sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн Эмийн хяналтын ерөнхий газар коронавирусний шинэ вакцины эмнэлзүйн туршилтын нэг, хоёрдугаар шатыг долдугаар сард орон даяар явуулах зөвшөөрлийг олгожээ.
Хайдерабад хотод төвтэй “Bharat Biotech” компани, Энэтхэгийн Анагаахын шинжлэх ухааны судалгааны зөвлөлийн хамтран бүтээсэн “COVAXIN” идэвхгүй вакцин эмнэлзүйн өмнөх туршилтуудаар нааштай үр дүн үзүүлж, дархлааны үр дүнтэй хариу урвал үзүүлсэн байна.  
 
 
 
Дэлхий даяарх эм үйлдвэрлэгчид шинэ коронавирусний вакциныг гарган авахаар цагтай уралдан ажиллаж байгаа юм. Вакцин, эмийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Энэтхэг улсын хувьд энэхүү өрсөлдөөнд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгаа бөгөөд олон хүрээлэн өөр өөр төрлийн эмийг гарган авахаар ажиллаж байгаа ажээ.
 
 
 
Энэтхэгт 30 гаруй баг вакцин бүтээхээр ажиллаж байна гэж тус улсын Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард мэдээлжээ. Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсаж буй Энэтхэгт 500 мянга гаруй хүн халдвар авч, 16475 хүн нас барсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг