sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар нийт 1716 эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар авснаас 6 нь нас баржээ. Энэ нь Хятад улс даяарх нийт халдвар авагсдын 3.8 хувийг, нас барагсдын 0.4 хувийг эзэлж байна.               
Тодруулбал, өнөөдөр Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албанаас зохион байгуулсан Хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Цөн Ишинь нэгэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа дээрх мэдээллийг өгсөн бөгөөд албаны эх сурвалжаас эмнэлгийн ажилтнуудын халдварын талаарх мэдээллийг анх удаа мэдээлсэн нь энэ юм.
 
 
 
Тэрээр хэлэхдээ “Халдвар авсан нь тогтоогдсон эмнэлгийн ажилтнуудын 87 хувь нь буюу 1502 нь Хубэй мужийнх ба үүнээс 1102 нь Ухань хотын эмнэлгийн ажилтнууд” гэжээ. Ийнхүү Хубэй мужийн халдвар авсан нийт эмнэлгийн ажилтнуудын 73 хувийг Ухань хотынх юм.  
 
 
 
Түүний тайлбарласнаар, Хятад улс 1-р сарын 20-ны өдөр коронавирусний халдварыг албан ёсоор халдварт өвчний ангилалд оруулснаас хойш тус улсын эрүүл мэндийн бүхий л байгууллага халдварын талаарх мэдээллийг онлайнаар мэдээлж байгаа бөгөөд дээрх статистикийг уг мэдээлэлд үндэслэн гаргасан байна.
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг