Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, БНМАУ-ын БХЯ-ны сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч бөгөөд Жанжин штабын дарга, Цэргийн Ерөнхий дээд сургуулийн захирал, Хүндэт харуулын анхны дарга зэрэг нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалуудад үүрэг гүйцэтгэж, олноо "Жагсаалч, рапорт Ёндон" хэмээн алдаршсан хурандаа генерал Ж.Ёндонгийн гавьяаг мөнхжүүлэн, алдаршуулах зорилгоор түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Баруун Урт хотноо "Хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалын хөшөө, цогцолбор"-ыг босгож байгаа юм.
Энэхүү бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг хандив, тусламжийн хэлбэрээр бүрдүүлж байгаа бөгөөд уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хандаж гаргасан уриалгыг Зэвсэгт хүчний Жанжин штабын генерал, офицер, ахлагч нар манлайлан сэтгэлийн хандив өргөв. Эл хандивыг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Жагсаалч Ж.Ёндон сан” ТББ-ын тэргүүн Ё.Наранцэцэг, хөшөө барих ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Л.Амарсайхан нарт гардуулан өглөө.
 
 
 
“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т улс орныг батлан хамгаалах болон эх орныхоо бүтээн байгуулалтад гавьяат үйлсийг бүтээсэн төр, цэрэг, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн баатарлаг, хөдөлмөрч үйл ажиллагааг залуу, хойч үеийнхэнд сурталчлах, тэднийг алдаршуулах, дурсгалын цогцолбор байгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхээр тусгасан.
 
 
 
 
Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь уг үндэсний хөтөлбөр болон Батлан хамгаалах яамны 110 жил, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтсан ажлын төлөвлөгөөний хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2020 оны А/98 дугаар тушаалаар Хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалын хөшөө, цогцолборыг байгуулах ажлыг удирдах ажлын хэсэг томилогдон өнгөрсөн хугацаанд уг дурсгалын хөшөө, цогцолборын зураг, бүдүүвч, орчны тохижилтын зураг, тооцоо, шаардагдах хөрөнгийн төсөв, хөшөөний загварыг гаргаж, газрын асуудлыг нь бүрэн шийдвэрлүүлсэн юм. Уг дурсгалын хөшөө, цогцолборыг байгуулснаар төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндон агсны гавьяат үйлсийг сурталчлан мөнхжүүлэх, Сүхбаатар аймгийн төвийн өнгө үзэмж, тохижилтод хувь нэмэр оруулан орон нутгийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын орчныг бүрдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ахмад үеэрээ бахархах үзлээр хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн ажлыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин