Уг нь анагаах ухаанд ядаргаа гэсэн онош бий. Стресс, ядаргаанаас гарахын тулд яах ёстой талаарх эмчилгээ, зөвлөгөөч байгаа. Гэхдээ эмч нар цаасан дээр бичсэн тодорхойлолт амьдрал дээр тэр бүр таараад байдаггүйг баталж байна. Хэт их ядарч, ажил хийх эрч хүч суларч, нойр хүрч, нүд анилдаад байгаа бол аль нэг эрхтэн чинь өвчилсөн байх магадлал өндөртэй. Өвчлөлийн шатанд хүний бие организмд тэмцэл явагддаг.

Тэр тэмцэл хүнийг ядрааж, биеийг сульдуулдаг. Жишээ нь, элэг цөс чинь өвчилсөн байж болно. Ангина чинь бусад эрхтнээ үрэвсүүлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Хоолойны ангины бактери цусаэр дамжиж, эрхтнүүд дээр сууж, архаг үрэвслийн эхлэлийг тавьж өгдөг байна. Тэгэхээр хоолой нь их өвддөг хүмүүст ядрах шинж тэмдэг илэрвэл иж бүрэн шинжилгээнд хамрагдаарай.

Дусал залгуулж, витамин уугаад асуудал шийдэгдэхгүй. Нэг л удаагийн сэргээх төдий алхам болно. Иж бүрэн шинжлүүлж, төгс эмчилгээ хийж байж л ядаргаанаас гарна. Ядаргаанаас салах хамгийн гол эмчилгээний нэг бол тархины цусан хангамж сайжруулах. Энэ тохиолдолд биеийг тайвшруулж, эд эрхтэнг тэжээх эмчилгээ хийдэг. Учир нь тархи бүх эрхтнээ удирддаг. Таны эрүүл мэндийн картан дээр эмч хоол, хөдөлмөр, амралтын дэглэм барих гэж зүгээр ч нэг бичдэггүй. Ажил амралтаа зохицуулаагүйгэзс бүх асуудал үүддэг учраас дэглэм барих нь чухалд тооцогддог.

Хамгийн гол нь сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Бухимдахаас аль болох зайлсхийгээрэй. Учир нь стрессийн гол шалтгаан уур бухимдал байдаг. Эхлээд өрхийн эмчдээ, дараа нь дүүргийнхээ мэдрэл, зүрх судасны эмчид хандаарай. Мэдрэлийн ядаргаа буюу стрессийн шинж тэмдэг олон янз. Нойр муудаж, ходоод, зүрх өвдөнө.

Өтгөн хатах, үе мөч янгинах, шархирах зэрэг зовиур ч илэрдэг. Амархан уурлаж, амархан мартаж, анхаарал суларч, ойр ойрхон ханиад хүрч, нүд амархан ядарч, арьс хуурайшиж, батга гарч, уруул хагарч, үс чинь салаалаад байна уу. Үүссэн шарх эдгэрэхгүй удаж, жаахан цохих төдийд хөхрөх үе байдаг шүү дээ. Эдгээр шинж тэмдэгийн 4-5 нь л илэрч байвал ядаргаанд орсон гэсэн үг.

Эх сурвалж: "Утга зохиол, урлаг"