- Ариун жихадын төлөө амиа золиослосон “Аль-Каеда”-гийн “2001.09.11”-ний 25 жилийн ой тохиож байна
- “2023.10.07”-ны цуст хар өдрийн гурван жилийн ой мөд тохионо
- Бас еврейчүүдийг үзэн яддаг монголчуудын сонорт хүргэх үгс байна
- Золоор “Монгол” гэж бичээгүй байна, 20 орчим улсын нэр бичээтэй байгаа дотор, гэхдээ
- Лалын терроризм руу хальтрахад сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихсон монгол хүн мэр сэр байгаа нь нууц биш
Яагаад ч юм энэ Эпштайн гэдэг нөхрөөс болж Монголд, монголчуудын дунд еврейчүүдийн (жүүдүүд) нэр тааруухан байгаа. Хаа ч билээ, алс баруун хязгаарт израилийн жуулчид руу хутга агсан дайрч “Хайль Гитлер!” хэмээн хашгиралдсан гэх шуугиан дэгдсэн. Монголд олборлож, хайгуул хийж, баяжуулж, хамтарсан үйлдвэр ажиллуулахад чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт, төслүүд бүгд “шулан мөлжигч еврей”-чүүдийн хомхой сэтгэл болж монголчуудын нүдэнд харагдаад айдсын мангас болчихсон ч юм шиг. СОР17 олон улсын хурлыг хардаж гүтгэхдээ Монголын газар, бэлчээр, мал сүргийг устгаад, манай эх оронд нүүдэллэн ирж суурьших еврейчүүдийн тухай уртаас урт үлгэр зохиогоод сошиалаар залхтал тараасныг бид харсан. Одоо явж явж гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаа маань дэлхийн еврейчүүдийн гарт орчихсон юм шиг солиорч яваа монгол сэхээтэнтэй тааралдсаныг яана! Монголын ардчиллын сул тал юу вэ гэсэн нийтлэл бичихээр төлөвлөж байна. Түүндээ олж харсан ба мэдэрсэн, бараг өдөр бүр харж сонсож байгаа тэр эрх чөлөөг нь л Монголын ардчилал хэтрүүлээд олгочихжээ гэсэн л дүгнэлт хийж байна. Бусдыг бүү мэд, би тэгж олж харчихаад байна. Нэг удаа Үүл маань эрх чөлөөний солиорол гэж бэсрэг нийтлэл бичсэн байсан даа. Би яг тоть шиг давтана. Гэхдээ дэлгэрүүлнэ.
Эрх чөлөөгөө ингэж дур зоргоороо хяналтгүй эдэлж яваа улс үндэстэн даян дэлхийд байсан л байх. Гэхдээ XXI зууны хөгжлийн эрин үеийн монголчуудынх бүр ориг. Салж өгдөггүй 36 жил, мөд 37 дахь жилдээ орно, удахгүй 40 жил... Эрх чөлөөний солиоролд цаг нар гэж алга уу?
Сэтгэн бодох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь монголчуудын үлэмж хэсгийнхний дунд гуйвж дайвсаар оройгүй их тэнэглэх эрх чөлөө, тэнэглэлээ ил гаргах эрх чөлөө, тэнэглэлээсээ ичихгүй байх эрх чөлөө, тэнэг үзэл бодлоо хэзээ дуртай цагтаа хэн рүү ч хандуулж илэрхийлж болдог эрх чөлөө, өөрийгөө голохгүй байх эрх чөлөө, өөртөө дурлах эрх чөлөө, мэдэмхийрэх эрх чөлөө, хараах зүхэх эрх чөлөө, үзэн ядах, алахаар заналхийлэх эрх чөлөө, зоргоороо байх эрх чөлөө, золбирох, гуйлгачлах, ядуурах эрх чөлөө, архинд живэх эрх чөлөө, увайгүйтэх эрх чөлөө, залхуурах барьцах эрх чөлөө, байгалиа сүйтгэж бузарлах эрх чөлөө... явж өгнө дөө, төрөлжүүлээд нэрлээд байгаарай, өөрсдийгөө нэг харчих, наад сошиал дахь солиорлоо бас харчих! Энэ ч яахав. Золоор “Монгол” гэж алга гэсэн рүүгээ оръё. Израилийн Үндэсний аюулгүй байдлын албанаас “Хилийн чанадад яваа, суугаа израильчуудын эсрэг террорист халдлага үйлдэх аюул занал юу вэ?” гэсэн агуулга бүхий анхааруулга ГХЯ-тайгаа хамтран гаргаж, мөрдүүлэх болжээ. Даян дэлхийд лалын шашны угшилтай террорист байгууллага, бүлэг, үүр ичээ, бүтэц олон байгаа. Тэр бүхэн нь Израилийн иргэдийн хувьд гол аюул гэж нэрлэжээ. Энэ цаг үе нь ч бүр эвгүй, Израиль Улсын хувьд том сорилттой тулгарсан зурвас үе юм. Израилийг үзэн ядах хийрхэл энэ цаг үед хяналтаа алдсан. Олон улсын лалын терроризыг өөгшүүлж санхүүжүүлдэг гэж үздэг Ирантай АНУ, Израиль хоёр дайны байдалтай байна. Ливаны Хезболла (Ираны дэмжлэгтэй Аллахын Нам), палестины террорист ХАМАС-тай Израиль байлдаж байна. Израилийн эсрэг 4 фронт нээхийг Тегеранаас үүрэгдээд өөрсдөө агаараас пуужин дроноор дэмжинэ гэсэн шийдвэр саяхан гаргасан. Дөрвөн фронт гэдэг нь Хезболла, ХАМАС, Йеменийн Хусит, Иракийн шиитийн сайн дурынхны хийх шинэ дайны фронт. Тэдний уриа ганцхан. Глобал жихадаа (исламын шашны төлөө даян дэлхийд ариун дайн хийх!) ялуулах. “2023.10.07” гэж цуст хар өдрийн гурван жилийн ой сарын дараа тохионо, тэр үед даян дэлхийгээр нэг еврейчүүдийг авлах аянд мусульманчууд мордох юм биш байгаа гэсэн анхааруулга Израилийн ҮАБЗ-өөс өгч байна. Аян биш гэлээ гэхэд идэвхжил. Түүнийг хэн толгойлох вэ гэвэл Иран ба түүний тэжээдэг прокси хүчнүүд. Ираны эрх баригчид сүүлийн хоёр жил дараалан цохилт амссаныхаа өс хонзонг авах боломжит өдөр судар нь “2026.10.07” гэж мэргэ төлөгт нь буусан гэсэн байх юм.
ХАМАС Газадаа ялагдаад террорист дэд бүтцээ Европын голдуу улсын нутаг дэвсгэр рүү шилжүүлсэн, зөвхөн тушаал хүлээж байгаа хэмээн тэр анхааруулгад бичжээ. Үүнээс гадна Газадаа ХАМАС гэнэт амилаад босоод ирэх нигуртай, Иудей, Самарид болон Израилийн дотоодод ч хаа нэгтэй террорист атак үйлдэж магадгүй.
Глобал жихадынхаа хүрээнд унтаа байгаа ISIL (Сири-Левантын Лалын улс), “Аль-Каеда”-гаас еврейчүүдийн эсрэг халдлага үйлдэхийг илээр уриалан дуудсаар байна. Африк, Азид энд тэнд, гэхдээ ихэнхи нь Европын нийслэлүүдэд, АНУ-д салангид ганц нэг террорист, “Орон нутгийн лалын санаачилга” гэх жижиг үүр ичээ олноороо байна. Израилийн эсрэг интернэтэд хэт их хэлэлцүүлэг өрнөж байгаа нь цаашдаа мунхрах, радикалчлагдах бэлээхэн хөрс нь болж байна. Интернэт дэх хэт их хэлэлцүүлэгт монголчууд өөр хоорондоо уухайлан оролцож явааг бид өдөр бүр харсаар байна. Гэхдээ Монголд террорист үйлдэл (акт) гэхээсээ ядуу бурангуй амьдралаа бүтэлгүй улс төртэйгөө холбож харддаг, цаашаа тэр нь хөгжсөөр еврей (бас Америк, энэ хоёр дээр Хужаа гэгч нэмэгдэнэ) дээр буудаг, тэр нь үзэн ядалт болчихсон, нэг тиймэрхүү үзэн ядах, зүхэх хараах оюун тархи, сэтгэлгээний хийрхэл дэвэрснийг би хэлж байна. Монголчуудын тархин дахь холион бантан ердөө энэ л дээ. Тэр холион бантан нь бас эрх чөлөө. Хар энерги болгоод гадагшлуулчихна.
Ингэхэд Израилийн ҮАБЗ-өөс анхааруулсан аюултай улс орнууд нь хэн юм бэ? Иран ба Ирантай ойрхон орших, Ирантай холбоо сүлбээ бүхий улсууд эхний ээлжинд жагсчээ. Гурван улсыг шууд нэрлэжээ. 1) Азербайжан, Турк, АНЭУ. Араас нь 2) Иордан, Катар, Сомалилэнд, Египет, Синайн хойг нь бүхэлдээ. “4-р түвшний аюул”-аас аль болох зайлсхийх гэсэн анхааруулга явж байна. Тэр нь аэрпорт дээр транзит нислэг хийх үед терминалаа орхиж явж болохгүй гэсэн ч байх шиг. Израильчуудын очихыг хуулиар хориглосон улс орнууд гэдэгт 3) Ирак (Иракийн Курдистан мөн адил), Йемен, Иран, Сири, Ливан гэж жагсаажээ. Өндөр эрсдэлтэй учраас очихыг хязгаарласан орнууд гэдэгт 4) Саудын Араб, Бангладеш, Сомали, Пакистан, Афганистан, Ливи, Алжир гэжээ.
Намрын баяруудын үеэр гадаадад амрах, аялах, зугаалах гэж явахдаа Израиль Улсын иргэд нь өөрийн үндэстний онцлогоо ил харуулахгүй, еврей тоорцог өмсөхгүй, израилийн далбаа туг барихгүй, иврит бичиг үсэгтэй футболк өмсөхгүй, Израилийг дэмжсэн жагсаал цуглаанд оролцохгүй, гадаад дахь еврейн баярт оролцохгүй, олон хүн цугласан газар иврит хэлээрээ ярьж болохгүй гэхчлэн нарийвчлан зааж өгчээ. Ийм анхааруулга нь “3-р түвшний аюул” гэдэгт тооцогдоно гэсэн байх юм.
Интернэтэд анхаарах зүйлс гэж бас байна. Геолокацаа (check-in) ил хэвлүүлэх, мэдээлэх, хоорондоо мэйлдэхийг хориглоно, израиль иргэд цэргийн хугацаат, дайчилгааны, бэлтгэл албаныхаа тухай ам ангайж болохгүй, энэ тухай сошиалд бичиж болохгүй гэж хатуу анхааруулжээ. Гадаадад явахдаа Израилийн соёлын төв, еврей хоолны ресторан, мөргөлийн сүм-синагогт онцгой сэрэмжтэй бай, сэжиг бүхий зүйл, ачаа, сэжиг бүхий хүнээс хол бай гэсэн байх юм. Ер нь олон нийтийн жагсаал цуглаан, улс төрийн ил хэлэлцүүлэг, олон хүн цугласан газраас холуур тойрч явах ба очсон улсынхаа хууль хүчний байгууллагын холбогдох утас хаягийг өөрөөсөө салгахгүй авч яв, мэд, ол гэсэн үгс анхааруулга дотор байна. Монгол гэж хэлээгүй байна. Гэхдээ тэнэглэхдээ, үзэн ядахдаа учир начиртай байхад илүүдэхгүй сануулга сэрэмжлүүлэг дээр бичээтэй байна.
Д.Баярхүү
Баасан - 09 сарын 11,
2026
Сэтгэгдэл1
Израйлын хорт үйлдэл Монголд хүнд тусна. Новшийн гадаад харилцаанаас болж Монголын эрх ашиг хохирч болохгүй.