sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо өнгөрсөн хоногт 771-ээр нэмэгдэж, 3548-д хүрчээ. Одоогийн байдлаар халдвар авсан 235 хүн эдгэрсэн бол 30 хүн нас барсан тухай тус улсын коронавирусний халдварт өвчний тархалттай тэмцэх шуурхай штаб мэдэгдсэн байна. Халдварын тохиолдлын тоо нийт 76 бүс нутагт бүртгэгджээ. 
Москва хотод нэг өдрийн дотор 25 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол Свердловск мужид 7, Якутад 3, Челябинск мужид 2 хүн тус бүр эмнэлгээс гарчээ. Түүнчлэн Краснодарийн хязгаар, Крым, Иваново муж, Ставрополийн хязгаар, Калуга, Примор болон Пермийн хязгаар, Комид тус бүр 1 хүн эмнэлгээс гарсан байна.
Нийт 29 бүс нутагт халдвар шинээр илэрсний дотор Москва хотод хамгийн их буюу 595, Москва мужид 41, Санкт-Петербург хотод 26, Свердловск мужид 20 тохиолдол тус бүр шинээр илэрсэн байна. 
Коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цалинтай амралтын өдрүүдийг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгасан юм. 
 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг