sonin.mn

“КАРАМАЗОВЫН ХӨВГҮҮД” - ШҮҮМЖ


Шинжлэх ухааны түүхэнд Аристотэл, Ньютон, Эйнштэйн гэсэн гурван аугаа хүн тус бүртээ шинэ ертөнц нээжээ. Ертөнцийн тухай хамгийн анхдагч, хойшид мянга мянган жил хүчинтэй байсан тайлбарыг Аристотэл гаргаж иржээ. Евклид геометрээ зохиож, Птолэмэй орчлон ертөнцийн загварыг сийлж, Архимэд, Пифагор нар өөрийн нэрээр нэршсэн хуулиудаа нээж байсан. Аристотэл бүгдийг нь нэгтгээд орчлон ертөнцийг тайлбарласан. Бүх ертөнцийн таталцлын хуулиар хорвоог илүү нарийвчлан шинээр бүтээсэн хүн бол Исаак Ньютон. Ньютоны шинээр бүтээсэн ертөнц дотор шинжлэх ухаан хязгааргүй мэт тэлж, Үйлдвэржилтийн их хувьсгалын дотоод шаталтын хөдөлгүүр нь болсон юм. XIX зууны төгсгөлөөр ихэнх физикчид шинжлэх ухаанд нээгдэх ёстой болгон нээгдэж цаашаа хөгжих бололцоогүй, өөрөөр хэлбэл хязгаартаа тулчихлаа гэж үзэж байжээ. ХХ зуун дөнгөж гаруут Эйнштэйн дахиад аугаа шинэ ертөнц нээсэн. Юутай ч бид өнөөдөр түүний нээсэн ертөнцөд амьдарч байна.


Харин хүн төрөлхтний утга зохиолоор илрэх оюуны амьдралд түүхэн эргэлт хийсэн аугаа гурван өндөрлөгийн эзнийг Хомэр, Шэкспир, Достоевский гэж боддог юм. Энэ гурав бол эргэлтийн цэг, цоо шинэ ертөнц бүтээгчид. ХХ зууны утга зохиолын уг ёзоор пундаамэнтыг нь Достоевский тавьжээ. Түүнгүйгээр Фройд, Кафка, Мишима, Жойс, Прүст, Гарсиа Маркэс гарч ирэх байсан гэж үү?


Шэкспирээс 400 жилийн дараа түүний бүтээсэн эх дүр Хамлэт, Лир ван, Отелла нарыг нэг л өдөр алах хэрэгтэй болсон юм. Ромеог Жулеттатай нь буудан хороох хэрэгтэй байлаа. “Маавр хийдгээ хийлээ, маавр одоо зайл” гэж хэлсэн Шиллэрийг өөрийг нь хөөж явуулах хэрэгтэй болсон юм. Хүн төрөлхтний утга зохиолд гурван мянган жил ноёлсон “баатар”-ыг цаазаар авах хэрэгтэй байсан юм. Явсаар эзэн хаанаа алах гэж оролдсон, төрсөн эцгээ хөнөөх гэж санаархаж явсан Федор Достоевский ийм зориг гаргажээ. Хаан түүнийг эцсийн мөчид өршөөсөн. Хариуд нь Достоевский ганц муу хаантай зүйрлэшгүй том “мөнхийн баатар”-ыг нухах ялын төлөвлөгөөг гаргажээ. Ялыг 30-40 жилийн дараа түүний австри, ирланд, франц гурван хөвүүн гүйцэтгэсэн байна. Тэрээр эцгээ алаагүй л дээ, гэхдээ Эцэг Аврагчид халдаж түүний ганхашгүй ариун нэр төрийн ард асуултын тэмдэг зоож орхисон юм.


Достоевский гурван аугаа бүтээл туурвисан нь Солиот, Гэм зэм, Карамазовын хөвүүд. Достоевскийд үргэлж дөрөв дэх байдаг. Мөрийчин бол түүний дөрөв дэх гайхамшиг. Карамазовын гурван хөвүүн дээр нэмэгдээд нуувар хүү Смердяков дөрөв дэх болж гараад ирнэ. Чухам нуувар хүү эцгээ хөнөөжээ. Том хүү Дмитрий энэ хэрэгт унаж баривчлагдана. Гэтэл дунд хүү Иван эцгээ алах захиалга өгсөн юм биш үү?


Орос хэлэнд цареубийца гэсэн үг бий. Энэ нь Хаанаа хөнөөгч гэсэн үг. Мөн отцеубийца гэсэн ижил утгатай үг бий. Үгчилбэл эцгээ хөнөөгч. Эцэг гэж хэн бэ? Оросуудын хувьд энэ нь Төр. Хаан бол төр. Ингэхээр хаан бол Эцэг. Өөрөөр хэлбэл Төр бол Эцэг. Христ бол Эцэг. Сахал үсэндээ баригдсан хар лам ч мөн Эцэг. Харин төрсөн эцэг бол зүгээр л эцэг. Бодон гахай ч эцэг. Азарга ч эцэг. Хүүгийн аав ч эцэг. Хүн эцэггүй байж болно, харин Эцэггүй байж болохгүй. Оросын үе үеийн сэхээтнүүд энэхүү орослог авир, номхон хүлцэнгүй чанарыг байнга шүүмжилж элэглэдэг авч орос хүн оросоороо л үлдсэн. Үнэн алдартны шашин өөрөө деспотизм юм. Ийм учраас зөвхөн Орост л Иван хааны догшрол, Годуновын самуурал, Павел хааны солиорол, Александр хааны заналхийлэл, Лениний хүчирхийлэл, Сталины хядлага өндрөөр үнэлэгддэг. Оросууд шиг үнэнч, эх оронч өөр ард түмэн үгүй биз. Эцэг тушаал буулгавал бүгдийг хийнэ. Ямар ч хаанд ийм үнэнч гүйцэтгэгчтэй ард түмэн байгаагүй. Царь, император, нарком, генсек, президент гээд Эцэг олон нэртэй. Үнэн алдар, славянизм, оросын империализм, коммунизм гээд Эцгийн үзэл суртал олон нэртэй. Эцэг бол эх орон. Оросууд эх орны төлөө амиа өгөхийг нэр төрийн хэрэг гэж үзнэ. Эх орны төлөөх нүглийг гавьяанд тооцно. Эх орны төлөө Эцгийн нэрийн өмнөөс галав юүлж чадна, зовлон тарихыг юман чинээ санахгүй. Прагматизм бол оросуудад харь төдийгүй харш үзэл.


Оросын утга зохиол нь оросын деспотизмын тусгал. Баатарлаг! Эх оронч! Индивидийг үл тоодог. Зөвхөн эх орончдын сүрэг байж дүр босно. Оросын утга зохиолын гурван том оргил Толстой, Чехов, Тургенев нар индивидийг хэт шохоорхдог учир оросууд өөрийн утга зохиолыг Пушкин, Лермонтовоор төлөөлүүлэх дуртай. Чухам ийм л учраас Достоевский Оросын утга зохиолтой хамаагүй нэгэн. Тэр орос хүн, орос хэлээр туурвиж байсан, зохиолын баатрууд нь оросууд, үйл явдал Орост өрнөнө. Харин Оросын утга зохиолын уламжлалаас шал сөөлжүү, оросуудын хэв шинжит төрхөөс тэс өмнөө, оросууд өөрсдөө хэзээ ч сонирхохгүй сэдвээр бичиж байлаа. Достоевскийн хувьд отцеубийца, цареубийца хоёр шал өмнөө ойлголтууд. Төр, Бурхан хоёр тусдаа юм бол төрд тэрслэх, Бурханд тэрслэх хоёр хоорондоо ямар ч авцалдаагүй. Иймээс Достоевскийг Өрнийн утга зохиолд хамгийн том нөлөө үзүүлсэн хүнээр тооцдог ажгуу.


Карамазовын хөвгүүд зохиол ч сүр сүндэр болсон гурван мундаг бүлэгтэй нь Тэрслэл, Аугаа эрүүдэгч, Чөтгөр. Дэмийрэл юм. Иван дүү Алёшагаасаа аймаар юм асууж байна. Хайр энэрэл гэж юу болох тухай асууж байна. Достоевскийн үед Орост народникууд гэгч террористууд ид гаарч байлаа. Бакунин онолоо ид сурталчилж байсан үе. Тэд хүн төрөлхтнийг хайрладаг. Харин хүнийг огт хайрладаггүй. Хүн төрөлхтөнд мөнхийн жаргал олж өгөхийн тулд хүнийг зовоон тарчлаах, алж хядахыг юман чинээ санахгүй. Их үйл хэргийн төлөө бага гарз юу ч биш гэж үзнэ. Хүн бол бага гарз. Бага гарзанд өнчирсөн хүүхэд, үрээ алдсан эх, өвчинд шаналсан настан бүгд багтана. Бурханд сүсэглэж, ариун журмыг сахидаг Алёша нь Достоевскийг үхсэнээс хойш народник болсон байх. Аягүй бол явсаар большевик болоо биз. Яагаад гэвэл тэр хүмүүст хайртай, хүнд бол хайргүй. Хүнийг ойроос хайрлаж болдоггүй тухай ах нь дүүдээ сургаж байна. Яагаад гэдгийг нь тодорхой харуулахын тулд жишээг хүүхэд дээр авах юм.


...Хэрэв хүүхдүүд газар дээр аймшигтай шаналж байгаа бол, мэдээж, эцэг нарынхаа оронд тэгж байгаа, адын алим идсэн эцэг нарынхаа өмнөөс шийтгүүлсэн нь тэр, гэтэл ийм эргэцүүлэл бол өөр ертөнцийнх, энэ газар дээр хүний сэтгэлд ойлгомжгүй эргэцүүлэл... Буруугүй бол бусдын оронд шаналж болохгүй, хүүхэд шиг гэмгүй бол бүр ч болохгүй!..


Достоевский “ариун зорилгыг” үгүйсгэж байна. Ариун зорилгын золиосонд хүүхдийн ганц дусал нулимс урсвал тэр ямар ч ариун зорилго биш гэжээ. Гэтэл хүмүүс ариун зорилгын төлөө аймшигт нүгэл үйлдэнэ.


...Бодоод үз дээ, заримдаа хүний “араатных шиг” хэрцгийллийн тухай ярих нь бий, гэтэл энэ чинь араатны хувьд нүгэлтэй шударга бус, гомдмоор явдал: араатан хэзээ ч хүн шиг хэрцгий байж чадахгүй, тийм чадамгай, тийм уран хэрцгий байж чадахгүй. Бар зүгээр л хэмлэнэ, тасдчина, чаддаг юм нь ердөө тэр. Бар хүнийг чихээр нь хадаж чаддаг ч байлаа гэсэн тэгж хадаж хонуулах санаа толгойд нь заяа нь орж ирэхгүй... Хэрэв шулам байдаггүй юм бол хүн түүнийг зохиосон болж таарах нь, тэгэхдээ өөрийнхөө дүрээр, өөртэйгээ адилтган зохиосон байна...


Хангалттай юу??? Бурхан хүнийг зохиожээ. Өөртэйгээ адилхан дизайнаар урласан байна. Хүн нүглийн алим идсэн. Дараа нь хүн шулмыг бодож олжээ. Гэхдээ өөрийнхөө дүрээр өөртэйгээ адилхан зохиосон байна. Ингэхээр ер нь Бурхан юу хийж орхив оо?


Энд чинь хүүхэд гэдэг амьтны өмгөөлөл хамгаалалгүй байдал, явах газар, очих хүнгүй тэдний сахиус шиг ариун итгэмтгий зан тамлагчдын хорхойг чухамхүү хүргэдэг, тэдний бузар цусыг дэвэргэдэг байгаа юм.


Шуламд хувирсан хүн ялангуяа хүүхдийг тамлах дуртай. Өмгөөлөл хамгаалалгүй, ядарсан буурай болгоныг тамлаж бахаа хангадаг эрлэг. Гэтэл Иван дэмийрч байхдаа эрлэгтэй уулздаг. Ямар өчүүхэн амьтан байсан гээ? Бурхан бол аугаа. Бурхан энэ ертөнцийн сайн сайхан ариун цагаан болгоныг эзэлсэн аугаа ертөнц, бэлэг тэмдэг. Бурхан бол ариун сайхны хаант гүрэн. Хүмүүс чөтгөрийг Бурхны эсрэгцэл гэж боддог. Муу муухай, бузар булайн эзэнт гүрэн гэж үздэг. Тас харанхуйн хаант гүрэн.


Тэгсэн чинь үхсэн баас! Чөтгөр гэдэг чинь яль шальгүй юм хөөцөлдсөн зүгээр л нэг өөдгүй амьтан аж. Түүнд ямар ч хүчирхэг шинж үгүй. Эрлэг, сатаны аугаа чадал үгүй. Зүгээр л нэг муу атгаг хорон санаатан. Бурхны аугаа хүчирхэгийн хажууд тэр муу юу юм бэ! Ердийн муу өчүүхэн шавьжийг хүмүүс яагаад хорон муугийн хүчирхэг ертөнц гэж төсөөлдөг юм бол? Хүмүүсийн л нэгэн адил хий сүр үзүүлсэн шалихгүй шаар. Иван Алёшад шулам бол хүн өөрийгөө дуурайж зохиож бүтээсэн дуураймал гэж ярьж байсан нь уулзахаар яг л батлагдлаа. Хүн чөтгөр хоёр араатантай харьцуулахад хавьгүй муу муухайн тулам боловч чадал тэнхээний хувьд, аугаагийн хувьд Бурхны дэргэд юу ч биш. Аль алин нь!


Федор Достоевский Иван Карамазовтой нийлж зохиол бичжээ: Аугаа эрүүчин. Зохиолын ноён оргил. Зөвхөн энэ бүлэг л утга зохиолын орчлонд цоо шинэ ертөнц нээсэн аж. Хүний түүхийн явж ирсэн зам мөр, баримталдаг ёс суртахуун, сайн муугийн тухай уламжлалт ойлголтод асар том асуултын тэмдэг тавьлаа. Достоевский үе үеийн ухаант хүмүүсийг хариултгүй асуултаараа эрүүдэж гарах нь тэр. Тэр тамлан зовоогч. Тэр өөрөө аугаа эрүүчин. Севилийн ерэн настай зөнөг кардинал чинь Федор Михайлович Достоевский өөрөө байхгүй юу! Бие махбодыг эрүүдэх юу юм бэ? Өвдлөө хавдлаа тарчиллаа, их бодож үхнэ л биз. Хүнийг тэндээсээ хэзээ ч гарч чадахгүй сэтгэлийн хөндүүрлэл бүхий гүн худаг руу унагах шиг аймаар эрүү бийсэн бил үү? Хэн ч гар сунгахгүй, хэн ч туслахгүй. Хариу олж байж л эрүүгээс мултарна, хариу нь амархан юм шиг мөртөө үнэндээ хариу байхгүй. Ухаантайн зовлон! Тэнэгүүд л эргүүлэгт унахгүй, эрүү шүүлтэд орохгүй. Тэдэнд асуух шаардлага байдаггүй, тэд угаасаа тэртээ тэргүй ямар ч асуултад бэлэн хариутай байдаг. Тэнэгийн дотор тэнүүхэн. Тэнэгүүдийн ганц хариу нь “яадгийм!”.


Достоевскийн уран бүтээл бол Оросын түүхэн замнал, Орос хүний мөн чанар, сэтгэлгээний дотоод зөрчлийг хамгийн тод илэрхийлсэн бүтээлүүд юм. Оросын философич Николай Бердяев «Достоевскийн ертөнцийг үзэх үзэл» номондоо: "Бид бүгд Достоевскийн 'Чөтгөрүүд'-ээс эсвэл 'Карамазовын хөвгүүд'-ээс гарсан" гэж бичжээ. Оросын нийгэм, оюун санааны сэхээтнүүдийн хувьд Достоевский бол зүгээр нэг зохиолч бус, Оросын хувь тавилан, шашин шүтлэг, славянофил болон барууны үзэл хоорондын зөрчлийг оношлогч байжээ. Түүний үндэс, ундрага, тэмүүлэл нь Орос орон, Орос хүний зовлон шаналал, хайгуул дээр оршиж байв. Достоевскийн хувьд отцоубийство болон цареубийство нь зөвхөн гэмт хэргийн сюжет биш, харин "Бурхныг орхисон нийгмийн ёс суртахуун" байв. Оросын түүх яг л түүний бичсэний дагуу хувьсгал, иргэний дайн, эцэг үрээ хөнөөсөн аймшигт зөрчлүүдийг туулсан нь тэрээр зөнч маягийн гүн ухаантан маягаар ойлгогддог.


1881 оны 3 дугаар сарын 1-нд "Народная воля" байгууллагын гишүүд II Александр хааныг алсан нь Достоевский энэ романаа бичиж дуусаад удаагүй байхдаа энэ аллага гарсан юм. Достоевскийгаас хойно II Николай хааныг охидууд, өвчтэй хүү, бүх гэр бүлээр нь төдийгүй эмч, асрагч, тогооч нартай нь уурхайд аваачин хөнөөсөн. Ингэхээр Достоевский олон шүүмжлэгчдийн үнэлдэгээр аугаа зөнч үү, эсвэл Оросын түүх, орос хүнийг сайн мэддэгийн хувьд отцаубыство бол Орос оронд гарцаагүй тохиолдож байдаг зүйл гэдгийг баталсан уу?


Достоевский «Карамазовын хөвгүүд» романы Иван Карамазовын амаар "Хэрэв бурхан үгүй бол бүх зүйл зөвшөөрөгдсөн" гэсэн санааг дэвшүүлсэн. Энэ нь хожим большевикууд болон хувьсгалчдын дунд түгээмэл болсон радикалист, ёс суртахууны хэм хэмжээг үгүйсгэх хандлагыг хамгийн тодорхой оношилсон хэрэг байв. Большевикууд хааныг алж, бурхныг үгүйсгэж, уламжлалт гэр бүл болон шашныг нураасан нь яг л Карамазовын гэр бүлд гардаг шиг ёс суртахууны хямрал, аймшигт хагарал руу нийгмийг хөтөлсөн гэж хожим философичид үзсэн байдаг.


Ингэхээр Достоевский бол аугаа зөнч. Тэр Бурхныг өмөөрөх байдлаар зад шүүмжилсэн. Төгс бишийнх нь төлөө түүнийг яллажээ. Бурхан аугаа, гэвч төгс биш. Тийм учраас төгс бишийн онгорхой завсраар эрлэг ирнэ. Эрлэг Бурхны төгс бишийг нөхнө. Тэднийг аугаа эрүүч гэнэ үү, аугаа социалист гэнэ үү, ямар ч байсан нийт хүн төрөлхтөнд аз жаргал олгохоор зүтгэж байгаагаараа Бурхантай ижил зорилготой. Гээд тэд Бурхан биш. Бурхны хүү биш. Тэр бол эрлэг. Тэр бол чөтгөр. Чөтгөр аугаа биш. Чөтгөр бол өчүүхэн шалихгүй өөдгүй новш. Чөтгөрт аугаа юм байхгүй. Чөтгөр муу муухайн эзэнт гүрэн биш, ердөө л муу муухайн шалихгүй гулгидас... Парадокс. Түй чоорт, юу ч ойлгохоо болилоо!


Жич: Бурхан ч аугаа юм уу, буг ч аугаа юм уу...? Юутай ч Достоевский бол маргашгүй аугаа!


Баабар