Гаалийн Ерөнхий газар /ГЕГ/-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Тамираатай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол орны эдийн засгийн өсөлт гаалийн үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт оруулж байгаа нь дамжиггүй. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?
-2012 оны нэгдүгээр сарын байдлаар 735 сая ам.долларын гадаад худалдаа хийгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 178 сая ам.доллар буюу 32 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд гол нөлөөлсөн зүйл бол экспортын өсөлт. Нэн ялангуяа ашигт малтмал, түүн дотроо төмрийн хүдэр, нүүрсний экспорт өндөр хувийг эзэлж байна. Ер нь бол нийт гадаад худалдааны 218 сая долларын бараа нь зөвхөн нүүрс, төмрийн хүдэр байна. Өнгөрөгч цагаан сарын үеэр импортын өргөн хэрэглээний бараа ч бас 30-аад хувиар нэмэгдсэн. Энэ бүхнийг дагаад манай ажлын ачаалал, хяналтын чиглэл эрс өөрчлөгдөж байгаа. Үүнээс шалтгаалсан бодлогын судалгаа, шинэчлэлийн ажил ч эрчимжиж байна.
-Нүүрс экспортлож буй компаниуд гааль дээр ямар татвар төлдөг вэ?
-Ямар ч татвар байхгүй. Үйлчилгээ үзүүлсний хураамжны мэдүүлэг дээр 8200 төгрөг л авдаг. Орлогын албан татвар, байгалийн нөөц ашилсны төлбөр 2.5 хувийн татвар зэргийг холбогдох бусад байгууллагууд нь авна.
-Их хэмжээгээр гарч байгаа энэ ашигт малтмалд гаалийн хяналтыг ямар байдлаар тавьж байна вэ?
-Экспортод гарч буй иймэрхүү төрлийн барааг 2 чиглэлээр шалгадаг. Нэгдүгээрт, мэдүүлэгт заасан ашигт малтмал эсэхийг шалгана. Нүүрс гэсэн мэдүүлэг доор зэс, зэсийн хүдэр гаргаж байхыг үгүйсгэхгүй учраас ингэж шалгадаг. Хоёрдугаарт гаргаж буй бүтээгдэхүүн дотроо үнэт металл, эсвэл түүхийн үнэт зурсгалын зүйл, агнахыг хориглосон ан амьтны арьс үс байгаа эсэхийг шалгадаг.
-Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын экспорт эрс өсөж буй талаар та сая дурьдлаа. Энэ өсөлтийг дагаад яг дээр дурдсан нарийвчилсан хяналт шалгалт явуулахад тодорхой бэрхшээл гарч байгаа байх?
-Мэдээж хэрэг зүй ёсоор тийм асуудал гарч ирж байгаа. Улирлын шинж чанартай боомтууд гаргаад ч ачаалал төдийлөн багасахгүй байгаа нь үнэн. Үүнээс гадна гаалийн байгууллага маань экспортыг дэмжих чиглэлээр хяналт шалгалтаа аль болох хурдан шуурхай байлгах үүрэг ч хүлээсэн. Иймээс аж ахуйн нэгжүүдийн итгэлтэй байдлыг үнэлэн эрсдлийн тооцоо гаргадаг. Үүнийхээ үндсэн дээр хамгийн зөрчил гаргаж болохуйц аж ахуйн нэгжүүдэд түлхүү анхаарал тавина. Олон жилийн шалгалтаар зөрчил гаргаагүй аж ахуйн нэгжүүддээ эрсдэл тооцсны үндсэн дээр гаалиар шууд нэвтрүүлдэг.
-Шууд нэвтрүүлнэ гэдэг маань өнөө шүүмжлэлд өртөн хүчингүй болсон «ногоон гэрэл»-ийн компаниуд гэсэн үг үү?
-Үгүй. Шууд нэвтрүүлнэ гэхээр л гаалийн шалгалт дуусчихаж байна гэсэн үг биш. Рентгенээр харна. Сонгон түүвэрлэх шалгалт хийгдэнэ. Тэгээд дээр нь хяналтын бүсэд нүүрс ачигдахад камераар харж байгаа.
-Итгэлцэл тэгээд яаж тогтох вэ?
-Юун түрүүн гаалиар үйлчлүүлж буй компаниудаа судалдаг. Гаалийн мэдүүлгээ үнэн зөв өгдөг эсэх, үнийн дүн, жин хэмжээгээ бодитой мэдүүлдэг эсэх, тухайн аж ахуйн нэгж бусад хууль хяналтын байгууллагууд ямар нэгэн зөрчил гарган шалгагдаж байгаа эсэх, нийгмийн даатгалын байгууллагад өр төлбөртэй эсэх гэх мэт үндэслэлээр шалгаад, хурдан шуурхай байх үүднээс дэмжиж ажилладаг. Авдаг хураамж, төлбөрөө бол яг л адилхан авна. Итгэлцэл үүсээгүй компаниудын хувьд 100 хувийн нарийвчилсан үзлэг хийгддэг.
-Монголын гааль хэдийнээс үйл ажиллагаандаа ийм зарчим баримталж эхэлсэн бэ?
-2008 оны 7 дугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Гаалийн тухай хууль”-ийн дагуу Эрсдэлд суурилсан гаалийн хяналтын стратегийг баримтлах болсон.
-Сүүлийн үед гаалийн байгууллага онц ноцтой зөрчил хэр их илрүүлэв?
-Ер нь жилийн энэ мөчлөгт байдал харьцангуй гайгүй байдаг. Гэхдээ зөвхөн өнгөрсөн 1 дүгээр сард л гэхэд 7 ноцтой эрүүгийн хэрэг гарсныг гаалийн ажилтнууд илрүүлж, холбогдох байгууллагуудад нь шилжүүлсэн байгаа. Тухайлбал, Байгаль орчны сайдын тушаалаар агнахыг хориглосон амьтныг бүтнээр нь болон, арьсыг нь хилээр давуулахыг оролдсон, үнэт метал хууль бусаар хилээр нэвтрүүлэх, Улсын нууцад багтах мэдээлэл бүхий газрын зураг нэвтрүүлэхийг завдсан гэх мэт үйлдэлүүдийг илрүүлсэн.
Тухайлбал, энэ оны 1дүгээр сарын сүүлээр 260 грамм алт гаалиар гаргах гэж байгаад баригдсан тохиолдол гарсан. Монгол Улсын иргэн өөрийн машиндаа алт нуугаад хилээр нэвтрэх гэж байхад нь Шивээ хүрэн дэх гаалийн улсын байцаагч илрүүлсэн. Энэ бол хамгийн багаар бодоход улсад 20 гаруй сая төгрөгний хохирол учруулах үйлдэл байсан. Мөн Буянт-Ухаагийн гааль дээр Монгол Улсын ашигт малтмалын газрын зураглал, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хэд хэдэн лицензийн Монгол Улсын иргэн хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Ийм зураглал бол Улсын нууцад хамаардаг зүйл. Сонирхолтой нь энэ зураг Бээжингээс Улаанбаатарт орж ирж байсан зорчигчоос илэрсэн. Энэ хэргийг харьяаллынх нь дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн.
Үүнээс гадна татвар төлөхгүй зорилгоор гаалийн бүрдүүлэлтээ буруу хийх, огт гаалийн бүрдүүлэлтгүй бараа оруулж ирэх гэх мэт захиргааны зөрчил их гарч байна. Жишээ нь 10 ширхэг IPHONE ямар ч гаалийн мэдүүлэггүй мэдэн будилан хил гаргахыг оролдох гэх мэт хэрэг их байгаа. Энэ бүх хэрэг зөрчилтэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газар “Эрсдэлийн оношлогооны төв” байгуулж байгаа. Мөн түүнчлэн томоохон боомтууд байрлах газар лабораториуд байгуулагдсан. Замын-Үүд, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Сэлэнгэ, Дорнод аймгуудад гаалийн лаборатори байгууллаа.
-Сүүлийн үед Монгол Улс хар тамхины дамжин өнгөрөх орон болсон талаар ярих боллоо. Гааль дээр иймэрхүү хэргийн илрүүлэлт хэр байна?
-Дэлхийн гаалийн байгууллагаас манай хоёр хөршийг маш том хэрэглэгч учраас өндөр сонор сэрэмжтэй ажиллах чиглэлийг үргэлж өгч байдаг. Оны өмнө Буян-Ухаагийн гаалийн байцаагчид Монгол Улсаас хилийн чанадад гаргаж буй 1.9 кг хар тамхи илрүүлсэн. Мөн Замын-Үүдийн гааль дээр хил гаргахыг завдсан 1.6 кг хар тамхи илрүүлсэн байгаа. Эндээс санаа зовоож байгаа гол зүйл бол дээрх тохиолдлууд нь бүгд Монголоос гарч буй хар тамхи байгаа юм. Иймээс энд дамжиж өнгөрч байгаа суваг байж болзошгүй учраас өндөр хяналт тавьж, бүх боомтууд зөвхөн хар тамхиар мэргэшсэн ноход ажиллуулж байгаа. Үүн дээр мэдээж манай цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа ч ихээхэн тус нөлөөтэй.
-ОХУ руу бараа бүтээгдэхүүн экспортолохын тулд заавал урьдчилан мэдүүлсэн байх ёстой гэсэн журам гарсан тухай мэдээлэл манай сонинд ирсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?
-ОХУ-д Гаалийн холбоо гэж байдаг. Энэ холбоонд ОХУ, Беларус, Казакстан гэсэн 3 улсын гааль багтдаг. Манай улс энэ гурван улсад бүгдэнд нь бараа бүтээгдэхүүн экспортолдог. Саяхан ОХУ-ын Гаалийн холбооноос манай гаальд албан тоот ирсэн. 2012 оны 5 дугаар сарын нэгнээс эхлээд Монгол Улсаас ОХУ-д экспортолж буй барааг гаалиар нэвтрүүлэхдээ урьдчилан мэдүүлэх шаардлага тавьж байна. www.customs.ru цахим хуудсанд хандаж гаалийн мэдүүлгээ урьдчилан өгч байж гаалиар нэвтрэх ёстой боллоо. Уг цахим хуудсанд хэрхэн бүрдүүлэлт хийх талаар зөвлөгөө, маягт загварын хамт тавигдсан байгаа.
Хэрэв урьдчилсан мэдүүлэг өгөхгүй бол ОХУ-ын гааль дээр цаг алдах, алдагдал хүлээх эрсдэлтэй. ОХУ-ын зүгээс урьдчилсан хяналтын систем нэвтрүүлж байгаа нь энэ юм. Үүнтэй холбоотой нарийвчилсан мэдээлэл авъя гэвэл ГЕГ-ийн Олон нийттэй харилцах хэлтэст хандах боломжтой. Нэмж хэлэхэд Монгол улсын гааль “Итгэ, гэхдээ шалга!” гэсэн зарчмын баримтлан ажиллаж байгаа. Бидний итгэлийг хүлээхийн тулд та эрсдэл үүсгэхгүй байх ёстой, тэгсэн тохиодолд бид бүх талаар дэмжиж ажиллах болно.
Я.Баяраа
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл0