sonin.mn

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань

- Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм. Насанд хүрээд хүний эхнэр, айлын бэр, гэрийн эзэгтэй. Төдхөн л ээж болно. Төрийн албанд, эсвэл хувийн хэвшилд ажилтан, албан хаагчийн үүргийг гүйцэтгэнэ. Хажуугаар нь төрсөн эцэг, эх, ах, дүү нартаа мөн хадам ээж, аавдаа санаа тавих үүрэгтэй. Хүүхдийн тоо олширно, гэр орны ажлын хэмжээ нэмэгднэ. Өрх айлын гол хүн нь цаг ямагт л эмэгтэйчүүд, ээж нар байдаг. Нөхрөө, хүү, охидоо, зочноо хооллоно...


Охин, эхнэр, ээж байснаа хадам ээж, худгуй, төдхөн эмээ гэгдэнэ. Бэр, хүргэдтэй холбоотой үүргүүд гарч ирнэ, ач, зээ нартай холбоотой ажил бас ундарна. Нас ахих хэрээр өөрт нь ч олон өөрчлөлт, бэрхшээл үүснэ. Тэр бүхнийг давж гарах нь ер амар зүйл биш...



Заримдаа сөхрөх шахна, заримдаа цөхрөх шахна, тэр бүхнийг нь ойлгох, туслах, дэмжих хүн байхаасаа байхгүй нь их... 

45-аас цааших насны, 60-аас дээш насныхны бие болоод сэтгэл санааны элдэв бэрхшээлийг арай хийн давж чадаад байхад нь зарим өрхийн тэргүүн нар хорвоог орхиж эмээ нар ганцаар хоцорно, өрх толгойлно. Энэ үед хүү, охин, бэр хүргэн, ач зээ, ачинцар, зээнцэрүүдийн тоо 20-60 хүрсэн байх нь элбэг. Эмээ нар тэр бүхэнтэй харьцна, зөвлөгөө өгнө, тусалж дэмжинэ, тэтгэврийн хэдээ ч хайрлахгүй. Зарим нь бүр гэрээрээ ажиллаж мөнгө олно, хүнсний зах дээр таягтай, харааны шилээ зүүчихсэн, тор дүүрэн бараатай хазганан явж тааралдана...


Эрэгтэй хүний дундаж нас эмэгтэйчүүдийнхээс богино болохоор хөөрхий муу эмээ нарын нуруун дээр гэрийн дотоод, гэрийн гаднах ажил хоёулаа л үүрэгдэнэ...


45 хүртэлх насанд нь төрөөс “ЭХИЙН АЛДАР ОДОН” шагнадаг бол 80, 90 хүрэх насанд эмээ нарыг бараг л бүгдээрээ мартна... Гэтэл эмээ болсон наснаасаа хойш эмэгтэйчүүд маань Монголынхоо хүн амзүйн бараг л бүх бүлэг, хэсэгт ач хүргэж, тус болж, сургаж, хүмүүжүүлж, эмчилж, тэнхрүүлсээр л явдаг. Ингэхээр “ЭХИЙН АЛДАР” одонгийн удаах нь болгож “ЭМЭЭГИЙН АЛДАР ОДОН” буй болгох нь хүмүүний ёсонд, тэр дундаа хүн амаа өсгөж ядаж байгаа Монголын маань бодит байдалд 100 хувь нийцэх бус уу? Хууль санаачлах эрхтэй 100 гаруй субъектуудад хандаж энэ үйлсэд хичээл, зүтгэл гаргахыг уриалж, бас гуйж байна. 

Энд би эмээ нарын гавъяа, зүтгэлийн хагаст нь ч үл хүрэх хэмжээтэй зүйлсийг л өгүүллээ.


Бүгдийг нь тоочих, тодорхойлох аваас ахиад ч олон хуудас бичихэд хүрнэ шүү дээ. Надаар хэлүүлэлтгүй хүн бүр л эмээ нарын баатарлаг хөдөлмөр, амь хайргүй хичээл, зүтгэлийг мэднэ. Би зөвхөн л асуудал дэвшүүлж байгаа төдий цөөн зүйлийг өгүүллээ...


“ЭМЭЭГИЙН АЛДАР ОДОН” бүхий эмээтэй дүйцэх хэрийн гавъяатан өнөөдөр хэр олон байдаг бол оо? гээд нарийн нягт судлах аваас нийт гавъяатны хэдэн хувь нь тэнцэх хэмжээнийх болж тодрох бол? Ядаж л 10 хувь нь тэнцэх байгаа...

“ЭМЭЭГИЙН АЛДАР ОДОН”-гоор шагнагдах болзол, тодорхойлох субъект, дагалдах мөнгөн шагнал мэтийн асуудлыг цаг үеийн нөхцөл, байдалд нийцүүлэн боловсруулах хэрэгтэй байх. 

Эмээ нарын яруу алдарт зориулсан хөшөө дурсгал, талбай, музей ч буй болох бизээ. Ачийг ачаар л хариулдаг монгол дэг ёс, уламжлал, заншил буй билээ.


Судлаач, профессор Д.Чулуунжав