sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.Ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг уригдлаа. Тэрбээр “Манай улсын ажиллах хүч 1.2 сая хүний бараг дөрөвний нэг нь төрөөс цалинжиж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Төр баялаг бүтээгч биш учраас ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь төрд ажиллаж байгаа нь буруу жишиг юм.
 
 
Төр зөвхөн зохицуулалтаа авч үлдээд бусад ажил, үйлчилгээгээ хувийн хэвшилд шилжүүлж хүний нөөцийн бодлого, менежментийг ашиглах нь зөв. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ баялаг бүтээх, эдийн засгаа тэлэх чиглэлд ажиллуулахын тулд төрийн данхар бүтэц, уялдаа холбоо сул байдлыг багасгах ёстой.
 
 
 
Уул уурхайн салбарт ч мөн адил төр баялгийг тэгш хуваарилах, зохицуулахад оролцож болно. Харин хувийн хэвшлийг олборлолт хийх боломжоор нь хангаж, лицензийг ч мөн адил либералчлах ёстой. Гэхдээ эдийн засгаа тэлэх стратегийн мега төслүүд дээр бол мэдээж төрийн зохицуулалт, оролцоо байх нь лавтай.
Төр зарим үйлчилгээ, эрх мэдлээ хувийн хэвшилд шилжүүллээ гээд айхтар асуудал үүсэхгүй болов уу. Тэртээ тэргүй Монголын төр хувийн хэвшилдээ маш сайн хяналт тавьдаг гэж боддог. Зарим үед хяналт нь хэтэрдэг ч байж мэднэ. Харин төр өөртөө хэр сайн хяналт тавьж чадаж байна гэдгээ эргэж харах хэрэгтэй. Хувийн хэвшил үйлчилгээгээ чанаргүй үзүүлбэл тендерийн хар жагсаалтад оруулах, гэрээ цуцлаад дараагийн компанид шилжүүлэх гээд хяналт тавьж, хариуцлага тооцох зэрэг олон арга хэлбэр бий. Гэтэл төр өөрийнхөө үзүүлж байгаа үйлчилгээнд хяналт тавих бэрхшээлтэй. Одоогийн системээр бол төр өөртөө биш хувийн хэвшилд хяналт тавих нь илүүтэй байгааг бодолцох хэрэгтэй” гэж “Зууны мэдээ” сонинд ярилаа.
 
 
С.Саруул
Эх сурвалж: Зууны мэдээ сонин