БНХАУ Персийн булангаар дамжин өнгөрөх газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцныхоо аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор АНУ-ын зүгээс тэнгисийн цэргийн эвсэлд нэгдэх саналын дагуу энэ буланд худалдааны хөлөг онгоцоо хамгаалах боломжийн талаар судалж байна. Энэ талаар Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Ни Жиан ярьжээ. Тэрээр “Хэрэв аюултай нөхцөл байдал үүсвэл манай зэвсэгт хүчин худалдааны хөлөг онгоцоо хамгаална” гэсэн байна.
 
АНУ Ормузын хоолойд Ирантай эхэлсэн зөрчил хурцадсаны дараа бусад орныг далайн аюулгүй байдлыг бататгах эвсэлд оролцуулахаар дарамт үзүүлж эхэлсэн байна. Харин одоогоор Их Британи  АНУ-ын зүгээс Персийн буланд явуулах ажиллагаанд оролцоно гэж мэдэгдээд байгаа юм. Гэвч Герман, Франц оролцохоос татгалзжээ.
 
Мэргэжилтнүүд БНХАУ хөлөг онгоцоо Персийн булан руу илгээх магадлалтай гэж үзэж байна. Харин тэд ийм арга хэмжээ авах магадлал тун бага гэж итгэж байгаа юм. Учир нь БНХАУ, Иран болон энэ бүс нутагт байдаг бусад оронтой эдийн засгийн чухал харилцаа холбоотой аж. ОХУ-ын парламентын гишүүн,Холбооны зөвлөлийн Гадаад асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачев Персийн булангаар БНХАУ-ын байлдааны хөлөг онгоц явж эхлэх боломж байгааг үгүйсгэсэнгүй. Учир нь Бээжин дэлхийн олон газар руу Хятадын усан замын хүчнийг илгээх боломж байгаа талаар сонирхож байна. Тиймээс БНХАУ АНУ-ын талд орох улс төрийн бодлогыг баримталж байгаа нь эргэлзээгүй гэв.
Тэрээр “БНХАУ АНУ-ын эвсэлд нэгдвэл  би их гайхах болно. Энэ эвслийг байгуулах АНУ-ын санаа их эргэлзээтэй. Хэрэв би андуураагүй бол энэ тал дээр АНУ-ын холбоотнуудын дунд будлиан байдаг. Мөн хятадууд  өрсөлдөгч орон болсон АНУ-тай ийм хамтарсан ажиллагаанд оролцох магадлал тун бага” хэмээн “Взгляд” сонинд ярьсан байна. Мөн ОХУ-ын цэргийн шинжээч Александр Голц Персийн буланд АНУ,БНХАУ-тай нэгдвэл энэ нь Хятадын  улс төрийн бодлогод их чухал эргэлт болно гэж үзжээ. Тэрээр “Гэхдээ энэ нь гадаад харилцааны заль мэх байх хамгийн их боломжтой. Дараа нь хятадууд АНУ-ын саналыг судалсан. Тэдэнд тохирохгүй юм байна гэж хэлнэ. Бид АНУ, БНХАУ цэргийн салбарт хамтрах талаар сонсоогүй удаж байна” гэж үзэж байгаагаа мэргэжилтэн ярьсан байна. Түүнээс гадна ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ойрхи Дорнодын  хүрээлэнгийн мэргэжилтэн Василий Кашин Ирантай харилцаж байгаа АНУ-ын байр суурь БНХАУ-ын ашиг сонирхолтой зөрчилдөж  байна гэв.
 
Бээжин Ирантай худалдааны өргөн харилцаа холбоотой. БНХАУ энэ оронд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэжээ. Василий Кашин “Ойрхи Дорнодын оронд хөрөнгө оруулдаг эдийн  засгийн гол түнш. БНХАУ бусад ямар ч орноос илүү хөрөнгө оруулалт хийсэн” болохыг онцолсон байна. Ард түмний нөхөрлөлийн ОХУ-ын их сургуулийн БНХАУ-ын стратегийн судалгааны төвийн захирал Алексей Маслов “БНХАУ-ын байлдааны хөлөг онгоцнууд удахгүй Иран, Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Арабын эрэгт харагдаж болно” гэж үзжээ. Түүний хэлснээр БНХАУ ирээдүйд дэлхийн хүчирхэг зэвсэгт хүчин болно хэмээн үзэж цэргийн эвслийн гишүүн орон болохыг  зорьж байна гэв. Мөн БНХАУ Персийн буланд эргүүл хийж эхэлбэл АНУ ирээдүйд харамсана гэж ярьсан байна.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин