sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брэндийн захирал, БНХАУ-ын Гуанжоу хотын  гадаад худалдааны “Эхлэл”  компанийн захирал Ч.Батзаяаг урьж, ярилцлаа.
 
“Эхлэл” брэндийн эхлэл
 
-“Эхлэл” брэнд бол хийж байгаа ажлын минь илэрхийлэл юм. “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс, “Microsoft”-ийн Билл Гейтс, “МСS”-ийн Ж.Оджаргал гэдэг шиг бүх зүйл эхлэлтэй, бүх зүйл тодорхойлох зүйлтэй байдаг шиг томьёолол минь энэ юм. Бидний бизнесийн гол зорилго бол Монгол Улсыг илэрхийлж, төлөөлж чадах электроникийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах юм.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Монголыг илэрхийлэх технологийн бүтээгдэхүүн байхгүй. ОХУ өндөр түвшний пуужингаараа, АНУ алдарт Форд машинаараа,  Япон улс “Тоёота”, “Хонда”, Солонгос “Samsung”, “Hyundai” , “LG” гээд технологийн маш олон брэндтэй. Гэтэл Азийн улс орнуудаас манай улс өнөөдөр технологийн брэнд гэхээс илүүтэй, хөдөө аж ахуй, мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил, Чингис хаан гэсэн байнга ярьдаг зүйлсээ ярьсаар байдаг. Тэгвэл XXI зуунд бид энэ бүхэнтэйгээ зэрэгцүүлээд техник технологийн хөгжил, технологийн брэнд гэж ярих цаг нь болсон. “Эхлэл” брэнд энэ бүхний эхлэл нь байхыг бэлгэдэж, энэ нэрийг бүтээгдэхүүн болон үйлдвэртээ өгсөн юм. Бидний түүх 2009 оноос эхлэлтэй. Анх www.ehlel.com мэдээллийн сайтаас ажлынхаа гарааг эхэлж, өнөөдрийг хүртэл өргөжүүлж ирсэн. “Эхлэл брэнд” гэсэн нэр одоо ОХУ, Казахстан, Европын холбооны 24 улс, АНУ,  БНХАУ зэрэг орнуудад албан ёсоор бүртгэгдээд байгаа.  Бизнесийн салбарт үүнийг оюуны өмчид бүртгэлтэй барааны тэмдэг гэж хэлдэг. Одоо тун удахгүй шинэ он гарах гэж байна. Бид 2020 оны нэгдүгээр сард АНУ-д, ирэх тавдугаар сард БНХАУ-ын Шиньжян хотод бараа бүтээгдэхүүнээ борлуулах зорилго тавьсан. Өмнө нь бид 2015 онд Хятадын Гуанжоу хотод үйл ажиллагаагаа явуулах гэж оролдсон боловч тодорхой шалтгааны улмаас бага зэрэг бүтэлгүйтсэн. Харин  одоо харьцангуй туршлага суусан учраас ямар ч эргэлзээгүй, эрч хүчтэйгээр ажлаа ахин эхэлнэ.
 
Миний бизнес бусад хүмүүстэй л адил эхэлж байсан. Ямар ч зээл, төсөлд хамрагдаж байсангүй. Төр, засгийн газраас ч дэмжлэг авч байгаагүй. Цаашид ч бас бид бизнесийнхээ өсөлтөөр урагшилна гэж бодож байгаа. Миний ажлын гараа мөн жижиг зүйлээс эхэлсэн. Худалдааны том төв болох “Нарантуул” зах, “Да хүрээ” захад машин угаах, ундаа зарах, цагаан утсаар яриулах, сонин зарах, тор зарах гээд бага насны хүүхдүүд тэр үед юу хийж байсан тэр л жишгээр хөдөлмөрийн гараагаа тавьсан. Мөн бусад хүүхдийн адил 10 жилийн дунд сургуулиа төгсөөд, Монгол Улсын Их Сургуульд элсэн орж суралцсан. Оюутан байхдаа бас зүгээр суугаагүй. Зарын сонин ажиллуулж үзсэн. Хоол хүргэлтийн бизнес эрхлэх гэж хичээсэн. Мөн вэб сайт, веб хостинг компани ажиллуулж байсан гээд олон зүйлийг хийх гэж оролдсон. Баяр наадмын өдрүүдэд үлээдэг шаар зарах, “Хүүхдийн баяр”-аар эвлүүлдэг тоглоом зарах гээд яаж хөрөнгө үүсгэж, хөл дээрээ босох вэ гээд төрөл бүрийн бизнес хийх гэж оролдож явсан. Энэ бүхний цаана яаж өөрийнхөө хийх гэж байгаа зүйлийг санхүүжүүлэх вэ гэсэн хүсэл зорилго нуугдаж байсан юм. Түүнээс хэн нэгний тусламж дэмжлэг, ид шид, гайхамшигтай зүйлсийг хүлээж суусангүй.
 
Нэг зүйлд төвлөрөх нь чухал уу, олон зүйлийг зэрэг амжуулах нь чухал уу?
 
Блиц:
 
Чимидгочоо Батзаяа
 
Мэргэжил: Хуульч
 
Боловсрол: Дээд
 
• Нийслэлийн 79 дүгээр дунд сургууль, “Амгалан цогцолбор”
• МУИС-ийн Биологийн факультет, МҮИС-н Хуулийн салбар сургууль
• Хятад, Англи хэлтэй
 
Одоо эрхэлж буй ажил:
 
• “Дэлхийд гарах Монгол брэнд”, “Анхдагч нь байя” уриатай “Эхлэл” Брэндийн үүсгэн байгуулагч, захирал
• БНХАУ-ын Гуанжоу хотын гадаад худалдааны “Эхлэл” компанийн захирлаар тус тус ажиллаж байна.
 
-“Эхлэл” брэнд дотроо зургаан охин компанитай. Эхнийх нь “Эхлэл академи”. Богино хугацааны практик сургалттай, компьютерын мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эхлэл мотивац” ХХК гэж бий. Энэ бол Монголд огт байгаагүй цоо шинэ төрлийн бизнесийг эхлүүлж байгаа  байгууллага юм. Мотивац буюу сэдэлжүүлэх, урамшуулах, бусдад урам зориг өгөх ажлыг бизнес утгаар нь хийх зорилготой. Дараагийнх нь “Эхлэл-фэшн”  буюу хувцас загвар, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Эхлэл электроникс” нь электрон барааны үйлдвэрлэл явуулдаг.  Дараагийнх нь бизнесийн зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх зорилго бүхий “Эхлэл консалтинг” гэж бий. Мөн “Эхлэл бизнес” ХХК гэж бий. Энэ байгууллага нь богино хугацаатай бизнесийн зээл, санхүүжилт олгодог компани юм. Өөрөөр хэлбэл жижиг хэмжээний төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг.
 
БНХАУ-ын Гуанжоу хотод Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай Гуанжоу хотын ”Эхлэл” ХХК гэж бас бий. Энэ нь Хятад улсад байрлах манай салбар компани юм. Эдгээр салбар компаниудын ирээдүйн чиг хандлагыг бид тухайн салбарынхаа хамгийн өндөр оргилд нь гарч шилдэг нь болно  гэсэн зорилго тавьж тодорхойлдог. Цагийн аясаар аль нь унаж босохыг хэлж мэдэхгүй ч эдгээр салбарт 10-20 жил, түүнээс ч их цаг хугацааны насжилт, хөгжил байгаа. Яагаад гэвэл хүмүүс хэзээд хувцас өмсөж эдэлсээр л байх болно. Гар утас, техник технологийн зүйлсийг цаашид хэрэглэсээр л байх болно. Урам зориг, хүсэл тэмүүллээр дутсаар л байх болно. Хүн үргэлж сурч мэдэхийг хүссээр л байх болно. Хэн нэгэн  үргэлж зөвлөгөө мэдээлэл, санхүүжилт авахыг хүссээр л байх болно. Тиймээс эдгээр салбарын хэрэгцээ шаардлага бол хязгааргүй юм.
 
2015 онд бид хувцас загварын үйлдвэрлэлээ эхлээд, дэлхийн цахим худалдааны томоохон төлөөлөл “Али баба”-тай хамтран ажиллах гэрээ хийсэн юм. Албан ёсны эрхээ аваад 17 их сургуульд хувцас загварын бүтээгдэхүүнээ зарж борлуулж үзсэн. Гэвч тээвэрлэлт ложистик, улс төрийн нөхцөл байдлаас болоод бидний энэ ажил амжилттай урагшилж чадаагүй. Тэгээд экспортоо түр зогсоосон. Харин одоо 2020 онд Казахстан, ОХУ, Украин гэсэн гурван улс руу электрон бараагаа албан ёсоор нийлүүлэх гээд бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогоор хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийн ажлууд дуусах шатандаа орж байгаа. Мөн 2020 онд бид АНУ, Европын холбооны улс орнуудыг хараалж байна. Ирэх тавдугаар сард БНХАУ-ын Шиньжян хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээнэ. Тэндээсээ бусад улс орон луу албан ёсны тээвэрлэлтээ хийнэ гэсэн бодолтой байна. Монголд тээвэрлэлт нь өндөр зардалтай, улс төрийн нөхцөл байдал нь хүнд сурталтай зэргээс шалтгаалан бизнесийн хурд саарах, олон хоног хүлээх асуудал бэрхшээл их гардаг. 
 
 
Манайд бизнесийн орчинд төрийн дарамт ихтэй, хүнд сурталтай. Дээр нь төрийн өөрийнх нь  нүсэр олон шат дамжлагатай бүтэц бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд асар их хохирол учруулдаг. Дэмжихээс илүүтэй хааж бооно, торгоно, зогсооно гэсэн хууль эрх зүйн санкц ихтэй. Энэ нь дотоодын бизнесийг хөгжихөд тус болохоос илүү чөдөр тушаа болох нь их байдаг.
 
 
Дэлхийн хамгийн том зах зээлийг хэрхэн эзлэх вэ?
 
– Хятад, ОХУ бол асар том зах зээл. Энэ том өрсөлдөөн дунд бараа бүтээгдэхүүнээ борлуулах нь мэдээж амар биш. Гэхдээ Хятадын зах зээл дээр бидний баримтлах бизнесийн бодлого, стратеги бол Хятад улсад дотроос нь бизнесээ эхэлж бий болгох. Дотроос нь эхэлнэ гэдэг нь, бид Монголд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд аваачих бус Хятадад үйлдвэрлээд, тухайн улсад нь зарж борлуулаад явна гэсэн үг юм. Түүнээс  Монголд нэг цамц оёж үйлдвэрлээд, түүнийгээ Хятад руу зөөж борлуулахад  бараг гурван цамцны зардал гарна. Тиймээс бизнес эрхэлж буй ямар ч хүн ашгаа, ирээдүйгээ зөв тооцоолох ёстой.
 
2015 онд бид дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ “Али баба”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг өмнөх яриандаа дурдсан. Гэвч бид санасандаа хүртэл ажиллаж чадаагүй учраас 2017 онд энэ үйл ажиллагаагаа түр зогсоосон юм. Харин ирэх сараас тэдэнтэй ахин гэрээ байгуулахаар ярилцаж байна. Бидний бизнесийн үйл ажиллагаа  цахим орчинтой нягт холбоотой. Бизнестээ 100 хувь  сошиал медиа маркетингийг ашигладаг. ТВ, ФМ, сонин зэрэг уламжлалт медиаг огт ашиглаж байгаагүй. Жишээ нь,  компанийн дотоод зохион байгуулалт, ажлын дараалал зэрэгт Google G-Switch ашиглаж мэдээллээ түргэн шуурхай солилцдог. Нэг мэдээллийг аль болох олон хүнтэй хуваалцах зарчим баримталж ажилладаг гэсэн үг. Хэн нэгний компьютерт өөр хүн үзэх боломжгүй мэдээлэл байхаас татгалздаг. Хэн юу хийж байх нь бусдад нээлттэй, ойлгомжтой байхыг илүүд үздэг. Ингэж байж тухайн байгууллага илүү нээлттэй, бүтээмжтэй, үр дүн өндөртэй,хүмүүс нь сэтгэл ханамжтай ажиллана гэж боддог. Нуугдмал, хаагдмал, тодорхой бус байх нь эрсдлийг дагуулдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, орчин үеийнхээ шийдлүүдийг харж, боломжийг ашиглаж ажилладаг. Уламжлалт хэв загвараас татгалздаг гэсэн үг.
 
Бусдаас өөр бай, хэнээс ч битгий тус хүс
 
– “Нэг зүйлд төвлөрөх нь илүү юу эсвэл олон зүйл амжуулах нь чухал уу” гэж та асууж байна. Самсунг 600 охин компанитай шүү дээ. Хүмүүс Самсунг гэсэн нэг л нэрээр нь төсөөлдөг. Бизнесийн үйл ажиллагааг нэг л нэрээр төсөөлөх нь чухал байдаг. Хэдэн ч чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Нэг нэрийг хэдэн ч төрөлд ашиглаж болно. Жишээ нь: Самсунг бол зөвхөн гар утас, электрон бараа, технологийн компани биш. Тэд барилга барина, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулна, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбар хүртэл тэдэнд бий. Тэгэхээр капитализмын хуулийн дагуу том компани болохын тулд олон салбар луу орох ёстой. Гэхдээ манай улсын улс төрийн төвөгтэй нөхцөл байдлаас болоод дэлхийд өрсөлдөх хүчирхэг компани бий болоход маш олон саад бэрхшээл тулгардаг. Бизнес хийх гэж байгаа хүн ямар нэгэн байдлаар арга эвийг нь олж ажиллахыг хичээхээс өөр замгүй. Ер нь улс орноо хөгжүүлье гэвэл бизнесийн энэ эрх зүйн орчныг сайжруулж, шинэчлэх нь чухал. Аль болох чөлөөтэй болгож, олон төрлийн дарамттай тусгай зөвшөөрлүүдийг байхгүй болгох ёстой.  Мэдээж бизнесийн салбарт бидэнтэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг компани, үйлдвэрүүд олон байгаа.  Тэднээс ялгарахын тулд бид үргэлж өөр байхыг хичээдэг. Үргэлж шинэлэг, үргэлж хурдтай, үргэлж давуу талтай байхыг илүүд үздэг. Боломж байгаа дээр бага ч болов зүйлийг хийж амжуулах ёстой гэж боддог. Тиймээс өөрийгөө хөгжүүлье гэвэл хэнээс ч битгий тусламж дэмжлэгийг гуй. Улс орныг ч гэсэн хэн нэгний тус дэмжлэг танил тал бус зөвхөн чөлөөт өрсөлдөөн хөгжүүлнэ. Зөвхөн чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж байж л улс орон хөгжинө. Маш бага хэмжээний тусгай зөвшөөрөл, тусгай актууд, шаардлагууд байх ёстой. Цагийн хуваарилалтын хоригуудыг бүр багасгаж, цуцлах хэрэгтэй гэж боддог. . Хүний чөлөөтэй сэтгэх, хөгжих, өрсөлдөх орчин нөхцлийг  нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Түүнээс тусалж дэмжээд, халамжлаад, эвийлээд ямар ч нэмэргүй гэдгийг л бид ойлгох ёстой.
 
“Эхлэл” брэндийн алсын хараа, цаашдын зорилго бол Монголын татварын дийлэнх хувийг бүрдүүлдэг брэнд болоход чиглэж буй. Монголд татвар төлөгч шилдэг байгууллагын нэг байх. Монголын эдийн засагт татварын үзүүлэлтээр талаас илүү хувийг эзэлдэг байх нь бидний хэтийн зорилго юм.
 
Боловсролын салбарын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй
 
-Монголд эхлэл брэндээр овоглосон электрониксийн үйлдвэр энэ оны есдүгээр сарын 19-нд нээлтээ хийсэн. Өмнө нь электроникийн угсрах цехийн түвшинд ажиллаж байсан бол энэ өдөр албан ёсоор үйлдвэрээ нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Энэ үйлдвэртээ гар утасны дагалдах хэрэгслүүд болох чихэвч, цэнэглэгч,  повербанк, адаптар, USB кабель зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг түүхий эдээс нь эхлэн зуун хувь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Цаашид бид үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг гурван шатлалтайгаар нэмэгдүүлнэ. Үйлдвэрийнхээ  стандарт шаардлагыг илүү сайжруулах шаардлагатай байгаа учир 2020 оны хавраас үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхээр төлөвлөж байна. Эхлэл брэндийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр эх орныхоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, цаашлаад ОХУ, Алс Дорнодын хэсгийг цахилгаан бараагаар хангах зорилготой байна. Бүр цаашлаад, үйлдвэр маань өөр оронд үйл ажиллагаагаа явуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
Эх орны хөгжилд залуучуудын мэдлэг боловсрол идэвх оролцоо, үүрэг хариуцлага чухал нөлөөтэй. Тиймээс “Эхлэл” академи богино хугацааны мэдлэгийг практик орчинд эзэмшүүлэх, чадварлаг боловсон хүчнийг эх орондоо бэлтгэж нийлүүлэх зорилготой юм. Өнөөдөр IT технологийн чиглэлээр их сургуульд дөрвөн жил суралцаад төгссөн оюутан нэг ч төгс гүйцэтгэлтэй програм хийж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, төгс гүйцэтгэлтэй төгсөж чадахгүй, хоосон үнэ цэнгүй дипломтой төгсөж байна. Энэ бол үнэхээр харамсалтай асуудал. Энэ бүхнээс бас боловсролын салбарын гажуудал харагдаж байгаа юм.Оюутан залуус зөвхөн дипломны төлөө их сургуульд суралцаж байна. Тэгвэл “Эхлэл” академид суралцсанаар тэд хэрэгтэй, хэрэггүй олон мэдээлэлд цагаа үрэх бус зайлшгүй хэрэгтэй, хамгийн чухал мэдээлэлд анхаарлаа хандуулна гэсэн үг. Энэ бүх  мэдлэгийг бид бодит практикт тулгууран зааж өгдөг. Манайхаас төгсөж гарсан олон залуус олон гайхалтай ажлыг санаачлан хийж, олон салбарт хүч үзэж, өөрсдийгөө сорьж таниулж, үнэлэгдэж байгааг хараад бахархдаг. Одоо манай академид 400 гаруй оюутан суралцаж байна.
 
Хэчнээн завгүй байсан ч бусдын төлөө цаг гаргах нь миний хобби
 
-Хэдийгээр бизнесийн салбар цаг завгүй, өрсөлдөөн ихтэй ч гэсэн хүмүүст урам зориг мотивац өгөх, бусдыг дэмжиж хөгжүүлэх нь миний хувийн хобби. Бусдаас сайхан үг сонсох, хүнд тус болох, өөртөө итгэлтэй болохыг зааж сургах нь үнэхээр сайхан. Хэчнээн завгүй байсан ч гэсэн бусдын төлөө цаг гаргах нь миний бас нэгэн зорилго, тэмүүлэл, хичээл зүтгэл юм. Тиймээс цахим орчинд идэвхтэй байх, хүний хөгжлийн талаар лекц унших, сургалт явуулах, уулзалт хийх зэрэг ажлаахэзээ ч орхихгүй гэж боддог.
 
 
Бусдаас ирж буй эерэг энерги, өөрт төрж буй эерэг мэдрэмж бол гайхалтай зүйл юм. Хүн үгээр үхэж, үгээр сэрдэг. Тиймээс бие биедээ сэрж сэргэж, шинээр төрж байх үгийг байнга хэлж байгаарай гэж уриалмаар байдаг.
 
 
Монгол залуус гадагшаа, хилийн чанад руу гарч ажиллавал л сайхан амьдрах юм шиг төсөөлөлтэй байна. Энэ нь улс орны тогтолцоо, систем буруу явж байгаагийн нэг илэрхийлэл юм. Тиймээс залуучуудаа боловсруулаад хөгжүүлээд, бизнесийн салбартаа чөлөөтэй боломжийг нь олгоод явах хэрэгтэй. Улс орныг чөлөөт эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн л хөгжүүлнэ. Бид бусдыг хараад муулж шүүмжлэх бус сайн яваа нэгнээсээ суралцаж үлгэр жишээ авч сурах хэрэгтэй. Жишээ нь, Хятад улсын үсрэнгүй хөгжил нь удирдлага нь сайн, ард иргэд нь ажилсагтаа бус бизнесийн салбартаа чөлөөт өрсөлдөөнийг маш сайн дэмжсэнээс үүдэлтэй юм. Хятадад ямар ч бизнесийн байгууллагыг айлган сүрдүүлж, дарамталж, цагийн хязгаар тогтоож, барааг нь хураахгүй, үүд хаалгыг нь шөнө орой хаахгүй байна. Энд л бизнесийн чөлөөт өрсөлдөөн, эрх зүй хөгжиж байна. Тиймээс бид бусад улс орны энэ мэт зүйлсээс авахыг нь авч, суралцаж сайжрах хэрэгтэй.
 
Эцэст нь хэлэхэд,  хэнд ч хэзээ ч битгий найд. Хэн нэгэн чамд тусалж дэмжих юм шиг хэзээ ч битгий хүлээ. Ам руу чинь хэн ч хоолыг халбагадаж өгөхгүй. Өөрийгөө хөгжүүлэх боломж зөвхөн чамд л бий. Улс орны амьдрал хэчнээн хэцүү бэрх ядуу байлаа ч гэсэн хөгжиж урагшлах боломж үргэлж байсаар л байдаг. Чиний боломж, чиний гарц, чиний шийдэл зөвхөн чамд л байгаа гэж хэлье.
 
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин