sonin.mn

Морьтой монгол төрийн далбаагаа хийсгэн манарган давхиж явна. Тэрээр феодалын нийгмийг бэлгэдсэн шар талбайгаас хараар илэрхийсэн капитализмын хөндлөн зурвасыг алгасан харайж коммунизмын бэлэг тэмдэг болсон улаан талбай руу дүүлэн орж байна. Ийм зурагт хуудсыг ном сонин хэвлэлийн нүүрнээс, ил захидал шуудангийн маркнаас, гудамж талбай дахь суртал нэвтүүлгийн зурагт хуудаснаас хүн болгон бага балчраасаа харж үзэн бахархаж байсан үе Монголын түүхэнд бий.


“Капиталист бус хөгжлийн замнал”, “Капитализмыг алгасав”, “Социализм байгуулсан Монгол орон”, “Социализмын материал техникийн баазыг 1980 онд байгуулж дуусна”, “Коммунист хүмүүжил”, “Коммунист нийгэмд хүн чадлын хэрээр ажиллаж, хүссэн хэрээрээ авна”, “Коммунист нийгэмд дэвшин ороход төр устана”... гэх мэт замнал ба мөрөөдлөөр монголчуудын хүний гурван үе дараалан албадлагаар хүмүүжин боловсорчээ.


Марксизм нь алив нийгмийн урсгалыг эхлээд хий санаанд төсөөлж, төлөвлөж, программчиллаад дараа нь энэ зорилгоо чанарын болон тоон үзүүлэлтээр ширхэгчлэн биелүүлэхээр тэмцдэг сургааль тул Монголд буй болгох гэж буй шинэ засгийн зам мөрийг гаргаж юу юутай тэмцэх, юу юуг дийлж, юу юуг босгохыг нь нэгд нэгэнгүй программчиллан хэлж өгөх учиртай байв. Үүний тулд бүгд найрамдах засаг байгуулахын өмнө Монгол Ардын Намын их хурлыг зарлан хуралдуулж Монголын нийгмийн урсгал хаашаа хэрхэн явахыг зааварчилсан программ батлах шаардлага тулгарчээ. Харин энэ зам мөр ямархуу байх ёстой вэ?


Үүнийг 1924 онд хуралдсан Монгол ардын намын III их хурлаар авч хэлэлцэн тогтоод, Үндсэн хуулиараа баталгаажуулан хуульчилсан юм. Тэнд “Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлнэ”, “Улс төр захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийцүүлнэ” “урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан” болон “ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжигчид”, “ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчдэд” нарт сонгуулийн эрх олгохгүй” тунхаглажээ . Энэ бол иргэдийн зарим нь улс төрийн эрх огтоос эдлэхгүй гэсэн үг. Ийнхүү шинэ Монголын газар нутагт алив язгууртан болон лам нарт багтах зай байхгүй гэдгийг хуульчлан тунхагласан нь хожим тэднийг аймаглан устгах үйлдэлд зам нээж өгсөн юм. Ингэж улс төрийн тогтолцоо нь эдийн засгийн гэхээсээ үзэл суртлын албадлагын хамтралч нийгэм болжээ. Үнэндээ социалист, марксист гэхээсээ марксизм-ленинизм гэж албан ёсоор нэрэлсэн, жинхэнэдээ ленинист, сталинист хүчирхийллийн тогтолцоо байсан юм.    


Монголчуудын сонсож хүмүүжиж амьдарч ирсэн энэ тогтолцоог санаачилсан Ленин өөрөө эхнээсээ үүнээ тодорхойлохдоо “капитализм бол юун түрүүнд дээд шатандаа орон ялзарч буй империализм мөн. Санхүүгийн капиталын ноёрхол дахь шимэгчлэл нь төрийн монопольт капитализм руу шилжсэнээр социалист хувьсгалд зайлшгүй хүргэдэг онцлогтой” гээд “капитализм нь тэгш бус хөгжлөөр тодорхойлогддог учир олон түмний амьжиргааны түвшин үргэлж доогуур түвшинд тусгагдсан байдаг. Капиталист системийг устгах хамгийн сайн арга бол мөнгөн тэмдэгтийн ханшийг бууруулах явдал” гээд тэгснээр тасралтгүй инфляцийн тусламжтайгаар иргэдийнхээ баялгийн нэлээд хэсгийг үл анзаарагдах байдлаар төр хураан авч энэ зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж хүртэл ярьсан байдаг.


Яаж ийм бузар нийгмийг тойрон гарах аргыг ч Ленин зааж өгсөн. Коммунист хувьсгал гардаж хийсэн хүний хувьд Ленинд хоцрогдсон, ялангуяа Азийн улс орон, үндэстнийг феодализмаас байтугай хүй нэгдлээс нь ч хамаагүй харайлгуулж товчлуулсаар коммунист нийгэм байгуулуулах санаа ердөө л хар практикаас үүдэн гарчээ. Үнэндээ Лениний хувьсгал Марксын хэлсэнчлэн гинжнээсээ өөр алдах юмгүй гар нүцгэн пролетари ангид түшиглэсэнгүй, түшиглэе гээд ч тэр нь Орост бараг байсангүй. Тариачны асар том, бүдүүлэг, чиглэгдээгүй, прагматик хөдөлгөөн түүний хувьсгалыг амжилтад хүргэсэн атал Ленин харин энэ гол “моторынхоо” учрыг ч олоогүй, хэзээ ч судалж шинжилж үзээгүй юм. Түүний гарт Оросын тариачнаас гадна Хаант засгийн үлдээсэн дундад эртний хөгжлийн түвшинд яваа Азийн маш олон үндэстэн ястны цуглуулга уламжлагдан үлджээ.


Нэгэнт аж үйлдвэржсэн орны ухамсаржсан пролетари анги түүнд олдоогүйгээс хойш, нөгөөтэйгүүр энэ хоцорсон бүдүүлэг үндэстнийг шат алгасуулан коммунист нийгэмд авч ирэх тухай Маркс ямар нэг заавар зөвлөлгөө үлдээгүйгээс хойш, үгүйдээ л ирээдүйд дэлхийг улаан болгохын тулд түүнд эхний ээлжинд сонгодог жишээ болсон хүчирхэг цагдаагийн улс хэрэгтэй гэсэн шаардлагаар чухам энэ “капитализмыг алгасах” онолыг дэвшүүлэх хэрэгтэй болжээ. Коминтерний III их хуралд хүрэлцэн ирсэн Зөвлөлтийн ази үндэстнүүд, сонгодог марксист онолоор бол социалист хувьсгал хийх “эрхээ хасуулсан” Азийн бас бус төлөөлөгчдөд ямар нэг гарц зааж өгөх үүднээс:


 Одоо чөлөөлөгдөж байгаа ба түүний дотор дайны дараа эдүгээ давшилтын замаар хөдөлж байгаа нь мэдэгдэж байгаа хоцрогдсон ард түмэнд ардын аж ахуйн хөгжлийн капиталист шат зайлшгүй гэдэг баталгааг бид зөв гэж үзэж болох уу? …Бид энэ асуултад “заавал тийм биш” гэж хариу өгнө …Хэрэв ялгуулсан хувьсгалч пролетари нар тэдний дунд тогтмол суртал нэвтрүүлэг хийж, Зөвлөлт төр өөрийн мэдэлд байгаа бүх арга хэрэгслээр тэдэнд тусалбал хоцрогдсон ард түмэнд хөгжлийн капиталист шат зайлшгүй гэж бодох нь буруу .


 Мөн түүний “хоцрогдсон орон дахь коммунист нам, коммунист байгууллагын эн тэргүүний зорилт бол феодализмыг түлхэн унагаах явдал мөн” гэсэн афоризм, 1919 онд Дорно дахины ард түмний коммунист байгууллагын төлөөлөгчдийн Бүх Оросын II их хуралд хэлсэн “коммунист ерөнхий онолыг түшиглэн өвөрмөц нөхцөлд зохицуулах” тухай ба “дорно дахины дарлагдсан ард дэлхийн пролетари хоёрын хооронд өвөрмөц холбооны хэлбэрийг зөв олж тогтоох” тухай даалгавар бий. Лениний гаргаж өгсөн зам мөр ердөө л энэ байна. Үлдсэнийг нь мөнөөх хоцрогдсон үндэстний дунд томилолтоор очсон большевик комиссарууд прагматик байдлаар газар дээр нь шийдсэн ба харин хожим нь марксист түүхчид дээрх өвөрмөц холбооны хэлбэрийн талаар “тохирсон аятайхан” тайлбар олж өгсөн юм.


Хөрөнгөтний бус хөгжлийн замын монгол хувилбарыг 1924 онд “…МАН-ын эцсийн зорилт нь эв хамтын ёс мөн бөгөөд нам капиталын хөрөнгөтний хөгжлийн шатыг алгасан энэ зорилгод хүрэхээр урагшаа давшин явж байна… Монгол улс бүх дэлхийн олон улстай адил харгис капиталтан хөрөнгөтний дарлал зовлонг үл амсан... жинхэнэ ардын ёсыг баримтлан зоривол зүйтэй” гэж тодорхойлсон бол, 1932 оны тавдугаар сарын 29-нд Коминтерний Гүйцэтгэх хороо, БХК(б)Н-ын Төв Хороо хоёр хамтарсан нэртэй “Монголын тухай” хэмээх тогтоолдоо: “БНМАУ бол империализм ба феодализмыг эсэргүүцсэн капиталист биш замаар хөгжиж байгаа шинэ маягийн хөрөнгөтний ардчилсан улсын шинж төлөвтэй оршин тогтнох ёстой… гэж заажээ.


Ингээд хөрөнгөтний бус хөгжлийн зам гэдгийгээ 1940 онд хуралдсан МАХН-ын их хурлаар “БНМАУ эдүгээ хөрөнгөтний бус хөгжлийн зам дээр баттай зогслоо” гэж албажуулсан юм. 1924 оны Үндсэн хуульд тодорхойлсон ёсоор. “лам нар”, “бусдын зарж мөлжигчид”, “бусдыг хөлслөн зарагч”, “худалдаагаар мөнгө хүүлэгчид” хэмээн нэр заасан хүмүүс хөрөнгөтний бус хөгжлийн замд амьдрах эрхгүй тул бүгдийг нь алж устгаснаар ийнхүү Хөрөнгөтний бус хөнжлийн замд баттай зогссоноо тунхаглажээ.


1960 онд хуралдсан МАХН-ын 14-р их хурлаар БНМАУ одоо капитализмын алгасан социализмд орлоо гэмээн дүгнэсэн. Учир нь бүхий л оршин байсан хувийн хэвшлийг устган төрийн мэдэлд хураан авсан ба Монголын түүхэн дэхь үе үеийн өмч болох мал аж ахуйг хамтралжуулан улсын мэдлийнх болгосон юм. Ингээд БНМАУ бол ангиггүй нийгэм болон дэвшсэн ба тус орон нь одоо ажилчин анги, хоршоолсон малчид, сэхээтний давхрагаас бүрдэх болсон гэж дүгнэжээ. Улмаар энэхүү үзэл баримтлалыг 1966 онд МАХН-ын 15-р их хурлаар баталсан шинэ программдаа удирдлага болгон "Монгол улс феодализмаас социализмд шилжин орлоо" гэж тунхагласан. Цаашид МАХН-ын16, 17, 18-р их хурлаас “БНМАУ-д социализм байгуулж дуусгах талаар МАХН-аас тавих зорилт”-ыг удаа дараа томъёолов. Монгол улс социализмын материал техникийн баазыг 1980 он гэхэд хэрэгжүүлж дуусна гэж бас тунхаглан заралсан.


Ийм гүн бат ойлголтоор хүмүүжсэн Монголын нийгэм энэхүү бузар булай капиталист нийгмийг алгасан цаад талд нь алгасаж гаргасан нам засагтаа ухаан мэдрэлгүй талархах нь зүй ёс.


Хүн төрөлхтний хөгжлийн диалектик юутай хялбар вэ! Яг л ийм байдлаар шууд утгаараа ойлгогдсон “капитализмын алгасалт” улмаар “онол” болон хувирав.


Хоцрогдсон Орос оронд социализм байгуулах нууц оньсыг олчихсон гэж Ленин өөрийгөө боддог байсан бол тэрнээс ч хоцрогдсон дундад зууны буурай ард түмэн социализм байгуулж болох аргыг олчихсон төдийгүй практик дээр хэрэгжүүлж чадаж байна гэж Цэдэнбал өөрийгөө үнэлдэг байжээ. Марксын онолоор бол коммунист нийгэмд ангийн ялгаварлал байх ёсгүй, үүнийг нь Чойбалсан алж хядах замаар тун амархан биелүүлчихсэн. Мөн энэ онолоор өмч байх ёсгүй, үүнийг нь Цэдэнбал хурааж дээрэмдэх аргаар амархан бүтээжээ. Ингээд л социализм!


Энэхүү ялалтын “онолоо” ганц Монголд төдийгүй бусад аль ч хоцрогдсон бүдүүлэг оронд хэрэглэж болох түгээмэл онол гэж үзжээ. “Хоцрогдсон мал аж ахуйтай ард түмэн нь соёлгүй байсан манай орны хөгжлийг колонийн дарлалд байсан орнууд их сонирхож байна. Энэ хөгжлийн арга замыг судлахыг эрмэлздэг болов.”, “Манай орны хөгжлийн замыг хоцрогдсон орон, хөгжиж байгаа ази, африкийнхан гайхаж, яаж замнаж ирснээ зааж өгөөч гэх болов. Энэ бол манай хөгжил зөвхөн улс орныхоо дотоодоор зогсохгүй олон улсын хэмжээнд гарч байгааг харуулж байна.” гэх мэтээр энд тэнд уулзалт, хуралд их ярина. Монголын албан ёсны суртал нэвтрүүлэгт Цэдэнбалыг “дэлхийн коммунист хөдөлгөөний томоохон онолч” гэж байнга нэрлэдэг байсан ба үүнийгээ хоцрогдсон орон социализм байгуулж болохыг онол, практик дээр харуулж чадсан гэж тайлбарладаг байлаа


Ядуу буурай орон капитализмыг алгасан социализмд шилжих марксизмын ухаанд хийгдсэн шинэ онол цаг өнгөрөх тусам улам л шинжлэх ухааны дүр төрхтэй болон хувирч байлаа. Зөвхөн энэ сэдвээр зэрэг горилж бичсэн “шинжлэх ухааны” бүтээлүүдийн тоо хязгаараа алдав. Нийгмийн шинжлэх ухаанаар зэрэг дэв авсан бүтээлүүд бүгдээрээ энэ сэдвийг ядахнаа л дурдан, өөрийнх нь бүтээлийн амин сүнс болохыг зааж байв. Ингэсээр энэ онолыг шинжлэх ухаанжуулсан Цэдэнбалд өөрт нь чухам энэ онолынх нь төлөө шинжлэх ухааны доктор цолоор шагналаа. МАХН-ын боловсон хүчин бэлтгэдэг дээд сургуулийг капитализм алгасах онолын олон улсын институт, дээд сургууль болгон өөрчлөх асуудал 1980-аад оны үед хүчтэй яригдаж эхэлсэн юм. Гэвч Цэдэнбал огцорсноос хойш энэ асуудал улам улам суларсаар 1990 онд бүрэн замхарсан билээ.


Капиталист харилцаа хэмээх нийгмийн тогтолцооны тухай онолыг шинжлэх ухааны үндэстлэлтэйгээр анхлан томъёолсон хүн нь Адам Смит. Харин капитализм гэсэн нэршил түүнээс зуун жилийн дараа франц хэлэнд гарч иржээ. Капитализм гэдгийг үе үеийн судлаачид, эрдэмтэд янз бүрээр томъёолон нэрэлснээс хамгийн алдартай нь Ёзэф Шүмпитэрийн “капитализм гэдэг нь хувийн өмч, зах зээлийн механизм, бизнес эрхлэлтийн эдийн засаг”-гэсэн бол, Макс Вэбэр үүнийг “капиталист эдийн засгийн үйл ажиллагаа нь өрсөлдөөн, солилцоо, зах зээлийн үнэд анхаарлаа хандуулах, капитал байршуулах, ашгийн төлөө тэмцэх” гэх байдлаар тодорхойлсон.


Маркс алдарт Капитал зохиолдоо капиталын хуримтлал, капиталч харилцаа гэх мэтээр шууд тэр утгаар нь бичиж байсан. Марксын томъёолсон "анхдагч хуримтлал" нь капитализмаас өмнөх үед үүссэн хүчирхийллийн түүхэн үйл явцын тухай байсан бөгөөд газар, багаж зэрэг үйлдвэрлэлийн хэрэгслийг шууд үйлдвэрлэгч болох тариачид, гар урчуудаас булаан авсан учир газаргүй болсон тариачид хөдөлмөрөө зарахаас өөр аргагүйд тулан хөлсний ажилчид болон хувирсан тухай байгаа. 


Монголын нийгмийн цаашдын дэвшлийг марксист аргаар тодорхойлоход онолын үндсэн хоёр бэрхшээл гарчээ. Нэгдүгээрт нийгэм-эдийн засгийн формацийн онол. Энэ онол ёсоор хүний нийгмийн бүх хөгжлийг үйлдвэрлэх аргаас нь хамааруулаад хүй нэгдлийн, боолын, феодализмын, капитализмын, коммунизмын хэмээн яг таг тав хуваах ёстой ба боолын нийгэм болон феодализм, капитализм нь ангит нийгэм бөгөөд нэг шатнаас нөгөө шат руу шилжих шилжилт хувьсгалаар шийдэгдэх ёстой. Нэгэнт ингэж дараалж явдаг тул капиталист орон нь хувьсгал хийсний үр дүнд ноёлогч буржуй ангиа устгаад коммунист нийгэм байгуулахаас өөр замгүй аж.


Гэхдээ Марксын үзэж байснаар нэгэнт коммунизм нь нийгмийн хөгжлийн хэлбэрийн хувьд капитализмаас цааших нийгэм учир туйлдаа хүртэл хөгжсөн капиталист орон л социализм руу орно уу гэхээс төдийлөн хөгжөөгүй орон үүн рүү зүглэлтгүй ажээ. Гэтэл Марксыг үхсэнээс хойш 30 гаруй жилийн дараа чухам тэрхүү зөгнөн хэлсэн (үнэндээ өдөөн тухирсан) коммунист хувьсгал гаргасан боловч түүний хүлээсэнчлэн аж үйлдвэржсэн Баруун Европт биш харин өөрийнх нь үргэлж басамжлан үздэг байсан, хамжлагат ёсноос салаад удаагүй, тариачны Орос оронд түүхнээ Октябрийн хувьсгал гэж нэрлэгдсэн коммунист эргэлт болсон байна.


Иймээс Марксын таамаглал хэзээ ч хэлсэн ёсоор нь явагдаагүй тул заггамжлагчид нь бүгдээрээ өөрийн тухайн нөхцөл ба хийх гэж байгаа зүйлдээ тохируулан засварлан өөрчилж тэр болгондоо Марксын аль нэг зохиолыг шинээр “тайлж уншиж” байлаа. Энэ утгаараа Марксын сургааль нь хүн бүр янз бүрээр тайлж болдог орчин үеийн Нострадамусын гэрээслэл гэлтэй. Ийнхүү дээрээс хатуу тогтоож өгсөн нийгмийн хөгжлийн шатны “хууль” ёсоор бол Монгол нь ердөө л феодализмд байгаа тул марксист сургааль ёсоор коммунист хувьсгал хийхүйц өсч торниогүй аж.


Хоёр дахь асуудал нь нэгдэхээсээ урган гарч байв, юу гэвэл нэгэнтээ марксизм нь тулгамдсан асуудал тулахаар эх онолоо засчихаж болдог тул феодализмаас коммунист нийгэм рүү харайгаад орчихож болно гэсэн зааврыг Марксын зохиолоос “тайлж уншаад” цааш нь “бүтээлчээр хөгжүүлэх” хэрэгтэй байлаа. Үнэндээ Маркс, Энгельст энэ талаар санал онолоо бичиж үлдээсэн юм огт байсангүй. Харин урьдын түүхээс зарим үндэстэн боолын нийгэм дамжилгүйгээр хүй нэгдлээс шууд феодализмд орж байсан жишээ байгааг дурдсан зүйл мэр сэр бий.


Ер нь ч тэгээд “боолын нийгэм” гэдэг нь эртний Герег, Ромоор жишээлсэн болохоос хүн төрөлхтний хөгжлийн явц дахь зайлшгүй нийтлэг формац биш гэдгийг Маркс мэдэлгүй яахав. Өөрийнх нь төрж өссөн Герман ямар ч боолын нийгэм туулаагүй шүү дээ. Маркс феодалын нийгмийн тухайд газрын эздийн хамжлагат ёсыг Европын жишээгээр судлан бичсэн болохоос Европоос гадуурх хамжлагат ёсны талаар төдийлөн анхаарч байгаагүй. Тэрээр Хятадын хамжлагат ёсыг судалсны үндсэн дээр Азийн феодализм гэсэн формацын тусгай ангилал гаргаж байсан.


Хоцрогдсон ядуу орнууд социализм байгуулж болохыг Маркс шууд үгүйсгэдэг байсан. Тэрээр Орост марксизм хөгжиж болох талаар яриаг басамжлан үздэг байлаа. Түүнийхээр социализм нь зөвхөн өндөр хөгжсөн капитализмын дараагийн шат ажгуу.


Марксын формацийн онол Монголын шинээр төрж буй коммунист онолчдод их л сонин догма байдлаар тусч хэлбэршжээ. Хүний нийгэм хүй нэгдэл, боолын, феодалын, капиталын, социализмын гэсэн үе шатаар дамждаг гэнэ. Гэтэл монголчуудын түүхэнд Герег, Египет, Ромд байсан шиг боолын үе байсангүй. Тэгэхээр нь үүнийг нь алгасчихсан гэж тайлбарлалаа. Нүүдэлчид хойно ийм айхавтар байх ёстой юман дээгүүр морьтойгоо харайгаад гарчихдаг бололтой. Марксын формацийн онол бол ямар ч засвар хийж болохгүй туйлын үнэн. Төв Азийн нүүдэлчид ямар нэг боолт нийгэмтэй байгаагүй нь түүхийн үнэн. Нэгэнт ингээд алгасаад харайгаад гарчихаж болдог түүхэн үнэн байгаа бол капитализмыг бас харайгаад гарчиж болно. Үүний “онол”-ыг анх МАН-ын III их хуралд буриад Ринчино боловсруулан ярьсан билээ. Тэр үед “Хөрөнгөт бус хөгжлийн зам” гэж ярьдаг байжээ. Харин 1961 онд монголчууд өөрсдийгөө мөнөөх капитализм дээгүүр харайгаад цаана нь гарчихсан гэдгээ Цэдэнбалын амнаас олж мэдэв.


Үйлдвэрлэлийн хэрэгслэлийг хэн эзэмшиж байгаагаас хамааруулж хүний нийгмийн гэхээсээ Европын түүхэнд тохиолдсон үйлдвэрлэл аргачлалд тулгуурлан Маркс таван өөр нийгмийн байгууламжийг тодорхойлсон. Тэрээр энэ формацийг дээшээ доошоо гишгүүртэй хөгжлийн шат маягаар, эсвэл дээгүүр нь харайгаад гарчиж болдог хар зурвас шиг тодорхойлоогүй. Үүнийгээ хүн төрлөхтөний заавал дамждаг шат гээгүй.  


Ленин үүнийг хоцрогдсон нийгмүүд капитализмыг тойрч болно гэдэг утгаар заралсан учир тэрийг нь МАН-ын үндэслэгч Данзан зайлшгүй өгсдөг шат маягаар төсөөлөөд, ингэж алгасаж харайх нь аюултай, хөлөө хугалж магадгүй хэмээн эсэргүүцсэн. Энэ өгсөж урууддаг нийгмийн шатны ойлголт монголчуудын төсөөлөлд гүн шингэсэн учир одоо ч тэр ойлголтоосоо салж чаддаггүй. Шат алгасан үсэрдэг харайлтаасаа татгалзаад 40 шахам жил өнгөрөн, дараагийн үеийнхэн нь насанд хүрч төр улсаа жолоодон яваа ч, “улс орон ардчиллын шинэ шатанд өгсөж гарлаа гэсэн чинь буруу зам руу орсон учир ухраад феодализм руугаа эргэж гишгэлээ!” гэх шүүмжлэл хамгийн оновчтой зүйрлэлд тооцогдсоор.


2026.08.10


Баабар