sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын “Синьхуа” мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч Цай Минжао болон ОХУ-ын “Тасс” мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов нар лхагва гарагт уулзаж, хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ.
Ц.Минжао хэлэхдээ, “Синьхуа” агентлаг нь БНХАУ-ОХУ-ын харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт хэвлэл мэдээллийн байгууллагын үүргээ маш сайн биелүүлсээр ирсэн хэмээгээд, мөн “Тасс” агентлагийг дотны түншээ хэмээн үздэг гэдгээ илэрхийлсэн байна.
“Энэ онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан мэдээллийн хоёр агентлагийн төлөөлөгчдийн харилцан солилцоог явуулж, олон үйл ажиллагааг зохион байгуулж, БНХАУ-ОХУ-ын харилцаанд шинээр хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байна” гэж Ц.Минжао хэлжээ.
“Синьхуа” агентлагт зочилж буй С.Михайлов хэлэхдээ, уламжлалт харилцаатай манай хоёр агентлагийн хамтын ажиллагаа нь ОХУ-БНХАУ-ын хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэжээ.
Мөн тэрбээр, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан харилцан айлчлал, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг