sonin.mn

 

Сүүлийн үед Нийслэлийн Засаг дарга хөшөөгөөр занималддаг болоод байгаа. Оны өмнөхөн В.И.Лениний хөшөөг буулгасан. Уг хөшөөг буулгасан нь хүмүүсийн сэтгэлд тийм ч таатай байсангүй. “Хөшөө ямар хоол нэхсэн биш, байлгаж л байхгүй” гэсэн иргэд цөөнгүй байсан.
 
 
Энэ явдал монголчуудын төдийгүй хойд хөршийнхөнд маань ч таатай санагдаагүй. Гэтэл өчигдөр Монголын төр, нийгмийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал агсны хөшөөг бас буулгачихлаа. Шалтгааныг тодруулахаар газар дээр нь очиход хөшөөг хэдэн хэсэг болгоод буулгаад хаячихсан нь их л эвгүй харагдав.
 
 
Хөшөөний зохиогч Б.Ганхуяг ирсэн байв. Түүний хэлснээр бол хөшөөг буулгаж устгаж байгаа хэрэг биш аж. Тэр, хөшөөг зургаан жилийн өмнө, өвөл угсарсан. Гэтэл одоо газар нь суулт өгч, хөшөөны углуурганы хэсэгт заадас үүсчихлээ. Өөрөөр хэлбэл, чулуунд хөдөлгөөн орж аюултай болсон гэсэн үг.
 
 
     Хавар, намартаа хүүхдүүд энэ хавиар тоглодог. Иймээс аюулгүй талаас нь бөхөлгөө хийж засварлаад, буцааж угсрах гэж байна. Энэ ажлыг хотын захирагчийн ажлын албанаас шийдвэрлэсэн. Зөвхөн энэ хөшөө гэлтгүй С.Зоригийн зэрэг 10 гаруй хөшөөг шинэчилж засварлах юм билээ.
 
 
Гүйцэтгэгчээр “Үүдэн чулуу” ХХК ажиллаж байна. Нийт таван сая төгрөгөөр 2-3 хоногт хөшөөг засварлаж дуусна” гэв. Зургаан жилийн өмнө босгосон шинэхэн хөшөөг засахаар буулгаж буй гэдэг нь нэг л үнэмшилгүй. Зассан нэрээр мөнгө угаах гэж байгаа юу,эсвэл өөрчлөх гэж байгаа юу.
 
 
Бүр алга болгох гээгүй байгаа даа гэсэн хар төрөх аж. Энэ үеэр ойр орчинд явсан иргэд цуглаж, ахмад настнууд хөшөөг буулгаж байна гэх мэдээллийг сонсоод хотын захын гэр хорооллоос зорин ирсэнтэй таарав.
 
 
     Баянгол дүүргийн XIII хорооны иргэн Б.Зулзган “Ю.Цэдэнбал бол Монголын ард түмнийг 44 жил хоол, хувцастай байлгах гэж бүх амьдралаа зориулсан хүн. Ганц хүүдээ нэг өрөө байр авч өгөөгүй тийм л шударга хүн шүү дээ.
 
 
Ийм төрийн зүтгэлтний хөшөөнд хүндэтгэлгүй хандаж буулгах юм бол ард түмэн хатуухан тэмцэнэ. Энэ мэдээг сонсоод зүрх огшоод ирсэн. Үнэхээр засч шинэчлэх гэж байгаа бол өөр хэрэг. Ер нь нэгэнт босгосон хөшөөг ахин дахин хөндөж байгаад сэтгэл эмзэглэж байна.
 
 
Нэгэнт суурилуулаад босгосон хөшөө тэр чигээрээ л байх ёстой. Тэгтэл засна энэ тэр гээд байгаа нь ямар учиртайг сайн ойлгохгүй л байна” гэсэн юм. Баригдаад удаагүй байгаа хөшөөг ийнхүү гэнэт засварлана хэмээн буулгаж буй нь олныг ийнхүү гайхшруулахад хүргэв.
 
 
Ю.Цэдэнбал агсны хувьд улс орондоо хөнгөн, хүнсний үйлдвэрүүд, дунд, их, дээд сургуулийг байгуулсан, 1950-иад онд монголчуудыг бичиг үсэгтэн болгосон эрхэм хүний нэг билээ.
 
 
Б.Дэлгэр
 
Эх сурвалж: