sonin.mn
Уран бүтээлч Н.Амарсайханы “Өв соёл” хэмээх инстоляци бүтээл Чаатын хөөрөлдөөний төгсгөл
 
Нэг, хоёр, гурав, дөрвөн аргалыг цувруулан тавьжээ. Аргалыг даган алхваас багцалсан бургаснууд, мөн ийм багцалсан модоор хийсэн араг мэт сав. Түүн дотроо хэдэн ширхэг цагаан аргал хийжээ. Араг мэт сав гэж нэрлэсний учир нь сур болон ямар нэгэн уяагаар тус модон савыг холбож уяагүй, оосоргүйн дээр өндөр, дөрвөлжин хэлбэртэй байсан юм. Мөн эдгээр бүтээлийн дээд талд модон шанага зүүсэн нь анхаарал татна. Энэ бол “Норд Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 2015 онд оролцсон уран бүтээлч Н.Амарсайханы “Өв соёл” хэмээх инстоляци бүтээл юм. Дэлхийн олон орны уран бүтээлч оролцдог энэ үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид өөрийн улсын онцлог, өвөрмөц заншлыг харуулсан бүтээлээрээ оролцдог.
 
 
Энэ үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид өөрийн улсын онцлог, өвөрмөц заншлыг харуулсан бүтээлээрээ оролцдог.
Эрт үеэс монголчууд модоор өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлсээ хийдэг байсныг уран бүтээлч Н.Амарсайхан “Өв соёл” бүтээлээрээ илэрхийлэхийг зорьж бургас модыг багцлан арагтай төстэй сав урлаж, хажууд нь аргал тавьсан нь энэ аж. Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жил, “Норд Арт” Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойд зориулсан “Норд Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 2015-2019 онд Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчдийн нэгдсэн “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ нэртэй тайлан үзэсгэлэн өчигдөр МН17 арт галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд орчин үеийн шинэлэг урсгалаар уран бүтээлээ туурвидаг Монголын урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэжээ.
 
 
Уран бүтээлч Б.Бадралын бүтээл.
 
Тухайлбал, 2017 онд “Норд Арт”-д оролцсон залуу уран бүтээлч Ж.Анунарангийн ноос, даавууны өөдөс ашигласан урласан “Өрнөлт” хэмээх бүтээл юм. Энэ жилийн “Норд Арт”-д дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 371 уран бүтээлч оролцсоноос манай улсын уран бүтээлч, барималч А.Очирболд “Дэгрээ” нэртэй 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019 шагнал”-ын эзнээр тодорсон билээ. ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр  болдог Норд Арт үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа энэ сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байна. Манай 23 уран бүтээлч 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм . “Хөрстөд оршихуй:Хүршгүйтэй учрахуй“ үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин