Есөн хөргөөс бүтсэн найруулал
 
Нэг дэх хөрөг
 
Нар тэнхлэгээ гурван ес буюу 27 хоногт эргэнэ. Дэлхий ч мөн 27 хоногт эргэнэ. Хүний зүрх 27 удаа цохилоход цус бүх биеэр нэг удаа эргэнэ. Нарны аймаг есөн гарагтай. Хүн гэдэг дэлхийн хэлтэрхий. Нарны цучил. Хүнээс гэрэл дулаан цацарч байдаг.
 
 
Харанхуйд гэрэлтдэггүй ч хүн өөрөө-од. Гэтэл хүн, нар, дэлхий ес гэдэг тоонд багтдаг ажээ. Монголчуудын өнө эртнээс бэлэгдэж ирсэн есийн тооны учир холбогдлыг олох эрэлд сэтгүүлч Сумъяагийн Жамбалдорж гарчээ.
 
 
Гэрэлтэхийн тулд, бадрахын тулд төрсөн мэт хүн-од байдгийн нэг нь тэр өөрөө мөн. Үүнийг би магтахын тулд бичсэнгүй. Байгаа үнэн юмыг хэлэхдээ хүртэл бид ингээд биччихвэл ямар хэл аманд өртөх бол хэмээн хар амиа хичээх юм.
 
 
Банкны хүний тухай үг эвлүүлбэл зээл авах гэсэн байх, найруулагчийн тухай хоёр аятайхан үг холбовол жүжгээ тавиулах гэж байгаа юм болов уу гэж хардацгаах болжээ. Хэцүү цаг юм. Амьддаа бие биенээ хайрлаж ганц бүлээн үг хэлэлгүй газарт орцгоогоод яах юм бэдээ.
 
 
Бүргэд байвал бүргэд, хулгайч байвал хулгайч гэе л дээ. Тэгээд ч Жамбалдорж банкны захирал биш, найруулагч ч биш бас баян ч биш, аль нэг юманд заавал өртөж нэр нь гарч чих нь хангинаж байдаг бүтээлч хүн. Ийм хүмүүс сонирхолтой бас зовлонтой байдаг.
 
 
Тэрбээр "Хөдөлмөр" сонинд байхдаа их хурц "гэрэлтэж" байсныг уншигчид андахгүй. Тэгэхэд би "Хөдөлмөр" сонины цэрэг байлаа. Биднийг эрхлэгч их загнадаг. Бид ч эрхлэгчийг хатуу "шүүмжилдэгсэн".
 
 
Жамбалдорж эрхлэгч тэр үед Зөвлөлтөд Хүүхэд залуучуудын гурван нэвтэрхий толь хэвлүүлэн Горбачёвын өөрчлөн байгуулалтыг ханхлуулсан хүн сонинд ажиллаж байлаа л даа. Эргэн санахад гурван төрлийн шинэчлэл хийсэн юм.
 
 
Бичлэгийн сэдэв чөлөөлөгдөж, социалист уралдаанаас ангижирч, хүний тухай их нийтлэх болж асуудал дэвшүүлсэн бодол эргэцүүллийн олон өгүүлэл гарсан нь дорхноо анхаарал татаж захиалагч нь 144000 хүрсэн нь одоо хүршгүй өндөр оргил мэт санагдана.
 
 
Хэлтэсгүй редакц гэдгийг бас ажиллуулж үзсэн юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр хэлтсийн даргагүй материалын чанар алдааг сурвалжлагч өөрөө хүлээж шууд л нарийн бичгийн дарга уншиж хэвлэлд шилжинэ. Тиймээс бичигчдийн өнгө аяс өөр өөрийнхөөрөө уншигчдад хүрч байв.
 
 
Түүнээс болоод алдаа гарч хэрэг мандаагүй л дээ. Сайн материалд өндөр шагнал өгч, цалингийн хэлбэлзэлтэй системд шилжсэн нь урамшууллын хэлбэр байв. Энэ бүх шинэчлэл өөрчлөлтийг хийхэд нарийн бичгийн дарга, сонины зөвлөлийнхөн их үүрэг гүйцэтгэснийг хэлэх хэрэгтэй.
 
 
Эрхлэгч шинэ, сонин санал бүхнийг дэмжиж ажил болгоно. Гэвч шинэчлэлд дургүй улс бас байсан. Их хурц өнгөтэй цэцэг богино настай байдаг шиг бидний гэрэлтэх хугацаа аль нэг есийн хэмнэл дээр бодвол унтарсан биз ээ.
 
 
Хоёр дахь хөрөг
 
Хүн есөн сүвтэй, есөн төө биетэй, есөн үетэй, есөн залгаастай, есөн хүсэлтэй, есөн мэнгэ голлодог, есөн шим хэрэглэдэг, есөн хор цээрлэдэг, есөн эрдэм төгс амьтан ажээ. Сумъяагийн Жамбалдорж Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин ардын хүүхэд юм.
 
 
Түүнийг есдүгээр ангид байхад од нь тодорчээ. Улаанбаатарт аймаг бүхнээс шилдэг сайн сурагчид цуглуулж нэг жил бэлтгээд Зөвлөлтөд явуулах болж л дээ, Яг тэр үед сургууль тарсан байсан учир төвд явуулах хүүхдийн тоог гүйцээж дунд сурдаг Жамбалдоржийг Улаанбаатар явуулжээ.
 
 
Тоонд хариугүй Жамбалдорж онцчуудын дунд ичиж нэрэлхэх, хор шар нь хөдпөх аль алинаас болж шилдэг тоочин болов. 60 төгрөгний цалин авч дотуур байранд сууна. Хөдөөгийн хүү Жамбалдорж 2 төгрөг 50 мөнгөний үнэтэй молоконд хамаг мөнгөө үрнэ.
 
 
Тэрбээр Сүхбаатар аймагт байхдаа Монголын нэрт яруу найрагч, орчуулагч Доржийн Гомбожавын баруун гарын шавь байж, уран зохиолын амтанд оржээ. Зуныхаа амралтаар барилга дээр ажиллаж олсон мөнгөөрөө авсан ном нь Зөвлөлтийн нэвтэрхий толийн гурван боть юм.
 
 
Анх худалдан авсан номоо марталгүй одоо хүртэл тээж явсаар Монголын хүүхэд залуучуудад зориулж нэвтэрхий толь бичиг зохиосон түүхтэй. Сурагч байхдаа аймгийн сонинд Э.Циолковскийн тухай мэдээ бичиж сэтгүүлч болохоор нэгэнт шийдсэн байна.
 
 
Хол нутаг зорьж, хилийн дээс алхахдаа бууж чулуу авмаар санагдаж явсан гэдэг. Түүнийг Москвад очиход нь кино зураглаач, зохиолчийн ангид ор гэсэн боловч алдарт Ломоносовын сургуульд орно гэж зүтгэжээ.
 
 
Хэрэв би кино зураглаачийн ангид орсон бол өдийд нэлээдгүй кино хийчихсэн яваа, үгүй бол зохиолч болж роман биччихсэн байхгүй юу гэж хуучилсан билээ. Хүний хувь тавилан, эх орны үүрэг даалгавар хоёр давхцах тийм үе байдаг ажээ.
 
 
Жамбалдорж Ломоносов шиг тал бүрийн авьяастай хүн болно гэж бяцхан цээжиндээ мөрөөдөж Москвагийн анхны зургаа хөшөөнийх нь өмнө татуулжээ. Ингэж түүний есөн хүсэл биелж эхлэв. Бид ядуу Монгол орноо дэлхийн дэвжээнд мандуулна гэж сэтгүүлч болох залуус "шатаж" явсан гэдэг.
 
 
Тэгээд Лениний, Горькийн номын санд сууж, олон шилдэг ном олж уншжээ. Дөрөвдүгээр курст байхдаа Чингиз Айтматовын "Улаахан алчуурт хонгор", "Ингэн нүд", "Жамиль" зэрэг туужийг монгол хэлнээ хөрвүүлж дэлхий хараахан мэдэхгүй байсан Айтматовтой монголчууд танилцаж эхэллээ.
 
 
Тэр үед энэ зохиолчийн алдар нэр мандаагүй байлаа. Айтматовын уянгын туужийн яруу сайхан хэллэг, сэтгэл догдлом дүр зураглалыг монгол хэлнээ гаргууд буулгасан хүн нь орчуулагч Жамбалдорж юм. Түүнээс хойш Орос, Дани, Финляндын олон зохиолчдын бүтээл хөрвүүлжээ.
 
 
Гурав дахь хөрөг
 
Бурхад есөн давхар олбог дээр суудаг. Есөн цацал өргөж, есөн цагаан бэлэг барьдаг байна. Хүний биеийн давтамжийг зурхайд есөн мэргээр үзэж мэнгэ голлоход тайлал хийнэ.
 
 
Түүнийг яруу найрагч агсан Жанчивын Шагдар, Төв хорооны дарга Ц.Төмөрбаатар нар "Монголын залуучууд" сонинд сурвалжлагчаар авчээ. Хоёр cap сурвалжлагч хийгээд нарийн бичгийн дарга болж хоёр жилийн дараа эрхлэгчээр дэвшив.
 
 
П.Пүрэвсүрэн, Б.Халтар, Ц.Жандал, Ө.Жигмэдготовтой хамт ажиллаж О.Тогоо, Ж.Дашдондогийг ажилд авчээ. Тэр олимпийн анхны сурвалжлагч аж. Олимпийн 100 жилийн ойн дурсгалын медалийг сая түүнд өглөө.
 
 
Жамбалдорж Унгарт дэлхийн ардчилсан залуучуудын холбооны Монголын төлөөлөгчөөр гурван жил суусан юм. Тэндээс Эвлэлийн Төв Хорооны хэлтсийн эрхлэгчээр ирж дараа нь хүүхэд залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцид эрхлэгч боллоо.
 
 
Энд ажиллаж байхдаа Олон улсын сэтгүүлчийн хуралд суужээ. Түүний сууж явсан Зөвлөлтийн онгоц Атлантын далай дээгүүр нисч явахдаа гэмтэлтэйгээ мэдэж Бермудын арал дээр буучихжээ.
 
 
Энэ арал нь АНУ-ын цэргийн бааз байсан болохоор олон улсын сэтгүүлч суусан онгоцыг онцгойлон харж хамгаалж байжээ. Вашингтоноос зөвшөөрөл хүлээж таван цаг онгоцондоо буутай харуул манаан дор байсан гэдэг.
 
 
Тэгээд Кубад очиход нь Монголын элчингийнхэн дайнаас амьд эргэж ирсэн баатар мэт баяр хөөртэй угтаж авч байжээ. Сэтгүүлчдийн хурлын үеэр тэдний дунд Америкийн тагнуул байсныг илрүүлсэн нь бөөн сенсаци болов.
 
 
Социалист капиталист хоёр гүрний хүйтэн дайн иймэрхүү байдалтай болдог байв. Тэрбээр Кубад байхдаа Кастро илтгэл тавихыг харж, хүлээн авалт дээр хундага тулгасан сэтгүүлч юм. Ингэж явсан хүнийг гэрэлтэж бадарч явсан гэхгүй яах билээ.
 
 
Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцид байхдаа гадаадад гараад зовж ядарсан монгол эмэгтэйн тухай "Зүрхэнд шивсэн зүү" нийтлэл сониндоо гаргаж Монголыг шуугиулсан юм. Харь орны хүнтэй гэр бүл болох, гадаадад амьдрах гэх мэтийн талаар тун тааруу ойлголттой монголчуудын хувьд уг нийтлэл ёстой л сенсаци дэгдээлээ.
 
 
Тэр сонины дугаарыг хүмүүс сураглаж, нэг хэсэгтээ л хүмүүсийн ярианы сэдэв нь болж олныг шуугиулж байлаа. Бас мэргэдийн мянган сургааль, онч мэргэн үгс зэргийг сониныхоо толгойд хүний нүдэнд тусах хэсэгт нийтэлдэг болжээ.
 
 
Дээд хүн суудлаа олохгүй бол
 
Доод хүн гүйдлээ олохгүй гэсэн мэргэн үг хэвлээд "энэ чинь хэнийг хэлээд байна вэ” хэмээн хардагдаж Эвлэлийн Төв Хорооноос үзэл суртлын хувьд таарахгүй хүн гэсэн тодотголтойгоор хөөгдөн Өмнөговь аймаг нутаг заагджээ.
 
 
Нар буцаж байсан зургаадугаар сарьн 22-нд Өмнөговьд Америкийн жуулчидтай цуг буугаад "Буурал говийн шинэ түүх" гэсэн халуухан шинэхэн материал "Үнэн" сонинд илгээж байсан байна.
 
 
Түүнийг унтраалаа гэж бодсон чинь их говийн гайхамшиг дунд хөвүүлж дахин гялалзах их энерги авах нутагт илгээчихжээ. Хотын бүгширмэл чийг, замын тоос нь арилж ингэний хоормогоо элгээ цэвэрлээд хүмүний ертөнцийг дахи сонирхон харав.
 
Үргэлжлэл бий
 
 
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин