Монголд 1921 онд "ардын" гэх коммунист засаг, төр тогтмогц, Монголд улстөрийн коммунист хэлмэгдүүлэлт явагдаж эхэлсэн байдаг. 1921.03.01-03-нд Оросын Кяхтад коминтернийхэн болон большевикуудтай хамтарсан МАН-ын анхдугаар их хурал болж, Д.Сүхбаатарын даргалсан гурав дахь өдрийн хурлаар нь "МАН-аас Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичгийг" (намын программыг) батлаж, МАН-ын Төв Хороог сонгож, Коминтерний Гүйцэтгэх Хороонд баярын цахилгаан илгээж, МАН-ын Төв Хороонд Коминтерний байнгын төлөөлөгчийг суулгахаар тогтож, улмаар, тус нам нь 1921.03.11-нд өргөдөл гарган Коминтернд элсэж, тийнхүү,Коминтерний гишүүн нам, Коминтерний заавраар байх коммунист нам болж эхлэв. Ингэж Монголд Зөвлөлт Оросоос коммунист хувьсгал төдийгүй, коммунист хэлмэгдүүлэлт, коммунист террор экспортлогдон орж ирэх үүд хаалга нээгдсэн байна.
1921.07.10-нд МАН Зөвлөлт Оросын хүчирхэг Улаан цэргийн сүр хүчин дор Олноо өргөгдсөн Монгол Улсын Шажин, төрийг хослон баригч Богд хаант засгийг түлхэн унагаж, түүнээс төрийн эрхийг нь булаан авч, түүний таван яамны тамгыг хурааж, засгийн бүх эрхийг Ардын Засгийн Газарт шилжүүлж, дараагийн долоо хоногоос нь, Нийслэл хүрээг чөлөөлөлцсөн Богдын Засгийн Газрын Сангийн Яамны сайд Лувсанцэвээн зэрэг хүмүүсийг Унгерний хүмүүс, Японы талын этгээдүүд гэж баривчилж эхэлсэн байдаг. Гэтэл, тэргүүн тайж Г.Лувсанцэвээн буюу Цэвээн тэргүүн бол Монголын тусгаар тогтнолыг, автономыг устгасан хятад цэргийн эсрэг Монголчуудын бослогыг удирдалцаж, Барон Унгерний монгол цэргийн жанжин байж, хятад цэрэгтэй амь хайргүй дайтаж, 1921 оны 2-р сард Монголын тусгаар тогтнолыг сэргээлцэж, Богдоос гүн цол хүртэж, Сангийн яамны нь сайд болж байсан Монголын халуун эх оронч хүн байлаа.
 
Монголд ийнхүү 1921 оноос эхэлсэн улстөрийн коммунист хэлмэгдүүлэлт цаашид жил бүр явагдсаар, 1930-1940-өөд онд оргилдоо хүрэв. Х.Чойбалсан Сталины ивээлээр Монголын ДЯЯ-ны сайд болмогцоо тус яамыг Оросын большевикч чекистүүдээр дүүргэж, улмаар, Чойбалсангийн тэрхүү ДЯЯ нь манай орны насанд хүрсэн эрэгтэйн 20 хувийг "хувьсгалын эсэргүү" гэсэн хилс хэргээр баривчилж, 15 хувийг нь буудан алж, монголчууд 1937-39 онд тийнхүү маршал Чойбалсанд хядагдан хиарсан байдаг. Нэг орны насанд хүрсэн эрэгтэйн 20 хувийг баривчлан яллаж, 15 хувийг буудан устгасан тийм харгис явдал тэр үед дэлхий дээр Монголоос өөр ямар ч оронд болоогүй билээ. ЗХУ 1937-1938 онд насанд хүрсэн  эрэгтэйнхээ 0.5 хувийг л баривчилсан байдаг.
1937-1939 онд коммунист БНМАУ, түүний маршал Х.Чойбалсан тийнхүү иргэдээ алж хядаад ч зогсоогүй юм. Хэлмэгдсэн 40 мянгаад айл өрхийн бүх хөрөнгийг, заримынх нь гэр орныг хүртэл хураан авч, хүмүүсийг нь гудамжинд гарган хаяж, гуйлгачид болгож байлаа. Тэрхүү хэлмэгдсэн хүмүүс, айл өрхүүд нь ихэнхдээ Монголын хамгийн чинээлэг, хамгийн хөрөнгөлөг хүмүүс, айл өрхүүд байсан билээ. Иймээс, тэднээс улсд маш их хөрөнгө төвлөрсөн юм. 1939 онд нийт төсвийнхөө 60 хувийг Халх голын дайнд зарж, хамаг мөнгөө гөвчихсөн БНМАУ харин ч 1939 онд хэлмэгдэгчдийн хөрөнгөөр бүр мөнгөжиж, бүр бэлжиж, урьд мөнгөгүйгээс барьж чаддаггүй байсан нэгдүгээр арван жилийн сургуулийн барилгаас эхлүүлэн анхны 3-4 давхар барилгуудаа чухамхүү 1939 оноос тийнхүү хэлмэгдэгчдийн хөрөнгөөр барьж эхэлсэн байдаг.
 
Бас, Чойбалсан 1938-39 онуудад 700 гаруй сүм хийдийг нураалгаж, хөрөнгийг нь хурааж, лам нарыг нь буудуулж, бурхныг нь устгаж, номыг нь шатаалгалаа. Зөвхөн сүм хийдүүдээс Чойбалсангийн хураалгасан гагцхүү алт нь 31 тонн болж байв. Гэтэл Монголын хамгийн том алтны уурхайн нэг болох Бороогийн алтны уурхайн алт нь 30-40 тонн л болсон гэдэг. Иймээс, нэгдүгээрт, Чойбалсангийн 1937-1939 оны их яргаллын 80 жил тохиож байгаатай холбогдуулан, есдүгээр сарын 10-ны "Хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийн үр нөлөөг нэмэгдүүлж, энэ өдрийг, Халимагийн арванхоёрдугаар сарын 28 шиг, Монголын бүх нийтийн их Гашуудлын өдөр болгуулан өөрчлүүлэх, энэ өдөр хэлмэгдэгчидтээ цэцэг, зул өргөхийн хамт, орон даяар гашуудан, төрийн далбаа бүрийг бөхийлгөж, ямар нэг баяр, цэнгүүн явуулдаггүй болгуулах, хоёрдугаарт, ОХУ-д Ленинград, Сталинград, Киров, Фрунзе, Свердловск гэх мэтээр коммунист хувьсгалчдын нэрээр нэрлэгдсэн хотуудын нэрийг бүрэн өөрчилсний нэг адил, Монголд их яргал, геноцид явуулсан гэмт этгээдийн нэрээр нэрлэгдэж байгаа Дорнод аймгийн тевийн нэрийг өөрчлүүлж, түүнийг Баянтүмэн гэдэг түүхэн нэрээр нь нэрлүүлэх арга хэмжээ авахыг Цагаатгалын улсын комисст дахин санал болгож байна. Геноцидийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэдэг билээ.
Монголд 1990 оны цагаан морин жил ардчилсан хувьсгал гарч, Монголын коммунист дэглэмийг нурааж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, нийтдээ 32 мянгаад хэлмэгдэгч цагаадав. 1998 онд Цагаатгалын хуулийг анх удаа гаргаж, уг хуулийн 13.1-д зааснаар "цаазын ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500 000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор" олгов. Тэгэхдээ, шашны жижиг сажиг зан үйл үйлдсэн зэрэг үзэл суртлын аар саар хэргээр 1-2 жилээр шийтгэгдсэн хөрөнгөө хураалгаагүй хүнд ч, 1930-40-өөд онд арай хийн амь өршөөгдөж 10-25 жилээр шийтгэгдэж, дээр нь бүх хөрөнгөө хураалгасан хэлмэгдэгчид ч,тэр ч байтугай, хилсээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн амиа алдаж бүх хөрөнгөө хураалган хохирсон хүнд ч адилхан нэг сая төгрөг олгосон явдал нь, түүнчлэн, хүний амь, түүний хураагдсан бүх хөрөнгийг нийлүүлээд ганцхан сая төгрөгөөр "үнэлсэн" энэ "нөхөх олговор" гэгч нь хэлмэгдэгчдийн хохирлынх нь нөхөх олговор болж огт чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, бүх хэлмэгдэгчдэд адил хэмжээний мөнгө олгосон тул, энэ нь "нөхөх олговор" биш, ял шийтгэгдсэн бүх хэлмэгдэгчид адил тэнцүүгээр олгосон нэг удаагийн тэтгэмж л байлаа. Харилцан адилгүй хохирлын нөхөх олговор хэзээ ч, хаана ч ингэж адил байдаггүй билээ. Гэвч, хэлмэгдэгчдэд анх удаа мөнгө олгосон нь чухал явдал байв. Ингээд, бүр 2010 оны байдлаар 32 мянгаад хэлмэгдэгч цагаатгагдсан байсан хэдий ч, мөн үеийг хүртэлх хугацаанд, ял эдлээгүй хэлмэгдэгчдийг оруулаад, дөнгөж 18 мянга гаруйхан хүнд 16 гаруй тэрбум төгрөгийг л олгосонсон. Харин, олон жил гомдоллосон цаазлагдаж хэлмэгдэгчдийн ар гэрийнхний хүсэлт, тэмцэл, шаардлагын дүнд энэ УИХ энэ 2018.01.12-нд дээрхи Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, "цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн" бүх хөрөнгөө хураалгаж хохирсон одоо амьд байгаа хүүхдүүдэд  дунд нь 80 сая төгрөгийн (2 өрөө байрын), "хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн" одоо амьд байгаа хүүхдүүдэд дунд нь 40 сая төгрөгийн (1 өрөө байрын) нөхөх олговрыг олгох хууль гаргав. Энэ хууль нь хэлмэгдэгчдийн хүсэлтийг бүрэн хангаагүй ч, 1-25 жилийн ялтай бүх хэлмэгдэгчдийг мөн л ийнхүү адилгаснаар мөн л хөнгөн ялтай хэлмэгдэгчийн ар гэрийнхэнд "завшаантай" хууль болсон хэдий ч, 20 жилийн өмнө гарсан 1998 оны Цагаатгалын хуулийг бодвол, энэ оны хууль нь "хэлмэгдлийн нөхөх олговрын хууль" болж үндсэндээ чадлаа гэж үзэж, хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн баяртай байгаа.
Шинэ нөхөн олговрыг 2019 оноос олгох аж. Тэгэхдээ, цаазлагдаж хамгийн хүндээр хэлмэгдсэн хэлмэгдэгчдийн, бүх хөрөнгөө юу ч үгүй хураалган хоосорч байсан хүүхдүүд бол, нэгдүгээрт, хамгийн хүндээр хэлмэгдэж хохирч нар, хоёрдугаарт, бүгдээрээ 1939 оноос өмнө төрсөн өндөр настангууд, гуравдугаарт, эдүгээ бүгд бие муутай, ихэнхи нь хэвтэрт байдаг хүмүүс тул, хамгийн түрүүнд тэдний нөхөх олговрыг олгох нь зүйтэй болов уу.
Энэ хуулийг гаргуулахад туйлын их хүч чармайлт гаргасан УИХ-ын дэд дарга, өнөөгийн Цагаатгалын улсын комиссын дарга, уг хуулийн гол санаачлагч Я.Санжмятавт, мөн, энэ хуулийг санаачлалцагч УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарт, түүнчлэн, УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт, ялангуяа, бидэнд их тусалсан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Тогтохсүрэнд цаазлагдсан, ял авсан улстөрийн хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн маш их талархаж байгааг энэ ялдамд уламжилъя.
 
 
"Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгчийн хүүхэд" ТББ-ын тэргүүн, хэлмэгдүүлэлт судлаач, өндөр настан Д.ДАШДАВАА