduus uls. Amerikiig parazitlaj amdarch irsen hognuud