Украины эсрэг Оросын цэргийн СВО нэртэй бүрэн хэмжээний дайн 5 дахь жилийнхээ босгыг давахад хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Тасралтгүй 1658 өдөр шөнө үргэлжилсэн энэ дайн зогсох шинжгүй. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс оросын TV Rain (Дождь TB) теле-сувгаар оросын аналист-сэтгүүлч Михаил Фишманы дүгнэн ярьсныг эх хэлнээс нь хөрвүүлж буулгая. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно.
“Новый 1917-й: Возможна ли революция в России?” гэсэн гарчгаар “Дождь”-доо М.Фишман төрийн эргэлт, бунт (үймээн самуун), фронт дахь орос цэргүүдийн бослого, Путины дэглэм хэрхэн нурах зэрэг сэдэв хөндөн ярьжээ. Путины дэглэмийг авч хаях, эсвэл өөрөө дотроосоо нурах задрах олон сценар яригдаж, ихэнхийг оросын сөрөг хүчнийхэн сошиалд шуугиулж байна.
Путин засгийн эрхээ алдах уу, алдахгүй юү гэдэг дээр өмнө нь ямар нэг эргэлзээ байсангүй, оросын хүн амын олонхи нь дэмждэг тул алдах аюулыг төсөөлж чаддаггүй байсан бол одоо фронт Оросын нутаг дэвсгэрийн гүнд ороод ирсэн, оросын хотуудын агаарын хамгаалалт сул, угаасаа ч сул байсан нь илт болсон тул тэгж эргэлзэхээ больж, Путин засгийн эрхээ алдах нь цаг хугацааны асуудал гэж үзэх нь их болжээ.
Ингэхэд Орост засгийн эрх хэр хүчтэй, бат бэх вэ? Ганц Путиндээ биш юм. Нэг хүн тойрсон бүхэл бүтэн пирамид, тогтолцоо, гагнаас, эрэг шураг бүхий бүхэл бүтэн нийгмийн асар том машин ажиллаж байна. Дэргэдээ залхаан цээрлүүлэх асар том машинтай, цэргийн яндашгүй том машинтай, иймд нийгмийн асар том супер машин гэж үзэхээс аргагүй. Машины эд эс, эрэг шураг бүхэн (хэрэг дээрээ хүн) бие биенээсээ асар их хамааралтай болчихсон, Путин тийм болгочихсон тул гаднаасаа харахад бат бэх мэт харагдаад байгаа юм. Ийм том нийгмийн машинд олон ургальч үзэл, ухаанаа уралдуулах, цэц сорих, хүний нөөцийн мерит зарчим энэ тэр бол зүгээр л үзүүлэнгийн ханын самбартай адил. Шийдвэрийг цор ганц хүн хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр гаргана. Тэр нь мэдээж Путин. Тэгж яривал дайнаа үргэлжлүүлье, Донбассыг бүрэн эзлэн авъя гэдгийг Путинээс өөр мөрөөдөж сэтгэж байгаа орос хүн, орос түшмэл, орос суртал нэвтрүүлэгч, орос генерал, орос чекист гэж нэг ч байхгүй. Зөвхөн Путин л гав ганцаараа энэ цуст дайнаа нийгмийн том машиныхаа эрэг шураг болдог орос цэргүүдийн хүчээр явуулж байна. Гэхдээ Путин ба Путины дэглэмд урт удаан түүхэн хэтийн төлөв гэж байхгүй болсон, учир нь Путин ба путинчууд улс орноо мухардалд оруулчихсан, дайнаас нь үүдэлтэй дотоод зөрчлөөсөө болж дэглэм өөрөө унахад тун дөхсөн дүр зураг нүднээ бууна. Тэгж л харагдаад байна.
Путины энэ “төсөл” түүхэн шалгуур давсангүй. Орос орныг гадаад ертөнцөөс тусгаарласан дарангуй маягийн “Барууны эсрэг цайз” болгож хувиргах гэсэн нь нуралт руугаа явж байна. XXI зуунд ийм өргөн уудам нутагт, олон үндэстний энэ том Орос оронд энэ төсөл явсангүй. Заавал ийм цайз болж Орос орон зожигрох зайлшгүй шаардлага байхгүй байтал байлгах гээд буруу замаар оржээ. Орос орон яаж ч тусгаарлагдлаа гэхэд Европын соёл-иргэншлийн түүхэн, зайлшгүй хэсэг мөн байтал түүнийг үүрд таслах гэсэн нь огтоос боломжгүй юм. Эрт орой хэзээ боловч орос хүмүүс жирийн энгийн тайван амьдрал руугаа тэмүүлнэ, гэтэл дайны хэнээтэй дэглэм толгой дээр нь сандайлж байна, энэ хоёрын хооронд том зөрчил дэврэх бус уу?
Сунжирсан дайныхаа барьцаанд Путин өөрийгөө болон Орос орноо гүн бат шигтгэн орууллаа. Барьцаа нь занга болж хувирлаа. Яг одоо Путин өөрөө хэн байнав гэвэл өдөөсөн дайндаа хэзээ ч ялахгүй, дайнаа зогсоож бүр ч чадахгүй, тийм л нөхцөл байдалд орчихсон байна.
Ийм хүнээс энх тайван хэзээ ч илрэхгүй, энх тайванч байх сэтгэлгүй болчихсон. Одоо түүний хувьд дайн гэдэг бол улс төрийн системийнх нь оршин тогтнох цорын ганц утга учир болчихсон байна. Илэрхий ялахгүй л бол байлдааны ажиллагааг зогсоох гэсэн аливаа оролдлого Оросын дотоод улс төрийг дэвэргэн бужигнуулна. Оросын хүн ам ба элитүүд бүгд ганц л асуулт Путин ба эрх баригчиддаа тавина. Тэр нь яах гэж, юуны төлөө ийм их, хэмжээлшгүй ихээр хүний амь золиослов гэдэг асуулт! Зөвхөн Донбассыг Оростоо авах гэж гэдэг хариулт даан ч хариулт болохгүй. Цаашаа Путин ба Кремль, ОХУ-ын Зэвсэгт хүчин ба Жанжин штаб, генералитет ба ФСБ бүгд ацан шалаанд орно. Нэг нь ч зөв хариултыг оросын хилэгнэсэн ард түмэнд өгч чадахгүй. Кремлийн суртал нэвтрүүлгийн хуягласан машиныг дайчлаад дайчлаад Украинаа Европ, Америктай нь нийлүүлж неонацист, фашистаар нь мянгантаа зааж нэрлэж харааж аашлаад дүндээ дүн! “Яах гэж, юуны төлөө ийм их, хэмжээлшгүй ихээр хүний амь золиослов” гэдэгт ганц ч зөв, ухаалаг хариулт олж хэлж чадахгүй. Одоо юу болж байнав гэвэл энэ систем милитаризмынхаа градусыг хэтрүүлж, улс орныхоо эдийн засаг, хүний нөөц, нийгмийн нөөц, байгалийн баялгийг шавхах, тэгснээрээ улс орноо бүхэлд нь сулруулахын босгон дээр байна.
Кремлийн дотоодод, дотор нь параной байдал эрчтэй өсч байна, шийдвэр гаргах процесс улам бүр хэдхэн хүний хөшигний цаадхи увайгүй явдал болж хувирлаа. Путин бол өдөр ирэхүй еэ бодит байдлаас тасран салж, итгэлээ гээж, ганцаардлын там руу хурдалж яваа хөөрхийлөлтэй лидер болсон. АНУ Трампын өнгөн дээр Орос руу хандаж тусална гэсэн итгэл нь алга боллоо. Европ ба Барууныг АНУ өөрөө сулруулна гэсэндээ томоор хууртагдлаа. Бодит байдлаас ингэж тасраад, араас нь шаналах гэдэг бол удирдлагын системийн том алдаа, эрх барих вертикаль тогтолцоо дотроосоо нурж эхэлсний шинж тэмдэг юм.
Дэглэм цаашаа оршин тогтнохын тулд одоо айдсаар л нийгмээ хэсэгтээ барина. Систем инерцээрээ цаашаа үүргээ гүйцэтгэнэ. Гэвч элитийн дунд дургүйцэл чимээгүйхэн буглаж байна. Учир нь Путин бол тэдний аюулгүй байдлынх нь, мөн урт удаан хөгжиж дэвжих гарант нь байхаа больсон.
Тэгэхлээр ийм дэглэмүүдэд ямар финал байна вэ? Дороос дэгдсэн үймээн самуунаар нөхцөлддөг сонгодог хувьсгалын жор Орос оронд маань тохирох юм биш байгаа? Эхний шатанд дороосоо эхэлнэ. Тэр нь катализатор болж хувирна. 1917 оны бэлэн жор байна. Ядарч туйлдсан Хаант Орост нийгмийн задрал, фронт дахь Оросын армийн ялагдал, цэргүүдийн бослоготой хавсарч, оросын элит дотроо хагарч, дээдчүүл хяналтаа бүрэн алдаж, нөхцөл байдлыг барьж байх чадваргүй болж цаашаа хувьсгал өрнөсөн туршлага өнөөгийн Орост хамаатай юу гэвэл маш ихээр хамаатай. Асар их алдаа гаргасан бол тэр нь хуримтлагдсаар нэг өдөр л тэсэрдэг.
Орос орон алхам алхмаар эрх чөлөөгөө алдаж, авторитаризм руу шааригдаж явна. Гэхдээ ерөнхийд нь авч үзвэл өөдрөг дүгнэлт өгөхөөр юм. Энэ процесс эргэлт буцалтгүй болчихлоо. Путины байгуулсан систем өөрийнхөө зөрчлөөс болж унадаг түүхэн үзэгдлийн нэг болоход ойртож байна.
Владимир Путин л өөрөө энэ дайныг үргэлжлүүлж байна, засгийн эрхэнд арай ядан тогтон байхын тулд дайнаа хэргээр сунжруулж байна. Харин дайн шатлан өргөжнө, хянахын аргагүй олон эрсдэл өөрт нь учруулна гэдгээс айхын цаагуур айж байна. Тэгэх тусмаа ялагдаж байгаа өнөөгийн нөхцөлд гал зогсооно гэдгээс бүр ч их айж байна–Михаил Фишман.
Орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Мягмар - 09 сарын 08,
2026
Сэтгэгдэл7
Орос задарна
Дарлагдсан сибирийн ард түмэнд эрх чөлөө
Бодит байдалд нацист Киевт чинь иргэний дайн болж байна тархи угаагч хөлсний бичээч блавгай Номиндарь гуай! Ккк
Буриад тусгаар болно
Эрх чөлөөт Тува мандтугай
Путинээс өөр дайныг хүсч байгаа нэг ч орос хүн байхгүй гэдэг нь үнэн байх шүү. Ахан дүүсээ хядсан утга учиргүй дайн
Өдөр болгон бүх хурал сёминар уулзалтанд идэвхтэй оролцоод Путин улам илүү жавхаалаг өнгөлөг харагдаж байна лэ ! Цаас харахгүйгээр ганц ч алдаа хийхгүй хэдэн цаг ч хамаагүй цэцэн цэлмэг ярьж байна лэ ! Бусад улсын залуу удирдагчид түүний чигчий хуруунд ч хүрэхгүй ! Путиныг холоос буудчих олигтой аавын хүү Укриан болон бүхэл баруунд байхгүй байгаа бөгөөд Путин энэ хэвээрээ 100 наслана ! Ёстой үхэшгүй мөнхийн Кашe гэдэг чинь Путин байхгүй юу ! Путинд эрэгтэй хүүхэд байгаагүй нь их харамсалтай тэгсэн бол Хоёрдугаар Путин болоод залгамжлах байсан юм ! Тэгээд Путины түшмэдүүд болон Путины хаант засаглал хэвээр үлдэх байсан юм ! Удахгүй Путин үхэх нь төрийн эргэлт бунт болох нь гээд л аль эрт 4 жилийн өмнө бичээд горьдоод байсан энэ Номин авгай мэтийн нөхдүүдийн зарим нь өөрсдөө Путинээсээ өмнө бурханы оронд оччихсон байх шүү ! Үхэхээсээ өмнө заавал томоо гэгчийн мөөгөн үүлнүүд харуулж үхэх ёстой Путин 100 наслаг !!