sonin.mn

Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд налгар намар айлчлан иржээ. Алтан шаргал өнгө давамгайлсан энэхүү үзэсгэлэнд олон уран бүтээлч бүтээлээрээ оролцож байна. Монгол зураг, зотон, тосоор амилуулсан зургаас гадна холимог техникээр урласан бүтээлүүд үзэсгэлэнгийн танхимд байраа эзэлжээ. Намар гэсэн сэдэвтэй учир энэ улирлын онцлогийг илэрхийлэх санаа шийдэлтэй бүтээлүүдээр баялаг юм. Тэдгээрийн зарим нь хүмүүнийг баясгаж, омогших сэтгэлийг бадраана. Зарим нь хөнгөн гуниг төрүүлж, бодолд автуулна. Үүнээс гадна энэ цагт олны анхаарлын төвд байгаа эх хэл, босоо бичгээрээ бүтээн туурвисан бүтээл ч цөөнгүй байна. Энэ мэт өнгө будах хорших, эс хорших санаа сэдэлтэй бүтээлийг Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимыг зорьж үзэх боломжтой.

 

 

Үзэсгэлэнгийн танхимд зочлоод хамгийн түрүүнд нүдэнд туссан нь зураач Н.Мөнхбатын “Сүлд хийморийн зүг” бүтээл байлаа. Зургийг хүн бүр өөрийнхөөрөө “уншдаг”. Дурдсан бүтээлийн хувьд дэвсгэр өнгө нь хүнд санагдсан учир асуудал дэвшүүлсэн мэт санагдуулна.

 

 

Хэн ч байсан тогтож харах тус зураг үзэсгэлэнд зочилсон хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нь илт. Тэдний зарим нь олон талаар шинжиж, зургийг нь авч байгаа харагдсан. Намар цагийг санагдуулам үзэсгэлэнд Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд “Composition” бүтээлээрээ оролцож байна. Мөн уран бүтээлч Б.Очирсүрэнгийн хэд хэдэн бүтээл үзэсгэлэнд бий. Тухайлбал, түүний “Elemental”-ыг онцолно. Ийм сэдэвтэй үзэсгэлэнд байгалийн өнгө, судалбар зураггүйгээр төсөөлөхийн аргагүй.

Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зочилсноор Орхоны хөндийн намар цагийн өнгийг тольдохын зэрэгцээ Хар зүрхний Хөхнуур, Хэрмэн цав, Хяргас нуурын үзэмжийг зураач нар хэрхэн буулгасныг үзэх боломжтой юм. Налгар намрын дунд сар гарах гэж байна. Хүйтрэхээс өмнө, өнгө будаг нь “арилахаас” урьтаж үзэсгэлэнгээ үзээрэй.

 

 

 

 

 

 

Б.Сийлэн

Эх сурвалж: Монцамэ агентлаг