sonin.mn

 

2012 оны УИХ-ын сонгуулийн Увсын тойргоос хэл амтайхан сонгогдон гарч ирсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлын дагуу тэд­ний бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгаа  хаагдсан үед сурталчилгаа хийсэн, төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаандаа ашигласан зэрэг үйлдлүүдийг нь хянан хэлэлцэв.
 
 
 
Тэд УИХ-д ямар арга зам­аар гарч ирсн­ийг хянан  хэлэл­цсэн  Улсын Дээд шүүх­ийн шийдвэр энэ удаа тэдний талд гарсан. Энэ тухай дараа өгүүлнэ. Харин эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн  мэдэлд байдаг “Хурд” компанийн барьсан барилга тогтоосон метр квадратдаа хүрдэггүй, байнга 2-5 метр квадрат дутуу байдгаас болж  худал­дан авсан ир­гэд хохирсоор байгаа ажээ.
 
 
 
Төв цэнгэлдэхийн ойролцоох “Рапид харш” гэсэн гоё нэртэй барилгууд ашиглалтанд ороод удаагүй байхдаа тааз, булан тохой нь мөөгөнцөрдөж, дээврээс нь дусаал гоожих зэргээр оршин суугч­дын тав тухыг алдаг­дуулж байсан нь саяхан.
 
 
 
Тэгвэл сүүлийн үед эдгээр байшингийн метр квадрат нь тооцоо хийсэн хэмжээнээсээ ихээхэн дутуу байгааг иргэд  тогтоож, УИХ-ын эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнг тойрсон бас нэгэн дуулиан үүсээд байгаа ажээ.
 
 
 
Ялангуяа Цэнгэлдэхийн хажуугийн 15 дугаар байрны оршин суугчид “түр хороо” байгуулах хэмжээнд хүрч асуудал ихээхэн даамжирч байгаа сурагтай. Харин  Б.Чойжилсүрэн гишүүний 9911..... руу залгасан оршин суугчид  байнга гадаадад яваа тайлбар сонсон  дөжирцгөөж “Энэ хүн ер нь Монгол Улсын иргэн мөн үү” гэж  ярилцах болжээ.
 
 
 
Хэдийгээр УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд гадаад, дотоодод амарцгааж байгаа ч Б.Чойжилсүрэн гишүүний хилийн дээс алхалт  завсар чөлөөгүй байгаа бололтой. Мөнгөтэй хүн Хайнаньд амарч, Сингапур нисэх нь өргөс авахаас амархан болсон одоо үед түүний гадаадад зорчих нь хувь хүний эрх боловч ядаж ганц удаа утсаа авдаггүйд нь иргэд ихээхэн гомдолтой байгаа гэнэ.
 
 
 
Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хэрэг Улсын Дээд шүүх дээр шийдэгдэж байхад түүний эзэмшлийн “Хурд” компанийн барьсан “Рапид харш”-ын оршин суугчид дараагийн заргыг эхлүүлэх бололтой. Энэ янзаараа байвал  Б.Чойжилсүрэн гишүүн энэ хавар, зуныг шүүхийн хаалга татсаар өнгөрүүлэх бололтой. Хэрэг хуучирдаггүй ээ гэж.
 
 
Эх сурвалж: