sonin.mn

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, ардчиллын “алтан хараацай”-нуудын нэг С.Зориг агсны хөшөөнд өчигдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 21 жилийн өмнөх энэ өдөр С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн байдаг.

 

Энэ талаар түүний төрсөн ах С.Баяр хэлэхдээ, өнгөрсөн он жилүүдэд дээрх хэргийг илрүүлэх талаар төр, засаг, холбогдох байгууллагад удаа дараа хүсэлт гаргасан ч хэрэг бүрэн илэрч шийдэгдээгүй байгааг онцолж байсан юм. Учир нь, 18 жилийн дараа уг хэргийг илрүүлснийг зарлаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутгаж, ял оноосон боловч захиалагч нь д одоо хэр ил болоогүй байгаа билээ.

 

Энэ тухайд УИХ-аас байгуулсан Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж болон миний бие оролцсон Түр хороог 2018 онд байгуулж чадсан” гээд энэ хэрэг илэрнэ гэдэгт итгэлтэй явдгаа хэлсэн юм. С.Зориг агсны хөшөөнд ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийн хүрээнд байгуулсан, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судлах үүрэг бүхий Түр хорооны гишүүд, талийгаачийн ар гэрийнхэн, хамтран зүтгэгчдийн нь төлөөлөл цэцэг өргөсөн юм.

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин