sonin.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ирээдүйн төлөө өнөөдөр өчигдрийг дүгнэх ёстой” гэжээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт нэгэн арга хэмжээн дээр “Авлигачид “Өнгөрснийг битгий ярь. Ирээдүйг ярь” гэж уриалдаг болжээ. Авлигал ирээдүйг хулгайлдаг. Авлигыг дүгнэхгүй бол ирээдүй гэж байхгүй. Тиймээс би ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ төлөө, шинэ мянганы залуучуудын төлөө, тэдэнд одоогоор хөнгөн ачаа үлдээхийн төлөө л тэмцэж байгаа шүү” гэсэн байна.


Түүний ингэж хэлсэн нь сүүлийн үед тойрч бужигнаад байгаа томоохон гэж болох, бас ноцтой гэж хэлэхээр асуудалтай холбоотой бололтой.


Сарын өмнө дөө, удахгүй болох 2024 оны сонгууль хүлээгээд, улс төр ажин түжин байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын сүүлийн өдөр бужигнуулчихсан. Тэрээр телевизийн томоохон хэмжээний ярилцлага өгч, тэгэхдээ С.Зоригийг хөнөөсөн хэргийн өмнөх, дараах болоод тухайн үеийнх нь нөхцөл байдалтай холбоотой олон ноцтой зүйлийг ярьсан юм.

Тодруулбал, “С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой байж болох”, “С.Зориг Ерөнхий сайд болох гэж байсан нь нэр бүхий улстөрчийн эрх ашгийг зөрчсөн талаар”, “С.Зоригийг хөнөөснөөс хойш Монголд системийн авлига бодитоор бий болсон тухай”, “С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд долоон жилийн өмнө хоёр хүнд энэ хэргийг үүрүүлж шүүхээр шийдвэрлэсэн” зэрэг зүйлүүдийг сөхчихсөн. 

Угтаа Л.Оюун-Эрдэнэ ингэж Монголын улс төр, нийгмийн 30 жилийн “уламжлалт” ойлголтыг тэс өөр өнцгөөс тайлбарласан. Олон нийт ч цочирдож хүлээж авсан.


Ярилцлагынх нь дараа үйл явдлууд тасрахгүй үргэлжилсээр байна. Улмаар энэ бүхнээс хоёр асуулт гарч ирэв.

Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хүн” рүү дайраад байна уу, эсвэл хүний эрхийн төлөө яваад байна уу. Ийм асуултууд хариулт нэхээд эхлэв.

Мэдээж хэрэг, ярилцлага нь цацагдсаны дараа хамгийн түрүүнд энэ онц ноцтой хэрэгт нэр цохогдсон Монголын төрийн хамгийн том албан тушаалыг олон жил хашсан эрхэм үсрээд гарч ирсэн. Тэгж яриулсан хүн дуугүй суухгүй нь тодорхой л доо. Ярилцлагын маргаашаас л гарч ирээд Л.Оюун-Эрдэнэтэй олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үзэлцэж байгаа харагдана.

Гэхдээ дараалсан үйл явдлуудыг харвал Л.Оюун-Эрдэнэ ”хүн”-ийг биш, хүний эрхийг онилоод байгаа нь анзаарагдаж байна.


Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулах тухай” захирамж гаргав. Энэ захирамжаа 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлын хэсэгт тодорхой үүрэг даалгаврыг өгөх үеэрээ “Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Тэрээр хүнийг эрүүдэн шүүвэл “Шударга ёс”, тэр нь илэрвэл “Хэлмэгдлээ” гээд байж болохгүй. Хүний эрхийн байгууллагууд ч энэ хоёр хүнд тэгш хандах ёстой. Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна. Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Түүний хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй” гэж хэлсэн байгаа юм.

Түүнчлэн энд яригдаад байгаа Т.Чимгээгийн асуудал дээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод удаагүй байхдаа 2021 оны Мартын 8-наар шоронд эргэж очоод, тэр өдөртөө Засгийн газрын хуралдаанаар түүнтэй холбоотой материалыг нууцаас гаргаж байв.


Түүнээс 10-аад хоногийн дараа ХЭҮК-ын гишүүдийг хүлээн авч уулзаад “Хүний эрхийг хамгаалах, ялангуяа хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүй. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж 30 жил бэлгэ тэмдэг байдлаар ярьж ирсэн. Одоо үндсэн агуулгаар нь ойлгож, ажиллах цаг болсон. Шүүхийн байгууллагад хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Гэхдээ иргэд хэргээ шударга шүүхээр шийдүүлэх эрхтэй. Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой байхад ХЭҮК чимээгүй байх нь эс үйлдэл. Хэн ч дуугарахгүй бол хууль бус байдлыг засч чадахгүй. Засгийн газар хүний эрхийг дээдлэх чиглэлээр та бүхэнтэй нягт хамтран ажиллана” гэв.

Үүнээс гадна 2006 онд Малайзад амиа алдсан А-гийн асуудлаар 2022 онд хоёр ч удаа захидал илгээж, эцэст нь тус улсын шүүх хэрэг явдлыг нааштай шийдсэн байдаг. Энэ талаар тухайн үед хохирогч А-гийн аав С.Шаарийбуу гуай хэвлэлд ярьж байжээ. Тэрээр “Өнөөдрийн шийдвэр гарахад Карпал Сингхийн гэр бүл буюу аав, хүү, охины нөлөө их байлаа. Тэд шударга үнэний төлөө хүчтэй тэмцэж чадлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар тодорхой нөлөө үзүүлсэн байх үндэслэл бий. Өөрөөр хэлбэл, манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүх хурлаас өмнө Малайзын Засгийн газарт хандаж хэд хэдэн удаа захидал бичиж өгсөн. Товчхондоо шударга үнэн яллаа” гэж ярьсан нь бий.


Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад хүний эрхийн маш ноцтой зөрчлийг гаргаад тавьчихсан байгаа юм. Тэгэхээр асуудлын гол нь “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөгөөгүй юм бол 2016-2017 онд гурван шатны шүүх яагаад тэдэнд ял оноосон бэ”, мөн “2014 оноос барьж хориод эрүүдэн шүүсээр энэ хэргийг үүрүүлсний шалтгаан юу байсан бэ” гэдэг хүний эрхийн маш ноцтой асуудал болж байна. Хэрэв үнэхээр нэг хэргийг хаахын тулд гэмгүй хүмүүсийн амьдралаар тоглосон бол энэ олон улсын хүний эрхийн аймшигт зөрчил болно. Монгол Улсын хувьд ч Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшх хамгийн аймшигт хэлмэгдүүлэлт болно.


Т.БАТСАЙХАН


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин