sonin.mn
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жалгас Адилбаевыг хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа урт хугацааны түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд улам өргөжин бэхжиж, тухайлбал боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулагдаж, Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог таваас 25 болгон нэмэгдүүлсэн зэргийг талууд онцлон тэмдэглэв.
 
 
Цаашид боловсролын салбарт, түүний дотор сургуулийн өмнөх боловсролын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарыг бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэднийг урт, богино хугацаагаар сурган бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн түүх, археологийн хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, эрдэмтдийн бүтээлийг харилцан хэвлэх, урлаг, спортын хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, туршлага солилцох зэрэг хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.