sonin.mn
СТА, жүжигчин Р.Анхням гол дүрд нь тоглосон “Song of Love” уран сайхны кино Бээжин хотноо Хятадын Засгийн газрын ордонд энэ сарын 21-нд нээлтээ хийжээ. Одоогийн байдлаар Шанхай, Хайнаны Хайкоу хот, Сычуань мужийн Чэндү хот, Тяньжинд нээгээд байгаа ч үргэлжлээд Шинжян, Гуанжоу, Хөх хот гээд Хятад улсын бүх кино театруудаар гарах аж.
 
Энэхүү кино нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа ч хөрөнгө оруулсан зардлынхаа талыг хэдийнэ олсон байна. Кино нь гарч эхлээгүй байхад л урьдчилсан тасалбар захиалгын тоогоороо тэргүүлж үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан. Хятадын киноны зах зээлд тэсрэлт болж байгаа “Song of love” кинонд жүжигчин Р.Анхнямын бүтээсэн дүр нь Өвөрмонголын Шилийн хотод амьдарч байсан Дүгиймаа гэдэг эмэгтэйн түүхэн бодит дүр гэнэ. Дүгиймаа нь Шанхайгаас ирсэн 3000 өнчин хүүхдээс 28-ыг өргөн авч, өсгөж хүмүүжүүлсэн монголчуудын тал шиг уужим, хүнлэг сэтгэлийн үлгэр жишээ болсон хүн ажээ.
 
 
М.Зүйр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин