Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах ажилтан Д.ЦОГТООС дараах зүйлийг тодрууллаа.
 
-Ойрын үед цаг агаарын төлөв байдал ямар байх вэ?
 
-Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр ойрын хоёр хоногт Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн өмнөд хэсэг, нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд ганцааранг нь явуулахгүй байх нь чухал. Тээврийн жолооч нар хол ойрын замд гарахдаа автомашины бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангаж, бензин шатахууны нөөц, дулаан хувцастай зорчих хэрэгтэй. Онцгой байдлын газраас цаг агаарын байгууллагын мэдээ, анхааруулгыг үндэслэн олон улсын “Мерси кор Монгол” байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бүх аймгийн 20 гаруй мянган малчинд гар утсаар дамжуулан мэдээллийг хүргэж байна.
 
-Нийт нутгаар цаг агаар таагүй байх нь дээ, тийм үү?
 
-Нийслэлд хур тунадас орохгүй ч салхи секундэд 4-9 метр, зарим үед баруун хойноос 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 10-12 хэм буюу ерөнхийдөө сэрүүвтэр байх нь. Баруун аймгуудын нутгаар бороо орохгүй бол төв, зүүн аймгийн нутгаар бага зэргийн хур тунадастай байхаас гадна цасан шуурга шуурч, шөнөдөө 3-8 хэм хүйтрэх бөгөөд өдөртөө 11-19 хэм дулаан байх төлөвтэй. Харин говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, Дорноговийн өмнөд хэсгээс бусад нутагт 1-6 хэм хүйтэрч, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
 
-Энэ зун цаг агаарын төлөв байдал ямар байх бол?
 
-Зургаадугаар сард хур тунадас олон жилийн дунджаас ахиу, долоо, наймдугаар сард дунджийн орчим байх бол ихэнх нутгаар 18-26 хэмийн дулаан байх төлөвтэй байгаа. Зуны саруудад хэт халалт үүсэхгүй.
 
 
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин