Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг, Орхон голд хоёр хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлага энэ сарын 22-нд 17:26 цагт Цагдаагийн байгууллагад иржээ. Ийн Орхон гол дагуу голын усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатараар ахлуулсан таван алба хаагч ослын газар очжээ.
Тэднийг очиход Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат 24 настай Г, Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй живж байсныг уснаас гарган Цагдаагийн хэсгийн байцаагчид эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Аялал, амралтын улирал эхэлж гол мөрний дагуу олноор амрах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орох, тухай гол мөрний гүн, урсцын хурдыг тооцоогүйгээс гол мөрний усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон тухайн голын нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"