sonin.mn


АН-ын гишүүн Л.Ганхөлөгтэй ярилцлаа.


Та болон АН-ын хэсэг гишүүд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шаардлага хүргүүллээ. Энэ шаардлагынхаа талаараа ярихгүй юу?


Ардчилсан намын гишүүдийн “Эрх чөлөө төв”-өөс АН-ын Үндсэн Дүрмийн Хороо болон АН-ын дарга нарт Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шаардлага хүргүүлж байгаа. Сүүлийн хорин зургаан жилийн туршид, жил бүр, ялангуяа сонгуулийн жилд ашиглагддаг харамсалтай хэрэг бол С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг. Энэ жилийн 4-р сарын 20 буюу С.Зориг агсны төрсөн өдрөөр түүнийг дурсан санах үйл ажиллагааны үеэр АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга илт зохион байгуулалттайгаар АН-ын үнэт зүйл, үйл хэрэг рүү халдсан. АН-ын гишүүдийг талцуулж, хуваах гэсэн, хуулийн болон шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй, худал ташаа мэдээллүүдийг санаатайгаар тараасан. Энэ нь ганц удаагийн тохиолдол ч биш. АН бол Монголчуудын өөрсдийнх нь нэгдлээс бүтсэн, дотоодоосоо үүсч бий болсон нам.


1990 оныг хүртэл эцэслэн баталгаажуулаагүй байсан Монголчуудын тусгаар тогтнолыг АН эцэслэн баталгаажуулсан. АН байгуулагдахаас өмнө тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж байсан бол энэ нам байгуулагдсанаар тусгаар тогтнолоо бэхжүүлэн, хөгжүүлэх үйл хэрэг явагдсан.


Энэ нь Монгол хүн бүрт эргэлзээгүй мэт боловч түүхийн хоржоонтой зүйл нь Х.Баттулгын оройлон манлайлж яваа үйл ажиллагаагаар АН маань тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа хийдэг нам болж яваа мэт харамсалтай зүйл болж байна. Тийм учраас АН-ыг өөрийн эрх ашигтаа, эрх мэдэлд хүрэх шат болгохыг зогсоох эхний алхам бол АН-ын итгэл үнэмшил, үзэл баримтлалын эсрэг үйл ажиллагаа явуулж буй гишүүдийг намын дүрмийн дагуу хасах юм. Хариуцлага гэж ярихаар их төвөгтэй. Энэ хүмүүс бол АН-ын гишүүд биш. Тухайн хүмүүсийн хувьд Монгол Улс аль нэгэн их гүрний хажууд байж хөгжих ёстой гэж үзэж байгаа бол тийм үзэлтэй нам, нэгдлээ байгуулаад явах ёстой. АН-д ийм боломж байхгүй. Тийм ч учраас АН-ын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад энэхүү шаардлагаа хүргүүлж байгаа юм. 


Х.Баттулга УИХ-ын гишүүнээр гурван удаа, сайдаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан. Х.Баттулгын төрд ажиллаж байх үеийн ажлын үр дүн, гүйцэтгэсэн үүргийг хэрхэн дүгнэдэг вэ?


Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон, дөрвөн жил ажилласан. Монголын орчин цагийн хар бараан түүх 2017 оноос эхэлсэн гэж дүгнэж байна. Энэ хүн хуулийн засаглалыг устгаж эхэлсэн. Дээд шүүхийн шүүгчдийг болон АТГ-ын дарга, Ерөнхий прокурорыг ардчилсан зарчмын дагуу, хуулийн процессоор томилдог биш, ҮАБЗ-өөс томилдог болгохоор хуулийн төсөл оруулж ирж байсан нь өөрөө дарангуйллын санаархлыг агуулсан хэрэг. Хэн шүүгч байх, тэр шүүгч ямар хэрэг шүүх вэ гэдгийг, яаж шүүх вэ гэдэг гурван байгууллагыг зүгээр л гурван хүний ҮАБЗ гэдэг бүтэц дээр авч ирж байгаад, парламент буюу гүйцэтгэх засаглалын оролцоогүйгээр шийддэг хуулийн төсөл оруулж ирж байгаад батлуулж байсан. Энэ хүнийг сайд, гишүүн байх үед бидний хөгжлийн гарааны эхлэл байсан уул уурхайн баялгаас олох орлогоо алдсан. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байх шиг байна. Яагаад алдсан бэ? гэдэг дээр л маргаж байх шиг байна. Миний харж байгаагаар цэвэр Х.Баттулгын буруутай үйл ажиллагаанаас болсон. Төмөр замын асуудал дээр ямар байр суурьтай байсан бэ. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь нөгөө уут цоолдог нэвтрүүлэг. Энэ худлаа байсан юм байна, буруу байсан юм байна. Үүний хор хохирлыг өнөөдөр ч амсаж дуусаагүй байна. Цаашдаа яаж явахаа ч мэдэхгүй болчихлоо.


Алдагдсан боломж нөхөгддөггүй. Энгийн жишээгээр хэлэхэд хэрэв тэр үед төмөр замаа хийчихсэн бол өнөөдөр ДНБ бидний хүсээд байгаа 20 мянган ам.доллар дөхчихсөн явж байх ёстой.


Гэтэл өнөөдөр 5 мянган ам.доллар л байна. Гэхдээ тэр нь иргэдэд наалдаж байгаа юу? Үгүй юу гэдэг нь тусдаа асуудал. Ийм их хэмжээний боломж, бололцоог алдана гэдэг нь ямартай ч АН-ын хийх зүйл биш. АН-ын төдийгүй, Монголын төлөө гэх сэтгэлтэй хэний ч хийх асуудал биш. Энэ бол гадны л сонирхол. 


АН-д олон бүлэг, фракц байдаг нь нууц биш. “Женко” Х.Баттулга гэдэг хүний нөлөө ч өнөөдөр АН дотор хувь хүн төдийхнөөр хязгаарлагдахгүй. АН дотор байгаа хамгийн том фракцын нэг болох МоАХ-ы даргаар ажиллаж байгаа. Та ч бас МоАХ-ы даргын сонгуульд өрсөлдөж байсан. Хэрэв Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хаслаа гэхэд дараа нь МоАХ-г яах ёстой юм бэ?


МоАХ бол улстөрийн намын үйл ажиллагаа буюу төрийн эрх авах сонгуульд оролцдоггүй. МоАХ бол Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх чөлөө. Хоёр хүн өөр үзэл бодолтой, эсрэг тэсрэг байж болно. Гэхдээ нэг хайрцагт орж болохгүй. Яагаад гэвэл зорилго нь өөр. МоАХ тэнд үнэхээр байгаа бол зорилго, чиглэлээ олонхиороо юм уу, өөрсдийн баталсан бүтцээрээ түүнийгээ өөрчлөөд, эвлэлдэн нэгдээд явж болно. АН МоАХ хоёр бол тэс өөр, тусдаа 2 байгууллага. Уг нь хоёулаа ардчиллын төлөө. Бүтцээр нь ярих юм бол


Х.Баттулга МоАХ-ы даргаар дүрмийн дагуу томилогдож ажиллаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулинд Монгол улсын Ерөнхийлөгч нь өөр бусад төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаал хавсран хийж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгч болоод МоАХ-ы даргын ажлаа өгөөгүй.


Ардчиллын нэг зарчим нь дур сонирхлоор бус хуулийн дагуу ажилла, хуулийг хэрэгжүүл гэдэг зарчим бий. Гэтэл бид хууль хэрэгжүүлдэггүй Ерөнхийлөгчтэй байсаар байгаад, бууж ирээд МоАХ-ыг аваад явж байна. Гэх мэтчилэн жишээ зөндөө байна. Монгол Улсын иргэн бүрт эвлэлдэн нэгдэх эрх байгаа. Харин фашист, нацист гэх хоёрхон үзэл санаагаар эвлэлдэн нэгдэх нь хуулиар хориотой. Ардчилсан Нам бол үндэсний тусгаар тогтнолын төлөө, үүнийг бэхжүүлэн хөгжүүлэх нам. Гэтэл төмөр замаас эхлээд үүнийг бэхжүүлэлгүй хэврэгшүүлж, эдийн засгийн хувьд хохироож байна. Үүний цаана Монгол хүн л хохирч байгаа шүү дээ. Ингээд нотлогдоод байгаа учраас нэг саванд байж болохгүй гэж хэлж байгаа юм.


С.Зориг агсны гэргий Б.Булган телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ Ц.Элбэгдорж, Да.Ганболд тэргүүтэй хүмүүсийг Монголын шившиг. Харин Х.Баттулга бол ардчиллын анхдагчдын үйл хэргийг үргэжлүүлж яваа хүн гэх утгатай зүйл ярьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?


Тэр нэвтрүүлгийг үзсэн. Тухайн хэрэг явдал гарах цаг үед би улстөрөөс хол байсан. Гэхдээ ийм хэрэг боллоо гэдгийг маш сайн, тод санаж байна. Тэр ярилцлага маш харамсалтай, жигшмээр зүйл болсон байна лээ. Хэн нэгэнд тэр эмэгтэй хэрэг болсон байна. Хэргээ гаргаж байгаа хүн нь нэвтрүүлгийн утгатай ямар ч авцалдаагүйгээр өөрийгөө магтуулах, тайлан тавьсан гэдгээ хэд хэдэн удаа тодруулсан байна лээ. Л.Оюун-Эрдэнэ ч гэдэг юм уу, Х.Баттулга ч гэдэг юм уу, энэ хүмүүс цэвэр үг заасан юм уу? гэж харагдана лээ. Ямар нэгэн логиктой зүйл ажиглагдаагүй. Өөр хэлэх юм алга. Логикгүйгээр хүнийг гүтгэх нь үндсэн асуудлаар шалтаг хийж, өөр зорилго, чиглэлээр нийгмийг талцуулан хуваах, тархи угаах гэсэн нэвтрүүлэг болжээ гэж хувь дүгнэлт хийсэн.


“Эрх чөлөө төв”-өөс энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох бодлогоо тодорхойлсон уу? Сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх хүмүүсээ тодорхой болгосон уу? Саяхан Либертари нам АН-тай хамтран сонгуульд оролцоно, гурван хүн АН-ын нэр дээрээс сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан?


“Эрх чөлөө төв”-өөс УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүмүүсээ тодорхойлсон. Горьлоод, хүсэл сонирхлоо зохих байгууллагууддаа илэрхийлээд явж байгаа. Миний бие тэнд байхгүй. Либертари нам дээр маш гоё жишээ гарч байна. Хэдийгээр Дээд шүүхэд бүртгэгдээгүй байгаа ч хуулиаараа Либертари намын дарга Д.Амартүвшин. Энэ тохиолдол дээр эвлэлдэн нэгдэх зорилго чиглэл нь нэг зүг рүү байхгүй юу. Баруун тал руугаа. Эдийн засгийг либералчлах, чөлөөтэй болгож, хувийн хэвшлүүдээ дэмжье, төрийн оролцоог багасгая гэх мэт. Энэ бол АН-ын үзэл баримтлал. Либерти намын үзэл баримтлал ч мөн. Зорилго нэг байна. Ингэж эвлэлдэн нэгдэх бол эрүүл үзэгдэл. Гэтэл төрийг томосгоё, дарангуйлал тогтооё гэдэг нь нөгөө талын асуудал. Эд нар нэг саванд байж болохгүй. Тийм учраас Либерти нам, АН-ын нэгдэл бол нэг чигийн урсгал.


Х.Баттулга АН хоёр бол нэг саванд яагаад ч багтахгүй.



Сонгуулийн тал дээр хувь хүний зүгээс болгоомжилж байгаа зүйл нь улстөрийг сүрэглэж хийж байна. Сүрэг дотроо ч нэгдсэн зорилго алга. Тэнд зөвхөн эрх мэдэл л байна. Зөвхөн сонгуульд ялах, ялаад яах гэж байгаа нь тодорхойгүй. Энэ тодорхойгүй сүргийг ахлаж байгаа хэдэн хүн нь л ашигладаг. Ялсан хойноо тэс өөр юм хийдэг гэдгийг 2017 онд харлаа. АН-аас Ерөнхийлөгч сонгогдлоо. Одоо гоё болох нь гэтэл хэдэн арван жилээр ухрах жишээтэй. Хэрэв баруун тийшээ харсан хүмүүс дээр зүүн тийшээ харсан хүмүүс байгаад байх юм бол, зүүн тийшээ харсан дотроо зохион байгуулалт нь сүргийн бүтэцтэй байх юм бол, энэ сонгуулиар миний айж байгаа зүйл бол Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялах нь түүхийн хар хуудсыг бүтээхээр явж байна буюу Оросын хараа нөлөө, хараа нөлөө гэдэг үг зөөлдөж байж ч магадгүй. Оросын дагуул улс болох замыг хурдасгаж өгөх бодитой аюул нүүрлэчихлээ. Эдгээр үзэл баримтлал, үйл хөдлөл, баримт нотолгоотойгоороо, үр дүнгээрээ нотлогдчихсон хүмүүсээсээ салж сонгуульд орохгүй бол Ардчилсан Нам энэ сонгуульд ялж болохгүй. Тусгаар тогтнолыг бэхжүүлдэг нам нь тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй хамтдаа сонгуульд орж болохгүй. Намаасаа урвалаа, намаа ялагдуулаа гээд хүмүүс төөрөгдөлд ороод байдаг. Гэтэл нам бол итгэл үнэмшил, зорилгоо хэрэгжүүлэх багаж хэрэгсэл болохоос биш энэ багажийг барьснаараа чи юу ч хамаагүй хий гэдэг үүрэг чиглэл ерөөсөө биш. Тийм учраас эдгээр хүмүүсийг намаа гаргахгүй юм бол АН миний болон бусад гишүүдийн боддог баруун төвийн нам биш. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө явдаг нам биш. Өөр нам юм байна гэж үзэхээс өөр аргагүй. Бид итгэл үнэмшлээ дагаж эвлэлдэн нэгдэхээс өөр аргагүй. Надтай адил итгэл үнэмшилтэй олон зуун гишүүд байгаа гэж хэлмээр байна.


Танд баярлалаа.


Ярилцсан М.Чойжал