sonin.mn
БЭЭЖИН. /Хinhua/. БНХАУ-ын бүх бүс нутагт коронавирус тархсаны улмаас зарласан халдварт өвчний аюулын түгшүүрийг доод түвшинд болгож бууруулсан байна.
Хятадын төв телевизээр мэдээлснээр, “тавдугаар сарын 6-ны 00:00 цагаас эхлэн ОХУ-тай хил залгаа оршдог Хар мөрөн мужийн засаг захиргааны төв Харбин хотын Наньган дүүрэг болон Суйфэньхэ хотод аюулын түвшнийг бууруулжээ. Харин  тус мужийн Муданьзян хотын Линькоу хошуунд баасан гаргийн 00:00 цагт багасгах аж. Ингэснээр тус улсад халдварт өвчний аюулын өндөр, дунд түгшүүр зарласан нэг ч бүс нутаг байхгүй болно. Түүнчлэн аюулын түвшнийг доошлуулснаар "бүс нутгууд үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээж, хэвийн амьдралдаа эргэж орох цогц арга хэмжээ авах боломжтой болсон" гэсэн үг юм.
 
 
 
Гаднаас зөөвөрлөгдсөн халдварын тоо эрс нэмэгдсэний улмаас дөрөвдүгээр сард Хар мөрөн мужийн халдварт өвчний байдал улам дорджээ. Дөрөвдүгээр сарын 9-нөөс Хятадын эрх баригчид ОХУ-тай залгаа хилийн шалган нэвтрүүлэх бүх цэгийг хаасан байна. Пүрэв гаргийн өглөөний байдлаар Хар мөрөн мужид коронавирусний халдвар авсан 138 хүн эмчилгээ хийлгэсэн хэвээр байгаа аж.
 
 
 
Коронавирусний халдварын бас нэгэн голомт болсон Хубэй мужийн эрх баригчид дөрөвдүгээр сарын 18-ны өдөр халдварт өвчний аюулын түгшүүрийг доод түвшинд болгож буруулсан байна. Коронавирусний халдвар анх илэрсэн Ухань хотын байдал тогтворжсоны дараа ийм шийдвэр гаргасан гэж мужийн эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооны мэдэгдэлд тэмдэглэжээ.
2019 оны сүүлчээр Хятадын төвийн нутагт бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирус дэлхийн ихэнх улс оронд тархаад байгаа билээ. Халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сарын 11-нд албан ёсоор зарласан юм. Халдвар тархсанаас хойш Хятадад 82800 гаруй хүн халдвар авч, 4300 гаруй хүн нас барсан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг