sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэсэн байна.
Энэхүү гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ  үнэ цэнэтэй гэдгийг албаныхан онцлов.
Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж буй монгол шунхан “Ганжуур”, “Данжуур” 1995 онд Монголын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орсон бөгөөд шунхан “Данжуур” нь 2011 онд ЮНЕСКО-гийн дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн Монголын анхны бүтээл болсон юм. Тэгвэл уг хосгүй бүтээлд зориулсан гэрэлт хөшөө мөн ийнхүү ЮНЕСКО-гийн өвд бүртгэгджээ.
Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Уг гэрээ ёсоор монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсын нийслэлд залж ирсний дурсгал болгон 1929 онд гэрэлт хөшөөг босгосон түүхтэй.
Монголын музейн анхны дарга  Н.Дэндэв  “Монгол Данжуур”-т зориулсан хөшөөг урлан бүтээсэн  бөгөөл тэрээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байжээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг